Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, April 1, 2021
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.04.01) 16.00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас пейж хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ.
ОБЕГ–ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэхдээ “Нийслэлд дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээний газрууд болох ресторан, баар, лоунж, саун, бялдаржуулах төв, амралт сувиллын газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон. Зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20.00 цаг хүртэл ажиллана. Энэ үед Нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэмийг чанд сахихыг үүрэг болгосон.
УОК-ын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг долоо хоног болгон бууруулж, дүрэм журамд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. Энэ өдрөөс хойш тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийг долоо хоног тусгаарлана. Өмнө нь ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлана.
Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг УОК-ын хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан нийслэлийн Засаг даргын гуравдугаар сарын 27-ны өдрийн А/211 дүгээр захирамжийн дагуу зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээ, тухайн аймгийн Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргана.
УОК-ын гуравдугаар сарын 26-ны өдрийн Х хуралдааны тэмдэглэлээр хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн хангах зорилгоор Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцох ажилчдын хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгож шууд байсан. Өнөөдрөөс эхлэн Дорноговь аймаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэж, УОК-ын Шуурхай штабаас олгохоор болж байна.
Өөрөөр хэлбэл, Дорноговь аймаг руу зөвшөөрсөн хүрээнд зорчих, тээвэрлэлт хийх иргэн, аж ахуй нэгж байгууллага заавал тус аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, дахин УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл гаргуулна гэсэн үг. Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн шалтгааны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөнийг бууруулах шаардлагатай боллоо.
Мөн Улаанбаатар хотод халдваргүй ногоон бүсээс ирж байгаа иргэдийг асуумжаар нэвтрүүлэх бол "улаан бүс"-ээс ирж буй орон нутгийн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч нэвтэрнэ. Учир нь зарим аймгуудад PCR шинжилгээний лаборатори байхгүй. Нийслэлийн ойр орчим Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн иргэний үнэмлэхний гэрийн хаягийг үндэслэж, нэвтрүүлнэ. Аж ахуй нэгж байгууллагын ажилчдыг тухайн байгууллагынхаа ажилчдын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэмлэхийг үндэслэж асуумжаар нэвтрүүлнэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ