Амжилт бүхний ард сайн хань байдаг

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Амжилт бүхний ард сайн хань байдаг

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан МУСТА, жүжигчин Л.Сөрөлтийг дугаарын зочноор урилаа.

-Танд Инээдмийн баярын өдрийн мэнд хүргэе. Хэрэв тайван цаг үе байсан бол та ид тайзан дээрээ байх үе шүү дээ?

-Баярлалаа. Танай сайтаар дамжуулан төмөр замчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Уншигчдадаа ч мөн адил Инээдмийн баярын мэнд хүргэе. Хаана инээмсэглэл байна тэнд аз жаргал байдаг шүү дээ. Тэгэхээр үзэгч түмэнтэйгээ инээж уулзах цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ утгаараа уран бүтээлийн бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Саяхан МУУГЗ, найруулагч Н.Наранбаатар /Пара/ ахтайгаа “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид уулзаж, эрхэм хүндтэй шагнал авсанд нь баяр хүргэлээ. Энэ үеэр дараа дараагийн уран бүтээлээ хэрхэн хийх талаар ч ярилцлаа. Пара ах маань бидний уран бүтээлүүдийг найруулдаг эрхэм хүн шүү дээ. Энэ жил “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ой тохиож байгаа учраас хийхээр төлөвлөсөн чамгүй ажил байна. Миний хувьд одоогоор нэгэн уран сайхны киноны санал хүлээж аваад байна. Би сүүлийн үед инээдмийн урлагаас түр завсарлаж, дэлгэцийн урлагт өөрийгөө сорьж, хэд хэдэн кинонд дүр бүтээснийг уншигчид маань мэдэж байгаа байх. Одоо харин драмын чиглэлд өөрийгөө сорьж үзэх бодолтой яваа.

-Та бид хоёрын ярилцлага Инээдмийн баярын өдөр уншигчдад хүрэх учраас хөгжилтэй сэдвийг сонгож ярилцвал илүү онцлог болох байх. Танд төмөр замын салбартай холбоотой хөгжилтэй үйл явдал хэр их тохиолдсон бэ?

-Ер нь УБТЗ-аар үйлчлүүлж үзээгүй хүн ховор доо. Тэр тусмаа эх орноо хөндлөн гулд аялдаг уран бүтээлчид бидний хувьд галт тэргээр бишгүй явна шүү дээ. Хөгжилтэй дурсамж гэвэл миний хувьд анхны аялал юм даа. 2004 онд гэхээр нэлээд хожуу галт тэргээр зорчсон байгаа биз. Тэр үед Дорноговьд байдаг нэг найз маань “Хоёул амралтаараа манай нутаг руу явъя” гээд. Найз маань зорчих тасалбартай. “Надад мөнгө алга. Би яаж явах юм бэ?” гэхэд манай найз “Зүгээрээ. Чи намайг гаргаж өгч байгаа дүр эсгээд орчих. Би чамайг аргална” гэв. “Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 257 дугаар галт тэрэг хөдлөх гэж байна. Үдэн гаргагчид буугаарай” гэхэд найз маань “Чи сууж бай. Хөдөлснийх нь дараа зохицуулна” л гэж байна. Ямар юмных нь аргалах вэ дээ. Чойр дөнгөж өнгөрөөд л баригдсан. Нэгэнтээ баригдсан юм чинь үнэн учраа л хэлсэн. Ийнхүү Сайншандад “туулайчилж” очсон хөгжилтэй түүхтэй (инээв).

 -“Туулайчилж” танилцсан салбараасаа насны ханиа олчихсон юм байна шүү дээ?

-УБТЗ-д би хайртай. Энэ л хос харгуй миний ханийн аавыг Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм алдарт хүртэл нь хөтөлсөн буянтай байгууллага. Хадам аав минь Улаанбаатар татах хэсэгт 36 жил ажиллаад, гавьяаны амралтдаа суусан Монгол Улсын гавьяат тээвэрчин Ш.Баяраа гэдэг хүн бий. Ханийн минь ээж богино хугацаанд тусгай вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа хадам аавтай танилцаж, ханилсан юм билээ. Миний гэргий тэдний бага охин нь. Гэхдээ би ханьтайгаа галт тэргэнд бол танилцаагүй (инээв). Амарч яваад, нэгэн сувиллын газар анх танилцсанаар амьдралын замаа холбосон. Бид хоёр аавынхаа ажлынх нь газраас өгсөн хуучин цагаан байранд хамтын амьдралаа эхэлж байлаа. Ингээд бодохоор төмөр замын салбарт би хайргүй байхын аргагүй шүү дээ.

-Ахмад төмөр замчин гэр бүлд анх хүргэн болоход ямар байв. Хадам аав “хатуу” байв уу?

-Тэр үед хадам аавынх маань төмөр замын 65 билүү 66 дугаар байранд байлаа. Тодорхой хэмжээнд олны танил болчихсон залуу хүн ямар байх нь тодорхой биз дээ(инээв). Хааяа найз нөхөдтэйгөө нийлж наргина, доргино. Гэртээ архи үнэртүүлж орох ч тохиолдол хаа нэг гарна. Үнэндээ хадам аав, ээж маань надад юм хэлээгүй л дээ, хөөрхий. Гэхдээ дуугарахгүй байна гэдэг чинь шинэхэн хүргэнд хамгийн зовлонтой юм билээ. Маргааш нь өрөөнөөсөө ч цухуйж чадахгүй. Ядаж байхад өрөөний маань зурагтын удирдлага ажиллахгүй, товчлуур руу нь үзүүртэй юмаар чичиж сувгаа солино. Ядаж, нэг сайхан загнуулчихвал амар шүү дээ (инээв). Амьдралаа дөнгөж эхэлж байгаа хүний хувьд ашиг орлого ч бага, эхнэрээ аваад тусдаа гарах чадамж муу. Тэр бүхнийг минь ойлгож, өнөөгийн амьдралтай золгуулсан буянтай буурлууд даа, миний аав, ээж хоёр. Одоо манайх гурван хүүхэдтэй. Эхнэр бид хоёр тус тусынхаа ажил албыг эрхлээд, бие биенээ тулж түшээд сайхан л амьдарч байна. Манай гэргий “Amway” гэдэг бизнес эрхэлдэг.

-Уран бүтээлч хүмүүсийн хувьд галт тэргээр явахад хөгжилтэй зүйлүүд их тохиодог байх. Магадгүй тэр нь уран бүтээлийн том сэдэв болсон ч байдаг талтай?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ шууд ярихаар зүйл санаанд орохгүй байна. Миний хувьд төмөр замчид гэх энэ халуун дулаан энергитэй, өрнүүн ажилтай хамт олны талаар нэг сайхан уран сайхны кино хийх хүсэлтэй явдаг. Энэ тухайгаа зохих түвшинд ярьж, эхний уулзалтуудыг ч хийсэн. Харамсалтай нь, цар тахлын дэглэмтэй холбоотойгоор тэр ажил маань түр хойшлоод байна. Манай тайз дэлгэцийн алтан үеийнхэн төмөр замчдын ажил, амьдралыг харуулсан “Газрын жигүүр” гэж сайхан кино хийсэн байдаг шүү дээ. Миний чадал хүрвэл орчин цагийн төмөр замчдын сайн сайхныг харуулсан кино хийх юмсан гэсэн бодолтой явдаг даа.

-Та багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан уу?

-Ёстой үгүй. Аав, ээжийнхээ хүмүүжлээр харин ч даруухан хүүхэд байсан. Миний бага нас Хөвсгөл далайн гүн цэнхэр усанд л шумбаж өнгөрсөн дөө. Аав минь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын ой хамгаалагчаар ажилладаг байлаа. Манайх 1990-ээд онд далайн түвшнээс дээш 1700 метрт оршдог Урандөш гэж сайхан хайрханы энгэрт өвөлжиж, би аавыгаа дагаад л байгаль дэлхийгээ хамгаалах ариун үйлст нь явж байлаа. Тэр үед аав минь өнөөгийн сүр дуулиантай тэмдэглээд байгаа “Мөсний баяр”-ыг хамгийн анх санаачлан далайн захад дархад, цаатнуудтай хамт хийж байсан сайхан дурсамж ч бий.

-Нутаг руугаа хэр их очдог вэ?

-Жилд 5-10 удаа нутагтаа очдог шүү. Өнгөрсөн жил л гэхэд хөл хориотой байсан ч шинжилгээгээ өгөөд Мөрөнд очиж тусгаарлалтын хоногоо дуусгачихаад цаашаа Ренчинлхүмбэ сум руу явсан. Тэнд эмээ минь байдаг. Жаргантын гол, Цагаан нуур сум гээд сайхан аялаад ирсэн. Түрүү зун нь гэр бүлээрээ Хорьдол сарьдагт аялахад манай гэргий “Ямар гоё юм бэ. Энэ сайхан байгалийг өвөл дахин хармаар байна” гэсэн шүү. Сайхан л даа манай нутаг.

-Оюутан цагийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал?

-Тэр үеийн дурсамж ч ёстой олон. Би оюутны байранд өнөөгийн “The Кhu” хамтлагийн Г. Нямжанцан ах, Батсайхан, Ядамсүрэн, Энхбат нарын найзуудтайгаа тавуул амьдардаг байлаа. Тавуул хамт хоолоо хийж иднэ. Нэг найзын маань аяга ганцаараа нэлээд том. Хийсэн хоолны дийлэнх нь орчихоод бидэнд нэмж идэх боломж олддоггүй. Тэгэхээр нь нэг өдөр Баагий, Ядмаа хоёртой аягаа угааж байхдаа “Энэ том аягыг ерөөсөө хагалчихъя” гээд санамсаргүй унагааж байгаа дүр үзүүлээд гал тогооны шалан дээр шидлээ. Хагардаггүй дээ. Дахиад л шидлээ. Сэнж нь сэтэрчихсэн мөртлөө бас л хагардаггүй. Тэгэхээр нь нууцаар өрөөндөө авч ороод алхаар нүдчихэж билээ. Тэгээд найзыгаа ирэхээс нь өмнө жижиг хэмжээтэй аяга бэлтгэчихээд “Уучлаарай найзууд нь аягыг чинь санамсаргүй хагалчихлаа. Гэхдээ бид шинэ аяга авсан шүү, црррэн…” гээд л өгчихсөн. Хоолоо тэгш хуваарилж идэх гэсэн оюутнуудын л арга. Сүүлд бодоход их л хөгжилтэй санагддаг юм.

-Урлагийн хүний амжилтын үндэс бол яалт ч үгүй сайн ойлгодог гэр бүл байдаг гэдгийг танай салбарт ажилладаг хүн бүр хэлдэг шүү дээ?

-Урлагийн хүний гэр бүл байна гэдэг үнэхээр хэцүү л дээ. Манай Монголчуудын баяр наадам дандаа орой болно, үзвэр үйлчилгээ ч мөн адил. Ерөөсөө оройн амьдралтай ард түмэн шүү дээ. Үүнээс шалтгаалаад гэртээ дандаа л оройтож орно. Хөдөө орон нутагт тоглолтоор явна. Утсанд эсэн бусын дуудлага, мессэж ирнэ. Дээр нь олон нийтийн сүлжээ гэж хэцүү юм байна. Намайг А.Түмэн-Өлзийтэй нэр холбоод л ярьдаг. Бид хоёрыг хамт амьдардаг гэж ойлгодог хүмүүс ч байдаг бололтой юм билээ. Эхнэрийг минь оройгүй баян хүн л гэнэ. “Яах вэ, яахав. Амны бэлгэтэй юм даа. Хань минь баяжих нь” гэж би эхнэртээ хэлдэг. Энэ бүхнийг ёстой эмэгтэй хүний уран ухаанаар зохицуулж, өрх гэрийнхээ аз жаргалыг цогцлоож явдаг нь яах аргагүй миний хань. Зарим зүйлийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөх шаардлага ч гэргийд минь гардаг байх. Өнөөдөр(гуравдугаар сарын 26) хайртай ханийн минь төрсөн өдөр тохиож байна.

-Залуу хосуудын гэр бүлийн хүмүүжил амьдралынх нь тогтвортой байдалд чухал нөлөөтэйг мэргэжлийн хүмүүс онцолдог юм билээ?

-Тийм шүү. Төмөр замчны гэр бүлд өссөн хүн их шударга, зарчимч зан чанартай байдаг юм болов уу гэж боддог. Миний аавын найз Монгол Улсын гавьяат тээвэрчин Ю.Идэрчулуун гэж хүн бий. Тэдний хүүхдүүдтэй би бас гэр бүлийн сайхан найзууд. Тэднийг харж байхад ч шударга, зарчимч байдал нийтлэг ажиглагддаг шүү.

-Үзэгчдийн өмнө бүтэлтгүйтсэн тохиолдол хэр их вэ?

-Тийм явдал ч ээ дээ мөн халуун шүү. Би “Шинэ үе продакшн”-д тоглож байсан үе л дээ. Эмэгтэй хүний дүрээр тоглож байсан юм. Миний тоглолтод хүмүүс элгээ хөштөл инээгээд л, алга нижигнэтэл ташаад л… Би ч учиргүй хөөрөөд л. Ер нь, сэтгэл хөдлөл ихтэй хүн л дээ би… Нэг мэдсэн хиймэл үсээ хуу татаад авчихсан. Хамт тайзан дээр байсан Бооёо ах, Ундраа эгч гээд бүх жүжигчид “Чи яаж байгаа чинь энэ вэ” гээд л мэл гайхацгаасан. Би ёстой нүүр хийх газаргүй болоод л. Өөрийгөө шууд боогоод унагаачихмаар санагдсан… Үзэгчид ч намайг бүтэлгүйтсэнийг мэдчихсэн нь илт. Нүүр халуу оргиод л. Энэ үед туршлагатай ах эгч нар, талийгаач Билгүүн гээд мундаг жүжигчид зөвтгөөд л авч гарсан даа. Тэгж нэг аврагдаж билээ.

  -Бүтээсэн дүрүүдээсээ хамгийн хайртайгаа нэрлэбэл?

-Жүжигчин хүн ер нь бүх дүрдээ л хайртай байдаг. Том жижиг гэхгүй бүтээл бүртээ сэтгэл зүрх, авьяас чадвараа бүрэн зориулж ажилладаг болохоор тэр шүү дээ. Яах вэ, онцолж хэлбэл “Хүрлээ ах эмэгтэй болчихсон. Би даага уначихсан жаал Хүрлээ ахад дурлаж давхиад л…” Нэг тийм жижигхэн дүр бий. Тэр дүрдээ би маш их хайртай. Анхны жүжиг бөгөөд намайг үзэгчдэд тодорхой хэмжээнд таниулж өгсөн дүр болохоор тэр юм болов уу. “Сэлэнгэ”, “Хоёр Маргаз уул”-ыг дуулсан дүрүүдээс үзэгчид намайг дажгүй дуулдаг юм байна гэж дүгнэсэн гэхчлэнгээр бүтээсэн дүр бүхэндээ л хайртай.

-Таныг хамгийн их огшоодог, бадраадаг зүйл юу вэ?

-Тайзан дээр тоглож байхад үзэгчид зогсолтгүй алга ташаад, бүр үг ч хэлэх чөлөө өгөхгүй нижигнүүлэх ямар сайхан гээч. Түр зогсож, алга ташилтыг нь намжаагаад жүжгээ үргэлжлүүлэх тэр агшин, ай даа мөн ч огшино шүү. Жүжигчин хүний хувьд тийм л зүйлээс үгээр илэрхийлэхийн аргагүй эрч хүч авдаг даа. Ганбаа бид хоёр өвгөн эмгэн хоёр болоод орон дээрээ зөрж хэвтээд л ярилцаж байгаа хэсэг байдаг. Тэгэхэд үзэгчид бид хоёрыг бүр яриулахгүйгээр алга ташиж байсан. Тэр хамгийн төгс мэдрэмж байсан. Дараа нь А.Түмэн-Өлзий бид хоёр Монгол бөхийн өргөөнд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийхэд эхний тасалбар нь дуусаад, хоёр дахь тоглолтын тасалбар мөн л дуусаж, суудал дүүрэн үзэгчийн өмнө мэхийн ёслож байсан үе хамгийн сайхан. Яагаад вэ гэхээр намайг жүжигчний мэргэжлээс зохиолын дууны тайзанд анх гарахад үзэгчид тэгж хүлээж авна гэдэг хүн бүрт олддоггүй хувь тохиол шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан Б.ДЭЛГЭРХИШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж