С.Цогтбаяр: Инээд бол хамгийн дээд таашаал

Хуучирсан мэдээ: 2021.04.01-нд нийтлэгдсэн

С.Цогтбаяр: Инээд бол хамгийн дээд таашаал

С.Цогтбаяр: Инээд бол хамгийн дээд таашаал

“Инээд байгаа газар эрүүл нийгэм оршин байна” гэсэн үг бий. Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Нийгэмд өрнөж буй олон үйл явдлаас сэдэв, санааг шуурхай олж, чухлыг нь онцолж, онож шоглож чаддаг байх нь шог зураачийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ур чадвар билээ. Бид энэ цаг үеийн шог зургийн сор болсон уран бүтээлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын ЦОГТБАЯР-тай ярилцлаа.


-Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан ярилцлагаа “Инээд гэж юу вэ?” гэсэн асуултаар эхлүүлье?

-Инээд яг тийм гээд тодорхойлох боломжгүй. Хүний мэдрэхүйд хүрч буй хамгийн тааламжтай мэдрэмж, дээд таашаал гэж би боддог. Хайрлах, энэрэх, өрөвдөх, уйлах гээд олон төрлийн аяс хүний сэтгэлээс гардаг. Тэдгээрийг жагсаавал би инээдийг эхний таван байранд оруулна.

-Инээд бүхэн өөр өөр "өнцөг"-тэй байдаг болов уу. Цар тахлын энэ хүнд үед таны бүтээлүүдэд ямар инээд зонхилж байна вэ?

-Нийгмийн сүлжээн дэх олон төрлийн мэдээллийг хоргүйжүүлж, хөнгөн инээд бэлэглэх бүтээлийг цахим хуудастаа нийтэлж байна. Эмч нар Covid-19-ийн үед дархлаагаа маш сайн дэмжихийг иргэдэд зөвлөж байна. Уурлах, бухимдах, стресстэх зэргээс шалтгаалан хүний дархлаа ихээр унадаг. Сошиал медиаг хуучны хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулж үзвэл хяналтгүй, эмх замбараагүй орчин. Өнөөдөр ашиглаж байгаа цахим суваг бол хүн бүрийн үзэл бодлын талбар болчихсон. Мэргэжлийн бус, сэтгэцийн өөрчлөлттэй нас насны хүмүүс тэр талбар дээр харилцаанд оролцож байна. Зарим хүн сошиалыг сэтгүүлзүй гэж ойлгодог. Олон төрлийн эмх замбараагүй мэдээллийн урсгалыг шүүлтүүрдэж, цаг үеийн сенсаци болж байгаа материалуудыг хоргүйжүүлэхийн тулд сошиалаар бүтээлээ танилцуулдаг. Хүмүүст хөнгөн инээд бэлэглэж, хэм хэмжээний талаар тодорхой ойлголт өгч, нэгийг бодогдуулна гэдэг бол мэргэжлийн минь онцлог. Өөрөөр хэлбэл сэтгэгдэл уншиж, дархлаагаа унагаж байхаар зургийн өгүүлэмж хараад л сэтгэлийн таашаал авах боломжтой гэсэн үг.

-Таны бүтээлүүдэд нийгэмд болж буй үйл явдлууд өрнөлтэйгөө, цаг тухай бүрт оновчтой туссан байдаг. Шог зургийнхаа сэдэв санааг та хэрхэн олдог вэ? Шууд л сэтгэлд тань “ургаад” ирдэг үү?

-Орчин цагт техник, технологийн хөгжил уран бүтээлчид бидэнд том боломж олгож байна. Болж буй үйл явдалтай зэрэгцээд л бүтээлээ туурвих нээлттэй болсон. Хуучин цагт уламжлалт сонин хэвлэл, сэтгүүлд мэдээ, мэдээлэл хэвлэгдэн гарахыг бараг сар гаруй хугацаанд хүлээдэг байлаа. Одоо телевиз, эсвэл өөр нэг сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд гаргаж буй мэдээллийг үзээд хүмүүст төрж буй сэтгэгдэл, хариу үзүүлж байгаа байдлыг нь мэдрээд, зургаа зурчихдаг болсон. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд хэдхэн минутын дотор хаанаас ч технологи ашиглаад уран бүтээлийг маань үзэж болдог учраас сошиал медиаг би идэвхтэй ашигладаг. Түүнээс биш хурдан сэтгэж, түрүүлж бодоод байгаа зүйл байхгүй шүү дээ. Хүмүүст бүтээлээ хүргэх арга зам маань л технологи. Түүнийг ашигласнаар илүү түргэн, шуурхай, цаг тухай бүрт нь хүрч чадаж байгаа. Хоёрдугаарт, сошиалаар дамжуулж бүх төрлийн мэдээллийг хүмүүс нэг дороос авах сонирхол их байна. Улс төрийн амьдралын тухайд өрнөл ихтэй, сонирхолтой байгаа нь уран бүтээлч хүнд санаа өгөхөөс өөр аргагүй байна. Бөхөөр зүйрлэвэл заалны бэлтгэл барилдаан гэж хэлж болох юм. Сошиалд оруулдаг шог зургийн бүтээл маань иргэдийн санал, сэтгэгдлээр улам баяжаад явдаг. Бэлтгэл сайн хийсэн бөх даваа авдаг шиг уран бүтээлч хүн ч байнга давтамжтай бүтээл туурвих нь сурч боловсрох, хөгжих боломж олгодог.

-Уран бүтээлчид бүтээлээрээ ярьж, хэлж ойлгуулдаг. Таны хувьд шог зургаараа дамжуулан хүмүүст юу өгөхийг зорьдог вэ?

-Ямар ч уран бүтээлчийн зорилго ижил байдаг. Хэлэх гэсэн санаа бодлоо өөрийн сонгосон уран бүтээлийн арга барилаараа хүргэдэг гэдгээрээ л ялгаатай. Хөгжмийн зохиолч бол хөгжмөөр, тайз дэлгэцийнхэн бол жүжиг, киногоор, яруу найрагчдын хувьд шүлгээр, сэтгүүлчид бичсэн зүйлээрээ гээд. Яг түүнтэй ижил. Надад нийгмийн тусгал яаж бууж байна түүнийг өөрийн өвөрмөц шог сэтгэлгээгээр дамжуулан уран бүтээл болгодог. Бусад уран бүтээлчдээс урлагийн төрлөөр хөрвүүлж л ялгагдана уу гэхээс хэлэх гэсэн санаагаар салгаж ойлгох боломжгүй. Магадгүй миний бүтээлүүд 100 жилийн дараа XX зууны сүүлээс XXI зууны эхэн үеийн монголчуудын амьдралын хэв маяг, нийгэм, эдийн засагт болж байсан үйл явдлуудыг хошин шог хэлбэрээр хүргэсэн тусгал болж үлдэх байх. Харин тэр үед шинэ залуу уран бүтээлч хомс байх болов уу гэсэн бодол төрдөг.

Шоглож зурж болохгүй сэдэв гэж байдаг уу?

-Болохгүй сэдэв гэж байхгүй. Эмзэг сэдвүүд л гэж бий. Тухайлбал, эмэгтэйчүүдийн гоо сайхны тухай, эсвэл хүчирхийллийн сэдвийг хөндөн харуулахад халширмаар үе тохиолдож байсан. Сонин хэвлэлтэй хамтарч ажиллахад нийгмийн олон янзын сэдвийн хүрээнд шог зураг бэлтгэх зайлшгүй шаардлага үүсдэг. Хүүхдийн хүчирхийллийн сэдэвтэй дугаарын материалд шог зураг гаргахад маш хэцүү санагдаж байлаа.

-Та анхны шог зургаа ямар сэдвээр, хэзээ зурж байсан тухайгаа сонирхуулахгүй юу?

-Би тухайн үеийн Дүрслэх урлагийн их сургуульд 1980 онд элсэн орсон. Түүнээс өмнө 1970-аад оны үед сурагч байхдаа өөрийнхөө хэмжээнд дэвтэр, номынхоо булан дээр шог зураг гэж хэлж болохоор зураг зурдаг байсан. Харин хамгийн анх сонин хэвлэлд нийтлэгдсэн нь төвийн хэвлэл “Үнэн” сонинд 1982 онд “Нөөц бололцоо хаана байна?” сэдэвт шог зураг. “Нөөц бололцоо хаана байна?” гээд биччихсэн зүйл дээр өөрөө зогсчихоод, хажуу тийш дурандаад байгаа өгүүлэмжтэй зураг. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шиг хөл доор нь нөөц бололцоо байхад өөр тийш хараад байна гэсэн утгатай зураг л даа. Түүний дараагаар уран бүтээлийн урам зориг авч тасралтгүй, идэвхтэй зурдаг болсон. Хэмжээний хувьд анхны бүтээл минь жижиг ч их бэлгэшээлтэй санагддаг.

-Яагаад энэ төрлийг сонгох болсон юм бэ. Та дүрслэх урлагийн өөр ямар жанраар бүтээл туурвидаг вэ?

-Тухайн үеийн нэршлээр хот чимэглэлийн анги буюу одоогийнхоор дизайны мэргэжил. Дүрслэх урлагийн сургуулийг онц дүнтэй төгссөн. Сургуулиа амжилттай төгссөн учраас сургуульдаа нэг жил туслах багшаар ажиллаж байлаа. Хүмүүсийн ярьдгаар би энгийн зургийг ч зурж чадна. Мэргэжлийн сургуулийг нь төгсчихсөн учраас бүх төрлийн зураг зурна. Шүлэг, яруу найргийн хувьд нэг утга, санаагаа гүн гүнзгий илэрхийлдэг шиг шог зураг бүр өөрийн гэсэн илэрхийлэх санаатай байдаг. Хүнийг илүү бодуулдаг, маш сайхан төрөл. Зурах бол амархан. Гол нь санааг нь бодож олоход л хэцүү байдаг. Энэ олон мянган зураач дунд надаас илүү зурдаг хүмүүс олон бий. Тиймээс эцэг, эхээс өвлөгдсөн авьяасаасаа урвах эрхгүй болж байгаа юм. Гэхдээ олон жил дадсан зүйлээсээ сална гэдэг бол боломжгүй. Ханилсан ханиасаа урваж, нэг сайхан загвар өмсөгч хүүхэнтэй нийлээд явж байгаатай ижил үйл явдал шиг санагддаг. Миний хувьд насаараа ханилсан ханьтайгаа л байна. Энэ нь илүү үнэн амьдрал. Би шог зургийн төрөлдөө хайртай. Түүнээс амьдралаа бодвол зах зээлд эрэлт ихтэй зураг зураад амьдрах боломжтой. Шог зураг сонгосон тухайд, би сонгосон биш, магадгүй өөрийгөө сонгогдсон байх гэж боддог. Өөрийн мэдэлгүй л шоглоод зурчихдаг. Хүмүүс намайг зөвхөн шог зурдаг гэж бодоод дасчихсан юм шиг байгаа юм. Нэг талаар шог зургийн хөгжил уналтад орж байна. Энэ төрөл чинь сэтгүүлзүйтэйгээ илүү хамааралтай ажилладаг төрөл.

-Таны шоглон зурсан бүтээлүүдээс хамгийн үнэд хүрсэн нь ямар зураг байдаг вэ?

-Нэг хэсэг шог зургийн уралдаанд жил бүр бүтээлээ явуулдаг байлаа. Хобби болчихсон. Тэр үед олон улсын уралдаан тэмцээнд ороод амьдраад байдаг зураачид байсан. Миний бодлоор зургийн үнэ цэнийг мөнгөөр үнэлэх боломжгүй санагддаг. Зах зээл дээр бүтээлээ нийлүүлдэг уран бүтээлч олон бий. Зураг мөнгөөр хэмжих боломжгүй их таашаал олгодог. Надад тийм наймааны ухаан байдаггүй юм шиг байгаа юм.

-Манай улсад уран бүтээл, уран бүтээлчдийн үнэлэмж ямар хэмжээнд байна гэж боддог вэ?

-Хуучин нийгмийг бодвол уран бүтээлч өөрөө сайн хичээж, сайн бүтээл хийвэл боломж их байна. Бусдаас буруу хайлгүй амьдралын идэвх оролцоо өндөр байвал суралцаж, нийгэмд үнэлэгдэх магадлал төдий хэмжээний өндөр болно. Тэр талын ухаан хангалттай байдаггүй учраас бидний завсрын үеийн уран бүтээлчид нийгэмд бүтээлээ хангалттай хүргэж чаддаггүй санагддаг. Тэгээд нийгэмд буруу өгөөд байдаг нь сонин. Хүмүүс урлаг ойлгохгүй, харанхуй бүдүүлэг байна гээд байдаг. Угтаа бол өөрсдөө л бүтээлээ хүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй. Маркетинг, менежмент сайтай байх нь чухал. Гэтэл тэдгээр уран бүтээлчидтэй адил, эсвэл илүү залуу үеийн төлөөлөл уран бүтээлээрээ хангалттай сайн яваад болоод байна. Дүрслэх урлагийн төрөл зүйлүүд хангалттай сайн хөгжиж байна.

-Жишээлбэл?

-Уран зургийн төрөл. Уран зураг сонирхогчид жил ирэх бүр нэмэгдэж байна. Түүнийгээ дагаад уран зургийн галлерей ч нэмэгдсэн. Шог зургийн тухайд түүнийг сэтгүүлзүйн салбар нь үнэ цэнэтэй болгох шаардлагатай байна. Энгийнээр хэлбэл жирийн нэг хүн миний шог зургийн эх хувийг худалдаж авъя гэж хэлдэггүй. Магадгүй хэвлэл мэдээллийн байгууллага тодорхой хэмжээний мөнгө төлж, нийтлэх нь зөв. Нийгмийг соён гэгээрүүлэх үүргийнхээ хувьд үнэлэмж нь буурч байгаа нь харамсалтай. Уран бүтээлчид хөдөлмөрөөрөө амьдрах ёстой. Одоо манай нийгэмд 20-иод шог зураач байна. Яагаад энэ тоо өсөхгүй байна вэ гэхээр шог зураг, бүтээл хийхийн тулд санаагаа зовж олоод, худалдаж борлуулна гэдэг нь асуудал болдог. Би мөнх биш шүү дээ. Магадгүй намайг үгүй болбол хэн үргэлжлүүлж шог зураг зурах вэ гэдэг чухал. Илүү үнэлэмж нь нэмэгдэж байж энэ төрлөөр уран бүтээл туурвих хүмүүс нэмэгдэнэ. Миний хувьд бизнесийн бусад төрлөөр бага зэргийн ашиг орлого олдог болсноос хойш хоббигоороо зурж, таашаал авч амьдраад болоод л байна. Түүнээс арилжааны утгаараа надад шог зургийн өгөөж маш бага. Мэдээж зарим үед гадны төсөл, хөтөлбөрийн хүрээнд ч юм уу шог зураг захиалж зуруулдаг. Энэ бол 1-2 уран бүтээлч гэхээс илүү сэтгүүлзүйн салбарынхантай хамааралтай хөгжлийн асуудал. Магадгүй би байнга идэвхтэй байдаг учраас олон нийт намайг хүлээн зөвшөөрдөг. Миний багш нар мундаг хүмүүс. Тэдний хүчинд би өдий зэрэгтэй яваа. Магадгүй би тэднээс сошиалыг илүү идэвхтэй ашиглаж байгаагаараа л  онцлог. Уран бүтээлийг, уран бүтээлчдийг нэг, хоёр гэж дугаарлах надад утгагүй санагддаг: Учир нь уран бүтээлч бүр өөр өөрийн гэсэн мэдрэмжээр бүтээлээ туурвиж байна. Харин спортын тэмцээн, уралдааныг зайлшгүй дугаарлахгүй бол болохгүй. Их сургуульд хүн таних ухаан заадаггүй. Тиймээс орчин цагийн залуус зорилгосоо няцах, шантрах тохиолдол их гарч байна.

-Таны оролцсон нэвтрүүлгүүдээс харахад дэлхийн олон орноор аялжээ. Гадны шог зураачидтай харьцуулбал манайхан аль түвшинд явна вэ?

-Уран бүтээлчдийн идэвх, оролцоо л бага байгааг эс тооцвол манай улсын уран бүтээлчид хаана ч гологдохгүй. Уран бүтээлчдэд бүтээлээ туурвих эко орчинг л бий болгоод өгвөл залуучууд маш ихээр дурлана. Гэтэл би өөрөө ногоон ургамал тарина гээд байвал утгагүй шүү дээ.

-Залууст хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?

-Залууст хөгжих боломж маш их байна. Уран бүтээл хийх авьяас байна. Хамгийн чухал нь хөлийг нь дөрөөнд хүргэхэд залуучуудад туслах хэрэгтэй. Залуус ч байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Миний залуу үеийн амьдарч байсан нийгмийг бодвол өнөөдөр газар, тэнгэрийн ялгаа байна. Тиймээс болохгүй байна, бүтэхгүй байна гэж ярих нь ичмээр санагддаг. Хүн бүр өмнөх ажлаа сайн хийвэл хөгжих, дэвших бол асуудалгүй. Тиймээс залуус минь гадаад харилцаа, хувийн ур чадвартаа анхаарах хэрэгтэй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж