"Хувьцаа эзэмшигчдэд тэгш хандаж, хуулийн дагуу ажилласан"

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

"Хувьцаа эзэмшигчдэд тэгш хандаж, хуулийн дагуу ажилласан"

Ариг банкинд 2020 оны наймдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан Б.Оргилсайхантай тухайн банкинд үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. (Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг болно)

-Юуны өмнө Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) гэж хэн бэ, юу хийдэг талаар уншигчдад маань танилцуулна уу?

-Монгол банкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү, үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монгол банкнаас 1 жил хүртэл хугацаагаар томилогдсон эрх бүхий этгээдийг Бүрэн эрхт төлөөлөгч гэдэг. Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд асуудлыг бие даан шийддэг, тухайн банкны удирдлага (гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурал)-ын эрх, үүргийг хэрэгжүүлдэг. БЭТ-н гол зорилго нь тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах явдал байдаг. Банкны хэвийн үйл ажиллагааг хангаж харилцагч хадгаламж эзэмшигчдийн хангахын тулд ямар арга хэмжээ авах эрх, үүрэгтэй болохыг

Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал:

-Тухайн банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах,
-Шаардлагатай гэж үзвэл банкны нөхцөлт удирдлага тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх,
-Тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох;
-Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх. -хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх гэх мэт. Мөн хуулийн 30 дугаар зүйлд заасанчлан банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болдог.

-Ариг банкинд хэзээ ямар нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлана уу. Яагаад БЭТ томилох болсон бэ?

-Ариг банк ХХК нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор 50 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй, зохистой засаглал алдагдсан, Монгол банкнаас хуулийн дагуу тавьсан шаардлагуудыг биелүүлээгүй тул Банкны тухай хуулийн дагуу 2019 оны 6-р сард Төв банкнаас хянагч томилж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг. Гэвч тус арга хэмжээний хугацаанд үр дүн хангалтгүй байсан тул дараагийн шатны арга хэмжээ болох банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг авч 2020.01.24- ний өдрөөс 6 сарын хугацаатай БЭТ томилсон. Тодруулбал Ариг банк ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалаар өгсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2018.12.31-ний өдрийн дотор 50.0 тэрбум төгрөгт хүргэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, банкны зохистой засаглал алдагдаж, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.4, 48.1.5, 48.1.10, 48.1.16-д тус тус заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан нь Ариг банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй байна гэж үзсэнтэй холбоотой.

-БЭТ томилсон 6 сарын хугацаанд ямар үр дүнг зорьж байсан бэ?

-БЭТ томилогдсон хугацаанд буюу 6 сарын хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг шаардсан түвшинд нэмэгдүүлэх, энэ үзүүлэлт 50.0 тэрбум төгрөгт хүрсэн тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийг Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Ариг банк ХХК-ийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн томилуулах ажлыг хийхээр ажилласан. Ингэхдээ аль болох хувьцаа эзэмшигч нарын өөрсдийнх нь саналаар хооронд нь харилцан ойлголцуулж асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажилласан. Гэвч Ариг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК болон "Улаанбаатар импэкс" ХХК нь тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх тал дээр тохиролцоонд хүрч чадаагүй тул үр дүнд хүрэхгүй байсан.

-БЭТ нь Ариг банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг үр дүнд хүргэхэд чиглэн ямар арга хэмжээ авсан бэ?

-Бүрэн эрхт төлөөлөгчөөс 2020.02.19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Ариг банк” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхэд хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжид худалдах авах эрхээ хэрэгжүүлэх талаар 4 хувилбар санал хувьцаа эзэмшигчдэд танилцуулсан боловч саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх саналыг аваагүй тул, тус асуудлууд дэмжигдээгүй тухай тогтоол гарсан.

Түүнчлэн 2020.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Ариг банк” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлснээр уг дүрэм хүчин төгөлдөр болсон. Мөн хурлаар ТУЗ-ийн ердийн гишүүнээр С.Жаргалсайхан, Э.Жаргалан, Д.Сэргэлэн, Б.Ариунжаргал, С.Сайнбат, хараат бус гишүүнээр Х.Амарсайхан, П.Мөнх-Эрдэнэ нарыг Кумулятив аргаар сонгож холбогдох баримт бичгийн хамт Монголбанкинд хүргүүлсэн байдаг.

2020.06.02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Монгол банкнаас ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигч 3 хүний баримт бичгийг судлах боломжгүйг мэдэгдсэнтэй холбогдуулан (1) “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, сонгох” (2) “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор банкны зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах асуудлыг хэлэлцэх” гэсэн асуудлыг “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК дэмжээгүй тул тус 2 асуудал саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналыг авч чадаагүй, мөн 2020.07.02-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Ариг банк” ХХК-ийн дүрмийн хүрээнд зарласан энгийн хувьцаанаас 709 ширхэг хувьцааг нэмж гаргах асуудлыг хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй байдаг.

Ариг банкны нөлөө бүхий 2 хувьцаа эзэмшигч хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэх хэмжээн дээрээ тохиролцоонд хүрч чадахгүй гацаанд орсон байсан тул саналын эрхийг 2020.08.18-ний өдрөөс 2021.01.24-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50.0 тэрбум төгрөгт хүргэх боломжийг нээж өгсөн. Ингэхдээ Ариг банк ХХК-ны дүрэмд заасан харьцаагаар хувьцаа эзэмшигчид хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж 50 тэрбум төгрөгт хүргэхийг санал болгосон. Энэ шийдэл нь БЭТ -ийн зүгээс аль нэг талд давуу тал олгох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хэн нэгнийг хохироохгүйгээр үүссэн гацааг арилгах гарц байв. Гэвч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн нэхэмжлэлээр Ариг ХХК дахь БЭТ-д холбогдох иргэний хэрэг, шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй, нэмэлт тогтоол, шийдвэр гаргах боломжгүй нөхцөл үүссэн. Тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхээс Дэм санхүүгийн нэгдлийн нэхэмжлэлийг 2020.10.29-нд хэрэгсэхгүй болгох шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах боломжтой болсон.

-Одоо маргаан ямар байдалтай байна вэ? БЭТ ямар зарчим баримталж ажилласан бэ?

-Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Ариг банк ХХК-ийн дүрэмд заасны дагуу 2020.11.06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан байдаг. Тус хурлаар “Ариг банк” ХХК-ийн дүрэмд зарласан 709 ширхэг энгийн хувьцааг Компанийн тухай хууль, Ариг банк ХХК-ийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-д 429, “Улаанбаатар импэкс” ХХК-д 280 ширхэг энгийн хувьцааг тэргүүн ээлжид авах эрхээ 2020.11.20-ны дотор хэрэгжүүлэхийг даалгасан. Хувьцаа эзэмшигч Дэм санхүүгийн нэгдэл ХХК-иас 429 ширхэг энгийн хувьцааг тэргүүн ээлжид авах эрхээ хэрэгжүүлээгүй тул тус хувьцааг Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч Улаанбаатар импекс ХХК-д санал болгосон.

Тус компаниас Ариг банк ХХК-ийн зарласан 709 ширхэг энгийн хувьцааг худалдаж авснаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50.0 тэрбум төгрөгт хүрсэн юм. БЭТ-ийн хувьд, Ариг банк ХХК-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас өмнө буюу 2020.10.30-нд Хувьцаа эзэмшигч болох "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК, "Улаанбаатар импэкс" ХХК-д Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудал, хурлын дэг, хурлаас гарах тогтоолын төслийг биечлэн болон шуудангаар хүргүүлсэн. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс ээлжит бус хуралтай холбоотой баримтыг хүргүүлэхдээ 2 хувьцаа эзэмшигчид мэдээллийг ижил түвшинд хүргэх, харилцан эрх тэгш хандах, хэн нэгэнд нь ялгавартай хандахгүй байх, бүх зүйлийг хуулийн дагуу хийх зэрэг зарчмыг баримтлан ажиллаж ирсэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж