АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт БНАСАУ хоёр баллистик пуужин харвасны дараа анх удаа Пёньяны талаар мэдэгдэл хийхдээ сэтгүүлчдэд “Умард Солонгос бол Вашингтоны гадаад бодлогод тулгамдаад буй хамгийн том асуудлуудын нэг” хэмээн ярьжээ. Олон ч ажиглагч БНАСАУ ойрын тусгалтай хоёр баллистик пуужин далайд харван туршсан явдлыг "Жо Байденд тавьж буй шалгуур" хэмээн дүгнэсэн юм.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өмнө нь АНУ-ын дарамт шахалтыг үл харгалзан дотоодынхоо цөмийн хөтөлбөрийг өргөжүүлэн, нөөц боломжоо ашиглан улам хүчирхэгжүүлнэ гэдгээ амлаж, өнгөрсөн долоо хоногт ойрын тусгалтай хоёр пуужин хөөргөж, туршилт хийсэн билээ. Харин Жо Байден дээрх үйлдэлд тохирох хариу барихаа амлаад, "Хэрвээ Ким Жон Ун бодлоо өөрчилбөл ямар нэг дипломат харилцаа тогтооход нээлттэй" хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн 20 гаруй жилийн туршид АНУ-ын Ерөнхийлөгч нар Пёньяны цөмийн хөтөлбөрийн эсрэг өөр өөрсдийн гэсэн олон аргаар тэмцсэн ч төдийлөн амжилт олоогүй билээ. Жишээлбэл, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 онд Ким Жон Унд хатуухан сануулга өгснийг хожим нь хүмүүс “Гал ба хилэн” хэмээн нэрлэсэн юм. Гэвч сануулга өгөх, эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэрэг аргууд үнэндээ Ким Жон Уны бодлыг өөрчилж чадсангүй. Мөн Трамп Ким Жон Унтай биеэр уулзан, захиагаар харилцаж дотноссон ч эцэст нь зорилгоо биелүүлж чадаагүй юм.
Өдгөө Умард Солонгос нийт 30-40 орчим цөмийн цэнэгт хошуутай гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй Ким Жон Уны дэглэм дор тус улсын арми пуужингийн технологио эрс сайжруулж байгаа талаар гадны хэвлэлүүд мэдээлж буй юм. Тухайлбал, Пёньян өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 гаруй удаа Сөүл, Токиод хүрэх хүчин чадалтай пуужин туршсан. Мөн Ким Жон Уны хэлснээр, түүнд АНУ-д хүрэхээр хэмжээний хүчин чадалтай баллистик пуужин ч бас бий гэдэг. Гэвч ажиглагчдын өмнөх туршилтууд дээр тулгуурлан дүгнэж буйгаар Пёньянд АНУ хүрэх хэмжээний чадалтай пуужин бий эсэх нь эргэлзээтэй аж.
Байр сууриуд
Умард Солонгосын асуудлыг судалдаг ихэнх мэргэжилтнүүд Пёньянтай харилцах тодорхой оновчтой арга үгүй гэдэгтэй санал нийлдэг. Учир нь Ким Жон Уныг зоргоор нь орхиж, цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломж олговол аюул заналхийлэл улам томорсоор байх бөгөөд эсрэгээр хэт их эсэргүүцвэл дайн дэгдэж, олон сая хүний амь хохирох аюултай.
Зарим ажиглагчид АНУ-ыг Ким Жон Уны цөмийн хөтөлбөрт хэт анхаарал хандуулан эсэргүүцэж, нэн даруй татгалзахыг шаардахаа болих нь цорын ганц гарц хэмээн үздэг. Тэдний тайлбарлаж буйгаар, цөмийн зэвсэггүй Умард Солонгосыг бүтээх нь чухал үнэ цэнтэй зорилго мөн гэдэгтэй санал нийлж байгаа ч бүтэхгүй зүйл гэлцэж байна. Мөн эдгээр ажиглагчдын үзэж байгаагаар Ким Жон Уны цөмийн хөтөлбөрийг хүчтэй эсэргүүцэх нь эргээд түүнийг цөмийн зэвсгээс аажмаар ухрах замд саад болж буй аж. Хэдийгээр дээрх арга нь Ким Жон Уны үзэл баримтлалд төдийлөн өөрчлөлт оруулахгүй боловч Умард Солонгосын ядарсан хэдэн сая ард иргэдийн зовлонг бага ч болов нимгэлэх учиртай.
Мөн зарим ажиглагчид Байденыг шийдэмгий байж, Пёньянд тавьсан хоригуудаа улам чангатгахын хажуугаар Солонгосын хойг дахь цэргийн сургуулилалтуудаа улам эрчимжүүлж, БНСУ, Япон зэрэг тухайн бүс нутгийн холбоотнуудтайгаа улам нягт холбоотой ажиллаж, нэгдмэл байдал тогтоох хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн олон шинжээч БНХАУ-ыг Ким Жон Уныг ятган, бодлыг нь өөрчлөх чадалтай цорын ганц орон хэмээн үздэг. Гэхдээ түүний тулд наад зах нь Вашингтон, Бээжин хоёр талын хүйтэн дайны мэт харилцаа зөөлрөн, буцаж хэвийн байдалдаа орох нэн шаардлагатай.
Дараад нь юу болох вэ?
Өнөөдрийн байдлаар Жо Байден Умард Солонгост баримтлах гадаад бодлогоо эргэн харж, дахин боловсруулж буй бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар түүний Пёньянд зориулсан шинэ гадаад бодлого ойрын хэдэн долоо хоногт бэлэн болох аж. Түүнчлэн олон ажиглагч АНУ дээрх бодлогоо эцэслэхээс нааш өнгөрсөн долоо хоногийн пуужингийн туршилтад тодорхой хариу өгөхгүй хэмээн дүгнэж буй. Гэхдээ Ким Жон Ун түүнээс өмнө дахин илүү түрэмгий алхам хийвэл Вашингтонд алгуурлаад байх шалтгаан үгүй юм.
Хэтийн төлөв
Ямар ч тохиолдолд дайн бол сонголт биш байх ёстой
АНУ-ын Гадаад хэргийн яамны Эрик Брюер, Сью Ми Терри нар “Трампын 2017 онд дурьдаж байсан цэрэг хөдөлгөх арга бол аймшигтай сонголт. Хэрвээ цэрэг хөдөлгөх л юм бол Пёньян бүх хүчээрээ эсэргүүцэж, цаашлаад бүс нутгийн хооронд дайн дэгдэх, тэр байтугай цөмийн дайн дэгдэх өндөр эрсдэлтэй” хэмээн ярьжээ.
Вашингтон эх орноо хамгаалахыг гол зорилгоо болгох ёстой
"National Review" редакцийн Реббека Хейнрих “АНУ болзошгүй нөхцөл байдлуудыг хамгийн муугаар тооцоолон, Умард Солонгосын заналхийллээс сэргийлэхийн тулд пуужингаас хамгаалах системээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээв.
Ким Жон Ун анхаарлын төвд байхыг л хүсч байгаа, Байден түүнийг тоох хэрэггүй
NBC агентлагийн цөмийн бодлогын мэргэжилтэн Том Плант “Умард Солонгосын цөмийн хөтөлбөр Жо Байдены санааг зовоох хэмжээнд хүчирхэгжиж чадахгүй. Ким Жон Ун хоосон заналхийллүүдээрээ ердөө анхаарал татахыг л хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Пёньянд нөлөөлөхийн тулд Хятадтай хамтрах хэрэгтэй
"Нью-Йорк Таймс" сонины Умард Солонгос судлаач Фрэнк Аум “Умард Солонгост нөлөөлөхийн тулд Пёньянтай улс төр, эдийн засгаар хамгийн нягт холбоотой байдаг Хятадтай хамтрах нь нэн чухал” хэмээсэн байна.
Вашингтон тэвчээртэй байх шаардлагатай
"Japan Times" сонины эрхлэгч “АНУ шинэ гадаад бодлогоо маш нухацтайгаар эргэн харж, холбоотнуудтайгаа ч маш сайн зөвлөлдөж, цаашид юу хийхээ шийдэх хэрэгтэй. Пёньяны эсрэг авах арга хэмжээ маш өндөр түвшинд төлөвлөгдсөн, ил тод байх шаардлагатай. Түүний тулд холбоотнууд үзэл санаагаа нэгтгэх нь чухал” гэжээ.
Үнэн хэрэгтээ Ким Жон Унтай харилцах зөв арга гэж үгүй
"Wall Street Journal" сэтгүүлийн Уолтер Рассел Мид “Ким Жон Уны бодлыг бүтэн эргүүлж, ирээдүйн бүх төлөвлөгөөг нь цуцлуулж чаддаггүй л юм бол Жо Байденд яг л өмнөх Ерөнхийлөгч нарын адил “хожлын хөзөр” гэж үгүй” хэмээн хэлсэн байна.
Эдийн засгийн хориг арга хэмжээ гэмгүй ард түмнийг зовоохоос цаашгүй
"Diplomat" агентлагийн Жессика Ж.Ли “Хориг арга хэмжээ бол бодит стратеги гэхээс илүү ердөө улс төрийн жүжиг төдий зүйл. Мэдээж АНУ-ын хувьд Солонгосын хойгт тогтвортой байдал бүрдэх нь чухал. Гэвч энгийн гэмгүй ард иргэдийг хамарсан хатуу чанга арга хэмжээнүүд нь АНУ-ын дэлхийд эзлэх нэр хүнд, үнэлэмжид халтай” хэмээжээ.
АНУ энэ асуудалд бодитоор хандах цаг болсон
"USA Today" редакцийн Майкл О.Ханлон “Бид зорилго, зорилтуудаа багаас нь эхлүүлэх ёстой. АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй гүрэн гэж хүлээн зөвшөөрөлгүй, цаашид цөмийн зэвсэггүй болгох зорилгоо хадгалж үлдэх хэрэгтэй. Гэхдээ одоо бид Пёньяны цөөхөн хэдэн бөмбөгөөс өөр зүйлд анхаарлаа хандуулах нь чухал. Ингэснээрээ бид богино хугацаанд Ким Жон Уны цөмийн зэвсэг улам олширч, орчин үежихээс сэргийлэх юм” хэмээн тайлбарлажээ.
Байден АНУ-ын манлайллыг баталгаажуулахын тулд шуурхай ажиллах хэрэгтэй
"Washington Post" сонины Жош Рогин “Умард Солонгос хүч чадлаа хүлээн зөвшөөрүүлэх гол зорилго өвөрлөж байна. Иймээс Байден удаан чимээгүй байвал Ким Жон Ун дахин бүр том туршилт хийн, нам гүм байдлыг эвдэж магадгүй юм. Улмаар ямар ч бодит дэвшил гаралгүй, өнөөх л үр дүнгүй дайсагнал дахин давтагдана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хоёр орны хурцадмал асуудлыг эдийн засгийн хамтын ажиллагаа аварч магадгүй
Гадаад бодлогын мэргэжилтэн Кристофер Лауренс “Эдийн засгийн хамтын ажиллагаа, ажлын байр санал болгох зэрэг нь Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзах, цаашлаад хоёр орны хооронд дайсагналыг үгүй хийж, шинэ, амжилттай дипломат харилцаа тогтоох хамгийн ирээдүйтэй арга байж болох юм” хэмээжээ.
Эх сурвалж: THE360
Холбоотой мэдээ