Монголын цагдаа иргэндээ ялгавартай ханддагийн тод жишээг харуулж байна. Учир юу вэ гэвэл иргэн Г.Мөнхжаргалыг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б амь насаа алдсан байхад төрийнхөн чимээгүй, оршуулгынх нь зардлыг төлнө, эцэг, эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор олгох тухай ярьж буй нь шударга бус гэж үзэн, эсэргүүцэл илэрхийлэх үеэр цагдаа нар саатуулав.
Тэрбээр өнөөдөр 09.00 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбайд чээж нүцгэн зогсон, эсэргүүцэл илэрхийлсэн юм. Түүнийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хэлтэст аваачсан бөгөөд өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч эхэлжээ. Мөн ээж нь түүнтэй уулзах хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй аж.
Цэрэгт татагдсан залуус дээд тушаалынхандаа дэглүүлж, зодуулснаас тахир дутуу болох, эсвэл амиа алдах харамсалтай явдлууд өнгөрсөн хугацаанд хэд хэд гарсан. Тэр бүрт Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам шуурхай арга хэмжээ авч ажилласан бол олон залуугийн амь насыг эрсдэлд оруулахгүй байх боломж байсан юм.
Иргэн Г.Мөнхжаргалын хувьд энэ л асуудлыг хөндсөн. Мөн олон эцэг, эх армид нүүрлэсэн яргаллыг зогсоогоогүй цагт хүүхдээ цэргийн албанд явуулахгүй гэдэг асуудлыг тавьж буй нь төр бодлогын төвшинд анхаарал хандуулах асуудал болж хувирч буй.
Харамсалтай нь, зүй ёсны шаардлага тавьсан Г.Мөнхжаргалыг цагдаагийн байгууллага саатуулсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Шүүмжлэл нь ч зүй ёсных юм.
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат дүүгээ суллах шаардлага тавин Сүхбаатарын талбайд хэд хоног суулт зарлахад цагдаа нар “хамгаалж”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүртэл эргэж очиж байлаа.
Харин эх орноо хамгаалахаар яваад даргынхаа гарт амиа алдсан залууг иргэн Г.Мөнхжаргал өмөөрч, эсэргүүцэл илэрхийлснийхээ төлөө "байцаалт"-тай тулах нь хэр шударга вэ.
Монголын цагдаа аавын хүүхдүүдийг алаг үзэхгүй шүү.
Л.ОЮУ