Цар тахлын улмаас хилээ хаасан бүтэн жилийн хугацаанд гадаадын жуулчдын урсгал тасарсан ч аялал зугаалга эргээд сэргэх төлөвтэй байна. Засгийн газраас ирэх тавдугаар сард хилээ нээхээр төлөвлөсөн нь эдийн засгийн “тэг” зогсолтод орсон аялал жуулчлалын салбарынханд найдвар төрүүлээд байгаа юм.
Монголыг зорьж буй жуулчдын 90 гаруй хувь нь хотоос гардаг ч нийслэлд ч бас анхаарал татахуйц түүхэн дурсгалт газрууд цөөнгүй бий. Мэдээж Улаанбаатарт саатаж буй жуулчид нэн түрүүнд Чойжин ламын сүм музейгээс Богд хааны ордон, Монголын түүхийн музей, Гандантэгчэнлин хийдтэй танилцдаг уламжлал тогтжээ. Үүнээс өөр жуулчдыг татах олон газар байдаг ч өнөөдрийг хүртэл хэний ч нүдэнд тусалгүй өнгөрсөн юм.
Өнгөрсөн онд нийслэл дэх түүхэн дурсгалт 47 газрыг судалсан байна. Тухайлбал, Их тэнгэрийн амны Хадны сүг зураг, Ар гүнтийн амны дөрвөлжин булшнууд, Туулын хар түнийн ордны туурь, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны цогцолбор, зэрэг өв соёлын хосгүй үнэт үл хөдлөх дурсгал байдаг. Тусгай хамгаалалтад байдаг ч хариуцах эзэнгүй болсон эдгээр газруудад түшиглэн амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас үзжээ. Энэ ч үүднээс нэр дурдсан газруудад эхний ээлжид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр судлаачдын багийнхантай хамтран ажиллаж байгаа аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, хариуцах эзэнгүй болсон аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой түүхэн дурсгалт газруудад их хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулах шаардлагагүй юм байна. Түүхэн дурсгалт газруудаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эргэлтэд оруулахад нэн түрүүнд айлын эзэмшил дэх газрыг чөлөөлөх, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр тохижилт хийх зэргээр бүтээн байгуулалт цомхон өрнөх нь.
Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга М.Батчимэг “Жуулчид байхгүй энэ үед аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хот дахь түүхэн дурсгалт газруудаа аялал жуулчлалын эргэлтэд оруулах боломжтой. Жишээ нь, Хүннүгийн язгууртны булш гэхэд дэлхийд маш цөөхөн байдаг. Үүний нэг нь нийслэлд байдаг тул жуулчдын зорьж очих дуртай газруудын нэг байх юм. Үүүнээс өмнө жуулчид очиж үзэх боломжтой нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн Их тэнгэрийн амны хадны зураг гэхэд МЭӨ 5000-6000 жилийн тэртээх юм. Одоогоор жуулчид үзэх боломжгүй байна. Иймд хүмүүс очиж үзэх боломжтой газруудыг тохижуулахаар ажиллаж байна. Тохижилтын ажлыг шууд эхлүүлэх боломжгүй байна. Зарим нь айлын эзэмшилд орчихсон, газрыг нь чөлөөлөх шаардлагатай байна” гэлээ.
Нийслэл дэх түүхэн дурсгалт газруудын дийлэнх нь тусгай хамгаалалттай атал айлын хашаа, эзэмшилд орсон байдаг аж. Иймд газрыг нь чөлөөлж, хамгаалалтын бүсийг нь тодорхойлох шаардлага тулгарчээ. Эхний ээлжид энэ ондоо багтаан дээрх дурдсан зургаан газрыг тохижуулж, аялал жуулчлалын эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ