"400 тэрбум ам.долларын баялгийг буцааж авах боломж бүрдсэн"

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

Live"400 тэрбум ам.долларын баялгийг буцааж авах боломж бүрдсэн"

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Wednesday, March 31, 2021

14 : 25
2021-4-1

"400 тэрбум ам.долларын баялгийг буцааж авах боломж бүрдсэн"

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгойн төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээллийг сонсох юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Оюутолгойгоос Монгол Улсын төсөвт орж ирсэн татварын нийт дүн нь нэг их наяд 26 тэрбум төгрөг. Татварын актууд бүрэн төлөгдсөн. Дубайн гэрээг өөрчлөх хэлэлцээ эхэлснээс хойш түүнийг цуцлах нөхцөл байдал нилээн үр дүнтэй явж байна. Засгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч талаас манайд далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахад бэлэн байгаагаа хэлдэг. Гэвч ажлын хэсэгт орсон зарим гишүүд гэрээг цуцлахгүй Арбитрын шүүхээр явах саналтай байна. Иймээс нэгдүгээрт бид дотроо нэг саналтай болох хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Арбитртай холбоотой олон асуудал бий. Зарим гишүүдийг үүнд хардаад байгаа. Үнэхээр гишүүд үүнд холбоотой юу. Үүнд тодорхой тайлбар өгөөч. Нэгнийгээ гүтгэж, хардаж болохгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-"Оюутолгой"-н үр өгөөжийг яаж тооцохыг ажлын хэсэг тооцож, УИХ-д оруулж ирэхийг шаардсан. Одоогийн байдлаар бид 34 хувийг эзэмшиж байна. Энэ хэвээр явбал өгөөж нь 2039 он хүртэл гарахгүй.

Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан. Ажлын хэсэг Дубайн гэрээг цуцалж, хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргахаар ярьж байна. Хэлэлцээ хийх үү, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэдэг чиглэлийг УИХ тодорхой өгөх ёстой. Лондонгийн Арбитрын маргаанд ялах бүх нөхцөл боломжоо хангаж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэ асуудлыг С.Ганбаатар гишүүн оруулж ирсэн, хуралдаа суух хэрэгтэй байна. Энэ асуудалд Засгийн газар нь, ажлын хэсэг нь өөр байр суурьтай байгаад байж болохгүй. Энэ хэвээр байх юм бол уг асуудлыг хойшлуулж, мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсэгт оруулах хэрэгтэй. Ажлаа хий, улс төр хийх хэрэггүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Анх удаа чуулганд цахимаар оролцож байна. Нэгдүгээрт, гадаадын таван шүүх дээр Монгол Улс 400 тэрбум ам.долларынхоо баялгийг буцааж авах алтан боломж бүрдсэн. Баримт материалууд бий. Үүнийг та бүхэнд явуулсан. Гишүүд минь, үүнээс илүү чухал зүйл гэж юу байх вэ. Ядаж миний явуулсан материалыг уншаад үзээрэй. Сөрөг нэхэмжлэх гаргах хэрэгтэй. Энэ нь Монголын талд ашигтай. Энэ бол Сү.Батболд, С.Ганбаатар хоёрын асуудал биш.

“Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгойн төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар гишүүд үг хэлж, санал солилцож дууссанаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

12 : 01
2021-4-1

Х.Нямбаатар: Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, March 31, 2021

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр байх нормтой бөгөөд хэрэв 8 литрээс дээш гарсан тохиолдолд тухайн үндэстэнд аюул учирсан гэж үздэг аж. Гэтэл 2019 онд Монгол Улсад 18-аас дээш насны нэг хүнд 8.5 литр архи, дарс, 28.5 литр шар айраг ногдож байгаа нь аюултай түвшнээс давсан үзүүлэлт аж.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Уг төслийг дэмжинэ. Хуулийн төсөл дээр хэд хэдэн зүйлийг анхаарч ярих ёстой. Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх гэмт хэрэг архинаас болж байна. Тиймээс архидан согтууралтыг энэ хуульд хатуу байдлаар оруулах хэрэгтэй. Төрт улсыг үндэслэсэн эрхэм хүн Чингис хаанаар нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийн сүлд, соёмботой архи үйлдвэрлэж байна. Түүнийгээ хамаагүй хаяж байна. Үүнд зохицуулалт хиймээр байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Архи үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ. Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна.

Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн 62.3 хувь нь дэмжлээ. Ингээд Хууль зүйн байнгын хороонд уг хуулийн төслийг шилжүүллээ.

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

11 : 15
2021-4-1

"Бидэнд хүн дутаагүй, зориг, шударга ёс дутсан"

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Бидэнд хүн дутаагүй, зориг, шударга ёс дутсан. Арай гэж таван хүнтэй ХЭҮК байгуулсан чинь дахин Хүний эрхийн хамгаалагч гээд долоон хүний орон тоотой хууль оруулж ирж байна. Хүний эрх улаан цайм зөрчигдөж байхад та нар юу хийсэн юм бэ. Цэрэгт хүүхдээ явуулсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх талаар ярьж байна. Цаас эргүүлдэг хүн биш зүрх зоригтой хүн хүний эрхийн төлөө тэмцдэг. Хүний эрх зөрчигдөөд өчнөөн юм болж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталж болох ч ХЭҮК-ын орон тоог нэмэх шаардлагагүй. Одоо байгаа таван гишүүн хангалттай. Хуулийн төслийг өргөн барихад ийм зүйл байгаагүй. Гэтэл ажлын хэсэг орон тоог нэмж оруулж ирсэн нь зохимжгүй байна. Үүнийг дэмжихгүй.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд тус сангийн орлогод архи, тамхины онцгой албан татварыг төвлөрүүлэх санал гаргалаа. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь хандив, тусламж, азын дугаар борлуулсан орлого байхаар хуулийн төсөлд заасан нь орлого нь тогтмол биш, бас тодорхойгүй байна гэж шүүмжлэв. Мөн зарлага нь хэтэрхий их байгааг анхаарууллаа. 

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

10 : 46
2021-4-1

С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргахад УИХ манлайлал үзүүлмээр байна

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Нэг зүйлийг анхаармаар байна. Нэгэнт бусад хуулиар зохицуулагдсан зүйлийг энд онцгойлон оруулж ирж байгаа нь дараа нь хууль хэрэгжих үед эрхийг нь улам хязгаарлахаар болох вий. Хүний эрхийг хамгаалагчийн хууль оруулж ирлээ гээд эрхийг нь хаах гэсэн байдлаар уншигдаж, тайлбарлах вий. Хуулийн хэрэгжилтийн үед үүнийг бас анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Уг хууль хүн болгоныг хүний эрхийн хамгаалагч болж байгаа чухал хууль.  Засгийн газраас С.Зориг агсны амиа алдсан хэргийг өчигдөр нууцын зэрэглэлээс гаргана гэж хэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ манлайлал үзүүлмээр байна. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амиа алдсан хэргийн үйл явцыг хэвлэл мэдээллээр нээлттэй танилцуулах асуудлыг шийдмээр байна. Хүний эрхийг хамгаалах асуудлаар УИХ хууль баталж шийдэж байгаатай адил энэ асуудал дээр шуурхай, санаачлагатай ажилламаар байна.

Тус хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ.

10 : 18
2021-4-1

Г.Дамдинням байнгын хорооны даргаар сонгогдлоо

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүнийг сонгохоор санал хурааж, 85.2 хувийн саналаар дэмжигдлээ.

09 : 49
2021-4-1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.04.01) 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

-Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай;

-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;

-Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох: Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар;

-Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай багтав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж