Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгаттай ярилцлаа.
-С.Эрдэнийн талын АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе. Өнөөдөр АН-д шинэчлэл гэхээсээ илүү эв нэгдэл хамгийн чухал болсон байна. Ардчилсан намын шинэ даргын хувьд таны эхний хийх ажил намаа бүрэн бүтэн авч үлдэх. Намынхаа талцал, зодооныг таслан зогсоож, эв нэгдлийг хангах чиглэлээр яг юу төлөвлөж байна вэ?
-“С.Эрдэнийн талаас нэр дэвшлээ” гэж та тодотгож хэлж байх шиг байна. Монголд хууль ёсны тамга тэмдэгтэй нэг л Ардчилсан нам бий. Бүр тодруулж хэлбэл, хуулийн этгээдийн хувьд албан ёсны тамга, гэрчилгээтэй, мөн дүрэмтэй намаас нэр дэвшиж, сонгогчдынхоо олонхын саналыг авлаа. АН-ын гишүүдийн дунд жаахан ойлголтын зөрүү байх нь байгаа. Өнгөрсөн хугацаанд манай намд болсон процессийг дүгнэхэд тамга тэмдэг булаацалдаж, талцсан гэхээс илүү үзэл санааны тэмцэл явагдсан. АН баруун төвийн нам. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нам байх уу, эсвэл хэн нэгэн эрхтэн дархтаныг өндөр сэнтийд залж, түүнийгээ дагадаг сүрэг байх уу гэх хоёр сонголтын өмнө ирсэн. Тэгэхээр манай намын "эсрэг" талын хүмүүс ойлголтоо зөв болгоосой гэж хүсч байна. Албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэгтэй талаас намын даргад сонгогдсон ч гэсэн миний хувьд асуудалд аль болохоор уян зөөлөн хандана. Хоёр талаасаа маш сайн ярилцаж, зөв ойлгуулахын төлөө хүчин чармайлт гаргана.
-Ц.Тувааны АН-аас ялалт байгуулсан О.Цогтгэрэлтэй уулзсан уу. С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын хэрүүлийг О.Цогтгэрэл та хоёр цаашид үргэлжлүүлэх нь тодорхой болчих шиг?
-Намын дүрмийн дагуу дотоод сонгууль зохион байгуулагдсан. Элдэв хэл ам, зөрчил гараагүй, нэр дэвшигчид бодлогын түвшинд шударга өрсөлдлөө. Намын дүрмийн дагуу хийсэн сунгааны үр дүнд ялсан хүнийг Улсын дээд шүүх бүртгэх учиртай. Энэ дагуу процессын ажлууд одоо явагдана. Дүрэм зөрчигдсөн асуудал байхгүй учраас дараагийн процессууд асуудалгүй шийдэгдэнэ гэж бодож байна.
-Ардчилсан нам өнгөрсөн 31 жилийн хугацаанд Монголын улс төрийн хүчнүүдийн нэг тулах багана байсан. Гэтэл өнөөдөр АН хүчгүй, сулбагар нам болж хувирчээ. АН-ын хүчгүйдэх, хоёр хуваагдах болсон шалтгаан хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Нөгөөтэйгүүр танай нам “Бодлогын нам болно” гэдгээ аль эрт зарласан ч үүндээ хүрч чадаагүй. Тэгэхээр АН бодлогын, төлөвшсөн том институци болоход та юу хийж чадах вэ?
-Үзэл баримтлал, суурь зарчим дээрээ тууштай явж чадаагүйтэй холбоотой гэж хэлнэ. Мөн намын дотоод ардчилал хангалтгүй явж ирсэн. Намын тодорхой шатууд нь хаалттай, гаднаас салхи оруулдаггүй байсантай ч холбон тайлбарлана. АН-ын бүх шатанд намынхаа үзэл баримтлалыг дахин суулгаж үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ бүгд нэгдмэл болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, намын бүх шатанд үүссэн асуудал, гажуудлыг дүрмийн дагуу цэгцэлж гишүүддээ нээлттэй, ил тод нам болгохын төлөө ажиллана. Ингэж чадвал манай нам маш хүчтэй босч ирж чадна. Суурь нь ч бий.
-Үндсэндээ танай намын зөрчил үзэл бодлын үл ойлголцол гэхээсээ хувь хүмүүсийн хоорондын зөрчлөөс болсон юм биш үү. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ардчилсан намыг хүчгүйдүүлэх бүхий л ажлыг Ардын намтай хамтарч хийсэн гэх хардлага байдаг?
-Дахиад л хэлье, манай намд үзэл санааны зөрчил үүссэн. Гэхдээ эрхтэн дархтаныг хүрээлсэн, тойрсон масс бий болж, эрх мэдэлд хүрдэг гишгүүрээ болгох тэр чиглэл рүү АН сүүлийн жилүүдэд явсан нь үнэн. Гишгүүрээ болгохын тулд үзэл баримтлал нь зүүн, баруун байх нь сонин биш ийм хэсэг бүлэг бий болсон гэсэн үг. Намын X Их хурлыг зохион байгуулахаас эхлээд өнгөрсөн жилийн намраас хойш энэ бүхэн ил тод болж эхэлсэн. Харин нөгөө талд нь намынхаа үзэл баримтлал, үндсэн зарчимд тууштай зогссон гишүүд олон бий.
-АН таван намаас нэгдсэн, дотроо их амбицтай, талцалтай. Хоёр, гурав хуваагдсан, хэрүүл, тэмцэлтэй намын даргаар ажиллах асар хүнд ачааг та үүрэх нь. Магадгүй хэдэн сарын дараа М.Тулгат шиг хамгийн муу хүн АН-д бүү хэл Монголд байхгүй болж хувирахыг үгүйсгэхгүй. Та үүнд бэлэн байна уу?
-Амаргүй үүрэг, хариуцлага надад оногдож байгаа нь үнээн. Нэгэнтээ би ачааны хүндийг үүрэхэд бэлэн гээд сунгаанд оролцсон. Эргэж буцалтгүйгээр намынхаа үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулна.
–Таныхаар намын дарга ямар байх ёстой вэ. Зарим хүн бол ганцаарчилсан тоглолт хийдэг. Зарим нь багийн тоглолтод анхаардаг. Таны "тоглолт" сонирхол татаж байна?
-Лидер бүр өөр өөрийн гэсэн арга барилтай. Миний хувьд өөрөө тодрох гэхээсээ илүүтэй хамтын шийдвэр гаргадаг, хамтдаа хүчтэй байхын төлөө ажиллана. Намын даргын ажлаа албан ёсоор хүлээж авсны дараа миний үг, үйлдэл бүх зүйлийг АН гэж харна. АН-ын 200 мянган гишүүний итгэл найдвар, ардчиллыг улам төгөлдөржүүлэх гэсэн тэдний хүслийг ажил хэрэг болгох асар том үүрэг, хариуцлага хүлээх хүн гэж хэлнэ. Намын үзэл баримтлал, дүрмээ хатуу барьж, мөн ардчиллынхаа зарчмыг намын бүх шатанд шингээж ажиллах нь намын даргын үүрэг.
-Ардчилсан нам залуу даргатай болж байна. Гэхдээ танай намын ах нар залуучуудаа дээшээ гаргахдаа хойрго. Залуучууд нь "ах нар"-таа дургүй. Гэтэл Ардын намд үе солигдож байгааг та анзаарсан байх. Нөгөө талаар Ардын нам ахмадуудынхаа заавар зөвлөгөө, туршлага, мэргэшлийг бас ашиглаж байна. Товчхондоо, уламжлал ба шинэчлэл гэх хослолыг барьж ажиллаж байна. Харин танай нам бие, бие рүүгээ "хов, хэрүүл" шидээд сууж байх нь зөв үү?
-Улс төрийн намд хэн нэгнийг нас, хүйс, нутаг усаар нь ялгаварлах хамгийн утгагүй зүйл. “Хууччуул нь залуустаа зайгаа тавьж өг” гэсэн тэр хандлагад би тун дургүй. Би ахмадуудаа үгүйсгэхгүй. АН бол үзэл баримтлалаараа нэгдэж, дүрмээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн нэгдэл. Тиймээс миний хувьд нас, хүйс, нутаг ус, шашин шүтлэг үл харгалзан АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийг зөвшөөрсөн хэнтэй ч нээлттэй хамтарч ажиллана.
-Ингэхэд та АН-ын дарга болохдоо хэний дэмжлэгийг авав. Тухайлбал, О.Цогтгэрэлийг Ерөнхийлөгч ил цагаан дэмжсэн. Харин таны ард З.Энхболд байгаа гэх мэдээлэл ч цацагдсан. Та ер нь З.Энхболдтой ямар, харилцаа холбоотой хүн бэ?
-Миний ажилладаг компанийг З.Энхболд гуайтай холбодог байсан тал бий. Бид хоёрын хооронд аваа өгөө, наймаа тохироо байхгүй. Ямар нэгэн сэжим, холбоос ч байхгүй. Та нар санаж байгаа байх, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар миний нэр дэвших гэж байсан тойргийг З.Энхболд гуай хүчээр булааж авсан шүү дээ. Түүнд тойргоо булаалгаад би УИХ-д нэр дэвшиж чадаагүй. Гуравт, АН-ын дотоод сонгуулийн цахим санал хураалтыг хамгийн их эсэргүүцсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд. Энэ мэтийг бодоод үзсэн ч намайг тэр хүнтэй холбох ямар ч холбоос байхгүй. Шулуухан хэлэхэд, З.Энхболд гуай АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийн эсрэг буюу зүүний үзэл баримтлалтай юм шиг харагддаг. Улс төрийн намын үйл ажиллагаанд гишүүдийг үзэл баримтлал нь нэгтгэдэг. Түүнээс ашиг сонирхол, эрх мэдлийн амбицаараа нэгддэггүй. Манай намын хуучин лидерүүд намын үзэл баримтлалдаа тууштай биш, улс төрийн арай өөр бодолтой хүмүүс гэж харагддаг. Тэдний нэг нь З.Энхболд гуай.
-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед АН-аас хэнийг сойх нь хүн бүхэнд сонин байна. Энэ мэдээж, таны бодлогоос бас хамаарна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүнд ямар шалгуур тавих вэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ шүү дээ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх нь нэн яаралтай хийх ажлын нэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалттай. Мөн манай намын дүрэмд нийт гишүүд дундаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Энэ хоёр заалтын дагуу нэр дэвшүүлэлт явагдана.
-Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээ зарласан эхний хүн бол Ц.Оюунгэрэл. Тэрбээр “Хэрэв нам нь дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж хэдийнэ мэдэгдсэн. Мөн сая дотоод сонгуулийн үр дүнгийн дараахан хэлсэн үгэндээ “АН-ын даргын сунгаа бол миний хувьд тэрхүү том давааны бие халаалт байлаа” гэж хэлсэн. АН-ын шинэ даргаар сонгогдсон хүний хувьд энэхүү мэдэгдлийг нь хэрхэн хүлээж авав?
-Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер манай намд олон бий. Тэдний нэг нь Ц.Оюунгэрэл. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь тэдэнд бүрэн нээлттэй. Дүрмийн дагуу намын гишүүд маань шийдвэрээ гаргана. Миний хувьд нэр дэвшүүлэлтэд зарчим, дүрмээ барьж ажиллана.
-Улс төрийн хүрээнийхэн таныг “Хонх”-ын Цогтсайхан агсны ахынх нь хүүхэд гэдгээр сайн мэдэх байх. Харин иргэд бол сайн мэдэхгүй. Хувь хүн талаасаа М.Тулгат гэж яг хэн бэ?
-Ардчиллын үнэт зүйлийг багаасаа хайрлаж өссөн хүний нэг. Өнөөдөр ардчилалд аюул, заналхийлэл учирч байгааг зүгээр хараад суухыг хүсээгүй. Нэг өглөө босоход дарангуйлал тогтсон байхыг ч үгүйсгэхгүй тийм нөхцөлд бид амьдарч байна. Ардчилал гэдэг бол монголчуудын хөгжил, тусгаар тогтнолын баталгаа. Энэ утгаараа ардчиллыг тордож хамгаалахад зарчмаа бариад, тууштай явж чадах хүн гэж өөрийгөө тодотгож хэлье дээ. Мөн хэн ч намайг худалдаж авч чадахгүй. Хэн ч намайг айлгаж чадахгүй.
-АН-ыг буцаад сэргээсэй гэж маш олон дэмжигч хүсч, хүлээж байгаа. Тэгэхээр намын гишүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Намын гишүүд улс төрийн, нийгмийн идэвхтэй хүмүүс учраас асуудалд зөв дүгнэлт хийж чадах байх. Сургаар, эсвэл бусдын үгээр асуудалд бүү хандаасай гэж хүсмээр байна. Мөн бие биеэ харлуулж, битгий дайраарай. Дунд нь ойлголтын жаахан зөрүү байгаа болохоос биш бүгд л ардчиллын төлөө яваа хүмүүс. Шулуухан нэг зүйлийг хэлэхэд, АН-ыг албан тушаалын гишгүүр болгох гэж андуурч орж ирсэн цөөн хэдэн хүн улс төрийнхөө эрх чөлөөг эдлээд, өөрсдийнхөө байх ёстой газраа очих нь зөв байх.
Холбоотой мэдээ