Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор энэ сарын 30-ны өдөр нас барав. Энэхүү мэдээг сонсоод олон ээж, аав хүүгээ цэрэгт, армид явуулахаас айсан биз, тэр нь ч зөв. Сүүлийн гурван жилийн байдлаар энх цагт цэргийн албанд мордсон ч цаг бусаар тэнгэрт одсон цэргийн тоо ийнхүү зургаа боллоо.
Монгол Улсын иргэн 18 нас хүрээд цэрэгт явах үүрэгтэй. Үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордсон залуусын зарим нь өнөөдөр эгнээндээ алга. Санаатай болон санамсаргүйгээр цэрэг яагаад амиа алдах болов гэдэгт төр, салбар яам нь анхаарлаа хандуулах цаг болсныг удаа дараа сануулсан ч өнөөдөр энэ мэт таагүй мэдээ тасрахгүй хэвээр.
Асуудал үүсэх бүрт Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас ангийн захирагчийг нь албан тушаалаас нь чөлөөлсөн гэх үгээр ам тагладаг. Энэ удаад ч мөн адил 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэгэхээр цаашдаа Монголын арми ниргэсэн хойно нь худлаа хашгирсаар байх уу, эсвэл цэргийн бодлого, тэнд үйлчилж буй бичигдээгүй хууль болох дэглэлт нэртэй хүчирхийллийг халах уу гэх асуулт гарч ирнэ. Хуулиараа цэргийн анги нэтгэлүүдийг ЗХЖШ хариуцдаг бөгөөд тус штабын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог учраас тэднээс хариуцлага нэхэх нь зөв хэмээн үзэх хүмүүс цөөнгүй бий.
"ХАРИУЦЛАГААС ЗУГТААГҮЙ"
Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатараас тодруулахад “Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн талийгаачийн ар гэрээс уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлж байна. Дээрх хэрэг манай харъяа анги дээр гарсан. Үнэнийг хэлэхэд энэ төрлийн хэргийг маргааш шууд таслан зогсоож чадна гэж зоригтой хэлэх итгэл алга. Бид боломжит бүхий л чиглэлээр дэглэлтийг таслан зогсоохын тулд хүний эрх болон хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд сахилга, зөрчлийг таслан зогсоохын тулд арга хэмжээ авсаар ирсэн ч үр дүн төдийлөн сайн гарахгүй байна.
Бид хариуцлага хүлээнэ. Хариуцлагаас зугтсан зүйл байхгүй. Томилсон эрх бүхий албан тушаалтан хариуцлага тооцно гэвэл би бэлэн байна.
Цэргийн дотоод албаны дүрэмд тухайн албан тушаалтнуудын хариуцах ажил үүргийг тодорхой заасан байдаг. Цэргийн анги дээр ямар нэгэн хэрэг, зөрчил гарлаа гэхэд тухайн ангийн захирагчаас эхлээд бусад бүх албан тушаалтан өөрийн хариуцсан албан үүргээ биелүүлсэн эсэх дээр албаны шалгалт явуулдаг. Бид өөрсдийн эрх хэмжээний хүрээнд 326 дугаар ангийн салааны офицерууд, тухайн өдөр жижүүрлэсэн эргүүлийн бүрэлдэхүүнтэй хариуцлага тооцно. Цэргүүдтэй ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний арга барил, хандлагыг өөрчлөх тал дээр ажиллана” гэх хариулт өгсөн юм.
ХЭРЭГ ГАРДАГ ӨДӨР ЮУ БОЛОВ?
Хэрэг гардаг өдөр буюу гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хээрийн бэлтгэлд гарсан байна. Улмаар харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г согтуудаа сэхээнд ортол нь зоджээ. Байлдагчийн биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан учраас эмч нар мэс засал даах боломжгүй гэж үзэн, эмийн эмчилгээг үргэлжүүлж байсан ч харамсалтай нь энэ сарын 30-ны шөнө нас барав.
Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьсон бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад талийгаач 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүний алба хаагч болох И.Энхтөгс гэх хүний данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн нь тогтоогджээ. Цэргийн дотоод албаны дүрэмд цэргийн алба хаагч зохимжгүй үг хэрэглэх, хоорондоо зүй бусаар харьцахгүй байх гэсэн заалттай.
Гэвч батлан хамгаалах салбарт бугшсан идээ бээр, цэргийн дэг нэрийн доорх бусдын хүчирхийлэл, доромжлол хэрээс хэтэрчээ. Эх орондоо үүрэг гүйцэтгэхээр явсан эр цэргүүд амь насаа алдах болсон нь энэ салбарт бүхэлдээ хуулийн гэхээсээ хариуцлагын салхи оруулах болсны дохио, бодит илрэл юм.
"ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ЦОЛЫГ БУУРУУЛАН, ӨӨР АНГИ РУУ ШИЛЖҮҮЛСЭН"
Дээрх хэрэг гарахаас өмнө буюу хоёрдугаар сарын 25-нд цахим орчинд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Дээрх хэрэг 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсон бөгөөд бусдыг хүчирхийлж буй тэдгээр цэргүүд албаа хааж дуусаад халагдсан аж.
Уг бичлэгийг хийж, бусдыгаа хүчирхийлсэн халагдсан цэргүүдийн хаана байгааг олж тогтоон, хариуцлага ярихаа салбарын яам мэдээлсэн. Тухайн өдөр ажиллаж байсан офицер, ахлагч нарт Цэргийн сахилгын дүрмийн 32-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулж, зарим албан тушаалтны цолыг бууруулан, өөр анги руу шилжүүлэх арга хэмжээ авсан талаар албаныхан хэлэв.
Энэ мэт хар бараан мэдээллээс болон эцэг, эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар эцэг, эхчүүд хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахааргүй болтол доройтжээ.
Эр хүн болно гэж цэргийн албанд мордсон залуучууд дээд тушаалтныхаа гарын шүүс болдог цэрэгжсэн "шорон"-г цэвэрлэхгүй бол эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордох залуусгүй болох нь, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр аа!
Э.БУРАМ
Холбоотой мэдээ