Covid-19 илрүүлэх шинжилгээ өгөхөөр урт дараалалд зогсч, олноороо бөөгнөрч, халдвар хамгааллын дэглэм алдагддаг газрын нэг нь шинжилгээний цэгүүд. Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд Covid-19 илрүүлэх 11 цэг ажиллаж, өдөрт дунджаар 16 мянга гаруй иргэнд PCR шинжилгээ хийж байгаа юм. Шинжилгээ авах цэгүүд хэр их ачаалалтай ажиллаж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүрэг дэх 69 дүгээр сургуулийг зорилоо. Биднийг 16.30 цагийн үед очиход тус цэгийн гадна 10 орчим иргэн дугаарлан зогсож байв.
"ХАВЬТАГЧ БОЛЧИХЛОО, ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЛЭЭ, ШИНЖИЛГЭЭ ӨГМӨӨР БАЙНА ГЭДЭГ"
Үүдэнд зогсч буй цагдаагийн ажилтан “Шинжилгээний цаг авсан нь ороорой” гэв. Дотогш зөвхөн шинжилгээний цаг авсан хүнийг л оруулж байгаа бөгөөд буяны ажлаар хөдөө явах гэж буй болон жирэмсэн эмэгтэйчүүд цаг авалгүй шууд орж байлаа.
Шинжилгээний цэгүүд 08.00-17.00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд урьдчилж цаг авах болсноос хойш урт дараалал үүсэхээ больжээ. Цагдаагийн ажилтнаас шинжилгээ авах цэгт ажиллахад ямар асуудал тулгамдаж буй талаар тодрууллаа.
-Өдөрт энэ цэгт хэдэн хүнээс шинжилгээ авч байна вэ. Хаах дөхсөн болохоор энд цөөн хүн байна уу, эсвэл өдөрт шинжилгээ өгөх хүний тоо эрс буурсан юм уу?
-Тоон мэдээллийг сайн мэдэхгүй байна. Онлайнаар цаг авч үйлчлүүлэх болсноос хойш урт дараалал үүсч, бөөгнөрөл бий болохоо больсон. Өдөрт гадаа цөөн тооны хүн дараалан зогсдог болсон.
-Энд цагдаагийн байгууллагаас нэлээд олон хүн ажиллаж байна. Шинжилгээний цэгүүдэд ямар асуудал гарч байна вэ?
-Энэ цэгт зургаан цагдаа, эмнэлгийн байгууллагаас найман хүн ажиллаж байна. Онлайнаар цаг олгож, шинжилгээ авах болсноос хойш урт дараалал үүсэх нь багассан. Гэхдээ цаг аваагүй иргэд л асуудал үүсгэж байна. Цаг аваагүй хэрнээ ямар нэгэн шалтгаан хэлж, шинжилгээ авахыг шаарддаг. Шалтгаантай байж болох ч түүнийгээ нотлох хэрэгтэй. Бидэнд 13А, нас барсны гэрчилгээ зэргийг үзүүлээд, шинжилгээгээ өгч болно. Бас хавьтагч болсон гэх хүмүүс учир байдлаа тайлбарлаад, зарим нь шинж тэмдэг илэрлээ шинжилгээ өгмөөр байна гэдэг. Гэхдээ бид зөвхөн цаг авсан хүнийг л нэвтрүүлэх үүрэгтэй болохоор тэднийг шууд оруулах боломжгүй. Энэ шаардлагыг тавихаар зарим хүмүүс бухимдаж, цухалдаад, өшиглөх нь ч бий.
"ХЭРЭВ БИ ХАЛДВАР АВСАН БОЛ ХИЧНЭЭН ХҮНД ТАРААЧИХ Ч ЮМ БИЛЭЭ"
Цагдаагийн ажилтантай ярилцаж зогсох зуур шинжилгээний цаг авсан хүмүүс орсоор цөөхөн хүн үлдсэн нь цаг аваагүй хүмүүс аж. Тэд яаралтай хөдөө явах шаардлага гарсан, эсвэл халдвар илэрсэн хүний хавьтагч болсон зэрэг олон шалтгаанаар шинжилгээ өгөх шаардлагатай болжээ. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа.
Иргэн Д “Өглөө 10.00 цагийн үед энд ирээд зогсч байна. Уг нь урьдынх шиг урт дараалал байхаа больж. Цаг авсан хүн нь шууд орж байна. Миний хувьд яаралтай ажлаар хөдөө явах шаардлага гарсан юм. Шинжилгээний цаг авах гэсэн чинь 14 хоног доторх цаг нь дуусчихсан байна. Өнөөдөр л шинжилгээ өгөх шаардлагатай байгаа болохоор хамгийн сүүлд нь ч байсан хамаагүй ороод, шинжилгээ өгчих гээд зогсч байна” гэлээ.
Мөн иргэн О “Манай найзаас халдвар илэрсэн юм. Миний хувьд найзтайгаа ажлын шугамаар уулзсан. Хавьтагч болсон, шинжилгээ өгмөөр байна. Хавьтагч болсноо ХӨСҮТ-д хэлэхээр цэгүүдэд очиж шинжилгээ өг гээд тоохгүй юм. Энд нь ирэхээр заавал цаг авсан байх шаардлага тавьж байна. Шинжилгээний цаг хүлээвэл 10 гаруй хонох гээд байна. Хэрэв би халдвар авсан бол цаг авч, шинжилгээний хариу гарах хүртэл 10 гаруй хоногт хичнээн хүнд халдвар тараачих ч юм билээ. Мэдээж халдвартай үгүйгээ мэдэхгүй болохоор ажлаа хийнэ, олон хүнтэй харьцана. Энд зогсох зуур нэг зүйлийг ажиглалаа. Энд ар гэрийн гачигдлаас гадна халдварын шинж тэмдэг илэрсэн, хавьтагч болсон хүн нь шинжилгээ өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хавьтагч болсон хүн шинжилгээ өгч чадахгүй байгаагаас халдвар тарааж байна. Тэгээд л өдөрт ийм олон халдвар илэрч байна шүү дээ” гэсэн юм.
PCR ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ШААРДАХ ЭСЭХИЙГ БАЙГУУЛЛАГА ДОТООД ЖУРМААРАА ШИЙДВЭРЛЭНЭ
Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэх боломж болон ямар газруудаар үйлчлүүлэхэд PCR шинжилгээний бичиг шаардаж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас тодрууллаа. Тэрбээр “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон яаралтай хагалгаанд ороход PCR шинжилгээний бичиг шаардаж байгаа. Харин эмнэлгийн хүлээн авахад ирж байгаа иргэнээс ийм бичиг шаардахгүй. Эмнэлгүүд өөрсдөө шинжилгээг нь хийгээд хүлээн авч байгаа. Бусад байгууллагуудын хувьд PCR шинжилгээний бичиг шаардах эсэхийг дотоод журмаараа шийдвэрлэнэ. Цэгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг Эрүүл мэндийн яамнаас асуух нь зөв байх. Манай зүгээс халдвартай хүнийг гэрээр эмчлэх, тусгаарлахад хяналт тавьж байна. Хэрэв Covid-19 авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдаж болно. Гэхдээ ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг. Гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэлээ.
Иргэн О-гийн хэлж байгаачлан хэрэв хавьтагч болсон иргэнийг “тоохгүй” орхиж байгаа бол энэ нь халдварын гинжин хэлхээ аалзны тор шиг хэрэх маш том эрсдэлийг бий болгоно. Тиймээс шинжилгээний цэгүүдийн тоог нэмэгдүүлж, шинжилгээ өгөх шаардлагатай хүмүүсээс яаралтай шинжилгээ авах шаардлагатай байна.
Сайхан мэдээ дуулгахад АШУҮИС-ийн эрдэмтдийн баг шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээсэн бөгөөд уг оношлуурыг өнөөдөр (2021.04.01) ашиглаж эхлэх юм. Эрдэмтдийн хэлж буйгаар, өдөрт хамгийн ихдээ 20 мянган хүнийг уг оношлуураар оношлох боломжтой ажээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ