Цар тахалд туйлдсан дэлхийн эдийн засаг алгуур сэргэж байна. Сэргэлтийг Хятад улс эхлүүлж, араас нь АНУ, Европын холбоо тэргүүтэй их гүрнүүд өндийх нь. Цар тахлын дараах дэлхийн цангасан эдийн засаг, их гүрнүүдийн зүтгүүлж буй хүлэмжийн хийг хязгаарлах ногоон хувьсгалын бодлого зах зээлд супер циклийг “өдөөж”, түүхий эдийн ханшийг огцом өсгөөд байгаа билээ.
Супер цикл буюу таваарын ханшийн алтан үеийг зэс, хөнгөн цагаан, төмрийн хүдэр зэрэг үйлдвэрлэлийн металлуудын үнэ өнгөлж, ханшийн хамгийн өндөр өсөлт үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж буй. Энэ таамаг ч эхнээсээ нотлогдож, зэсийн ханш сүүлийн зургаан сарын турш өсөх хандлагатай байна. Гуравдугаар сарын эцсийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 8938.35 ам.доллартай тэнцэж буй нь жилийн өмнөхтэй харьцуулахад 85 хувиар өссөн дүн юм.
Зэсийн ханшийн өсөлт цаашид ч үргэлжилнэ гэж олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд таамаглаж байна. Тухайлбал, “Citigroup” ханш өссөөр, ойрын хугацаанд 10 мянган ам.доллар давах төлөв танилцуулсан бол үүнээс ч өндөр буюу 12-13 мянган ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн шинжээчид ч бий.
Учир нь улс орнуудын үйлдвэрлэлийн салбар гэнэт сэргэж, байгальд ээлтэй ногоон хувьсгалын нөлөөгөөр зэсийн эрэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Тухайлбал, дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн 1.5 хувийг хэрэглэдэг цахилгаан автомашины салбар ногоон хувьсгалын үр дүнд одоогийнхоос хоёр дахин ихийг ашиглах төлөвтэй. Батарейн үйлдвэрлэл дэх зэсийн эрэлт ирэх 10 жилд ес дахин өсөх төлөв ч ажиглагдаж байна. Эрэлт өсөхийн хэрээр зах зээлийн хуулиар зэсийн ханш чангарна. Эндээс харахад шинжээчдийн 10 мянган ам.доллар давах таамаг биелэх боломж байна.
Монгол Улс энэ оны төсөвтөө зэсийн баяжмалын экспортоос 1.5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Ингэхдээ нэг тонн зэсийн ханшийг 6500 ам.доллараар төсөөлж, төсвийн тооцооллоо хийсэн юм. Гэтэл зэсийн ханш 2021 он гарснаас хойш өдий хүртэл бидний төсөвт тооцсоноос хавьгүй өндөрт хадгалагдсан хэвээр. Гуравдугаар сарын эцсийн байдлаар гэхэд төсөвт тусгасан дүнгээр бараг 40 хувь буюу 2500 ам.доллараар илүү үнэтэй байна. Энэхүү ханш ирэх саруудад ч өснө гэж тооцвол зэсийн экспортоос олох төсвийн орлого таамгийг давах төлөвтэй байна. Эндээс төсвийн орлого давж биелэх, улсын сангийн нөхцөл байдал ч сайжрах сайн дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Гэвч нөгөө талд, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Төсвийн ачааг үүрсээр ирсэн аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчид өдгөө үхэх сэхэхийн даваан дээр байна гэхэд хилсдэхгүй. Ийм эгзэгтэй үед төр төсөв л биелж байвал болох нь тэр гээд амиа бодвол дэндүү харамсалтай.
Төрөөс бодит дэмжлэг, бодлогын зоригтой алхмууд хийж чадвал хүнд үеийн цагаа олсон дэмжлэг болно. Тухайлбал, татварын өршөөл үзүүлэх нь цар тахлын улмаас улам хүндэрсэн аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг дэмжих чухал хөшүүрэг гэж хувийн хэвшлийн зарим төлөөлөл үзэж байна. Монголын төр хатуу хөл хорионы улмаас хаалгаа барьж буй аж ахуйн нэгжүүдээ бодитоор аварч, ажлын байрыг хадгалахаар зорьж буй бол өршөөл үзүүлж, татвар төлөгчиддөө нэг удаа ч гэсэн яагаад төрийн хайр ивээлийг хүртээж болохгүй гэж.
Татварын өршөөлийн тухай хууль нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг тэдгээрийн өр, төлбөр, эрүүгийн болон захиргааны хариуцлага, ялаас бүрэн, эсвэл хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг хамардаг.
Монгол Улс 1991 оноос хойш зургаан удаа Өршөөлийн хууль баталсан. 2008 онд анх Татварын өршөөлийн, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталснаар эдийн засгийг илүү ил тод болгож, бизнесийн идэвхжилийг дэмжсэн түүхтэй.
Өдөр өдрөөр үйл ажиллагаа нь хүндэрч буй аж ахуйн нэгжүүддээ хатуурхах бус өршөөж, боломж олговол төрийн жинхэнэ дэмжлэг энэ болно. Ниргэсэн хойно нь буюу үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоосных нь дараа бус, одоо л бодит дэмжлэгээ үзүүлэх шаардлагатай байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ