МҮОНРТ-ийн 2020 оны үйл ажиллагааны хураангуй тайлан | News.MN

МҮОНРТ-ийн 2020 оны үйл ажиллагааны хураангуй тайлан

МҮОНРТ-ийн 2020 оны үйл ажиллагааны хураангуй тайлан

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлд заасны дагуу 2020 онд МҮОНРТ-ээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна.  МҮОНРТ нь “Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч, оюуны өмчийг дээдлэгч, Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх” эрхэм зорилгын хүрээнд радиогийн 3 суваг, телевизийн 5 суваг, mnb.mn  цахим хуудсаар дамжуулан үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.


Үндэсний зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийхээр заасан бөгөөд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 2020 онд 9 удаа хуралдаж, 29 тогтоол шийдвэрийг гаргаж ажиллав. Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлөөс тухайн онд 12 санал дүгнэлт бэлтгэж Үндэсний зөвлөлийн хуралдаанд оруулж танилцуулсан байна. Мөн Хяналтын зөвлөлийн дэргэдэх Дотоод аудит нь 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу тайлан бэлтгэж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэн, гүйцэтгэх удирдлагад зөвлөж, дүгнэлтээ хүргүүлээд байна.

Нэг. Зохион байгуулалтын чиг үүргийн хүрээнд 

Улсын Их Хурлын 44 дүгээр тогтоолоор Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Энхмандах, Д.Цэндсүрэн, З.Энхболд, Б.Батбаяр, Д.Нямсамбуу, Б.Золбаяр нарын бүрэн эрхийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусаж, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын дугаар 43 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Ганболд, М.Наранбаатар, Г.Отгонбаяр, М.Уянга, Д.Цоодол нарыг томилов.

Хоёр. ОНРТ-ийн тухай хуулийн 25.9 заалтын дагуу Үндэсний зөвлөлийн хуралдаан болон үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлсэн байдал

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлд заасны дагуу 2020 онд МҮОНРТ-ээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна. 

Гурав. Үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тогтоолууд хэрэгжсэн байдлаас харахад гадаад томилолттой холбоотой тогтоолууд хэрэгжээгүй болно. Энэ нь дэлхий дахинд тархсан шинэ төрлийн коронавирус COVID-19 цар тахалтай холбоотой юм.

Дөрөв. Дотоод ажлын хүрээнд

Хэдийгээр дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус COVID 19 цар тахал тархсан, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс орон даяар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарлаж, МҮОНРТ нь ажлын тусгай горимд шилжин ажилласан ч  Үндэсний зөвлөл хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн цаг тухай бүрдээ хуралдаж байгууллагын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, гүйцэтгэх удирдлагад үүрэг даалгавар өгч ажиллав. Тайлант онд Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөлийн зүгээс хийсэн томоохон ажлын нэг нь МҮОНРТ-ийн Санхүүгийн Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Баримт Бичгийг шинэчлэн боловсруулныг хэлэлцэн баталсан нь цаашид МҮОНРТ-ийн санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд том алхам болсон юм. 

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

МҮОНРТ-ийн 2020 оны төсвийн төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг өмнөх жилийн гүйцэтгэл, тус онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, салбар нэгжийн санал зэрэгт үндэслэн боловсруулж Үндэсний зөвлөлд хүргүүлэн хэлэлцүүлж, төсвийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулав. МҮОНРТ-ийн стратегийн төлөвлөгөөтэй уялдуулан  220 ажил хийхээр төлөвлөж 135,7 ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд төлөвлөгөөний биелэлт 62 хувьтай гарлаа.

2020 онд шинэ төрлийн коронавирус  /COVID-19/ халдварт цар тахал дэлхий нийтэд тархаж, олон улсын болон манай улсын эдийн засагт хүнд нөхцөл байдал үүссэн билээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлэх гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн үеийн бэлэн байдал, зохион байгуулалтыг холбогдох дүрэм журмын хүрээнд авч хэрэгжүүлж халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн, олон нийтийг мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллаж ирлээ.

Тайлант хугацаанд МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл 36 удаа хуралдаж, хуралдаанаар давхардсан тоогоор 317 асуудал хэлэлцэв. Үүнээс үүрэг даалгавар чиглэл өгөгдсөн 197 асуудал, 34 өргөдөл хүсэлт, 99 асуудлыг эцэслэн шийдвэрлэв.

Байгууллагад мөрдөгдөж буй нийт дүрэм журамд дүн шинжилгээ хийж, шаардлагатай дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулах ажил үргэлжлэн 17 журам, дүрмийг шинээр баталж нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэв.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй улс оронд бий болсон урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Уг тодотголоор МҮОНРТ-ийн төсвийн санхүүжилт 5,250,000.0 мянган төгрөгөөр хасагдаж байгууллагын санхүү хүнд байдалд орсон юм.

Санхүү, эдийн засаг хүндрэлтэй байсан хэдий ч ажилтнуудын нийгмийн хамгааллыг хангах үүднээс Ерөнхий захирлын 2020 оны А/28 дугаар тушаалаар нийт ажилтнуудын үндсэн цалинг 100,000 төгрөгөөр нэмж цалингийн сүлжээг шинэчлэн батлав. Үүний үр дүнд 2020 онд дундаж цалингийн хэмжээ өмнөх оныхоос 8,4 хувиар өслөө.

Монгол Улсын Засгийн Газраас  2019-2020 оныг “Хүүхдийг хөгжүүлэх” жил болгон зарлаж гэр бүлийн боловсролыг нэн тэргүүнд тавих болсон энэ цаг үед гэр бүлийн MNB ГЭР БҮЛ” сувгийн төслийн ажил хийгдэж байна. MNB ГЭР БҮЛ суваг нээх тусгай зөвшөөрлийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос авч 2020 оны 5 дугаар сарын 25 нд “MNB ГЭР БҮЛ” сувгийн туршилтын эфир нээлтээ хийж  10.00  цагаас 20.00 цаг  хүртэл нэвтрүүлэг үзэгчдэд хүргэж эхлэв.

Байгууллагын үндсэн үйл ажиллагааг дэмжих маркетинг менежментийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулан томоохон гэрээ хэлэлцээрийг байгуулан ажиллав. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөсөн зар сурталчилгааны орлогууд тасарсан, зах зээл хумигдан бэлэн мөнгөний урсгал багассан ч бартер солилцооны орлогыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгууллаа. 2020 оны жилийн эцсийн байдлаар маркетингийн үйл ажиллагаатай холбоотой нийт 140 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан 1,803,175,841 /нэг тэрбум найман зуун гурван сая нэг зуун далан таван мянга найман зуун дөчин нэг/ төгрөгийн өөрийн үйл ажилллагааны орлогыг төвлөрүүлсэн байна.

2020 онд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэний улмаас салбар нэгжийн үйл ажиллагааг шат дараатай хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллалаа. Оны эхний хагаст үйл ажиллагаа нь хязгаарлагдсан алба, нэгжийн сул зогсолтод хамрагдсан 399 ажилтанд үндсэн цалингийн 70%, 400 ажилтанд үндсэн цалингийн 80%, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй 76 ажилтанд үндсэн цалингийн 100%-тай тэнцэх сул зогсолтын олговор, 2020 оны 06 дугаар сард 156 ажилтанд үндсэн цалингийн 80%, 145 ажилтанд үндсэн цалингийн 100%-тай тэнцэх сул зогсолтын олговор олгож, гэрээс ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ирэв.

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал хугацаанд онцгой нөхцөл, хэвийн горимоор ажиллах, хязгаарлалтад хамруулах гэсэн 3 чиглэлээр ажилтнуудыг ажиллуулах, 2020 оны арван хоёрдугаар сарын 01-нээс 31-нийг дуустал хугацаанд хоёр ээлжээр тусгай горимд шилжин ажиллав.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30 хүртэл, 2020 оны 11 дүгээр сард ажлын цагийн хуваарийг 09.00-16.00 цаг хүртэл болгож ажлын цагийг богиносгов.

Ерөнхий захирлын 2020 оны А95 дугаар тушаалаар “МҮОНРТ-ээс эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр авах зарим арга хэмжээний хүрээнд 2020 оны  09 дүгээр сард 92 ажилтан, 2020 оны 10 дугаар сард 103  ажилтныг албан тушаалын үндсэн цалингийн 70 хувьтай тэнцэх цалингаар цалинжуулж, үндсэн ажил үүргийн 70 хувьтай тэнцэх ажил үүргээр ханган ажиллуулах тухай тушаал гарган хэрэгжүүллээ.

МҮОНРТ-д тайлант онд нийт 722 албан бичиг ирснийг холбогдох салбар нэгжид цаг тухай бүрд хүргүүлэн шийдвэрлэв. Мөн бусад байгууллагад нийт 930 албан бичиг илгээсэн болно.

  ХӨТӨЛБӨРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД

МҮОНР, МҮОНТ нь "Олон нийтийн радио, телевизийн тухай хууль"-д заасан хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллага, цаг үеийн шаардлагатай хөл нийлэх, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, чанартай төсөл хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, хөтөлбөрийн олон талт байдлыг ханган ажиллахыг зорив.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО 

2020 онд  МҮОНР-ийн I суваг 6205 цаг, III суваг Р3 радио 5840 цаг, Монголын Дуу Хоолой радио 1680 цагийн нэвтрүүлэг бэлтгэн сонсогчдод хүргэлээ. Дэлхий нийтээр тархсан шинэ төрлийн коронавирус цар тахалтай холбоотойгоор Монголын радиогийн хөтөлбөрийн бүтцэд тодорхой өөрчлөлтүүд орж байв. Тухайлбал, Монголын радиогийн I суваг нь нэгдүгээр улиралд батлагдсан сүлжээний дагуу хөтөлбөрөө явуулав. Дурдсан хугацаанд 17 цагийн 1 өдрийн хөтөлбөрт шууд нэвтрүүлэг 32%, бичлэгийн шинэ нэвтрүүлэг 21%, мэдээ мэдээлэл 16%, дуу хөгжим 6%, давталтын нэвтрүүлэг 11% эзэлж байв. Харин өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан хоёрдугаар улирлаас  программын бүтэц бүхэлдээ өөрчлөгдсөн болно. Тодруулбал, ажлын өдрүүдэд нэвтэрдэг ”Өглөө”, “Тэнхлэг” шууд хөтөлбөрүүд  зогссон. Ингэснээр 2 дугаар  улиралд  нийт эфирийн 65%-ийг давталт, дуу хөгжим, фондны нэвтрүүлэг эзэлсэн байна.

НЭВТРҮҮЛГИЙН БҮТЦИЙГ ГРАФИКААР ХАРУУЛБАЛ:

“Хурд” агентлаг 2020 онд цаг үеийн болон сэдвийн 6000 гаруй мэдээг бэлтгэн сонсогчдод хүргэлээ. Цаг тутмын мэдээний хувьд коронавирусний халдвартай холбоотой агуулга бүхий мэдээ дийлэнхийг нь эзэлж байв.

COVID-19 цар тахалтай  холбоотой төр засгаас гаргасан шийдвэрүүд, ЭМЯ-ны мэдээллийг цаг тухай бүрт нь шууд дамжуулан хүргэлээ. Үүнд, ЭМЯ-ны мэдээлэл 300 гаруй, Засгийн газар, УОК-ын шийдвэрийг 60 гаруй удаа, УОК-ын шуурхай штабын мэдээллийг 26 удаа шууд дамжуулж, мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэлээ.   Мөн цаг үеийн 3500 гаруй гадаад  мэдээг сонсогчдод хүргэсэн байна.

ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛ

Дэлхий дахинд тархсан шинэ төрлийн коронавирусний халдвараас хэрхэн сэргийлэх талаар нийтдээ 80 шторк зөвлөмж, ЮНЕСКО-ийн захиалгаар COVID-19 цар тахлын талаар 9 зөвлөмж шторк бэлтгэн олон нийтэд тогтмол хүргэж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан Цагаан сарын үеэр болдог "Алтан төлийн эзэн" шагнал гардуулах ажиллагааг 5 дугаар сард зохион байгуулж, ажил үйлсээрээ шалгарсан 116 малчин “Алтан төлийн эзэн” боллоо.

Цагаан сарын өдрүүдэд Монголын радио 4 өдрийн тусгай нэвтрүүлэг бэлтгэж сонсогчдод хүргэлээ. Үүнд: “Монголын радио 21 аймгаас” 20 цуврал, мөн  “Туульсын хавар”, “Мөр гаргах ёс”, “Монгол дахь дэлхийн өв” зэрэг 32 контент, нийтдээ 52 нийтлэл нэвтрүүлэг шинээр бэлтгэв.

Цар тахлын улмаас орон даяар бүх шатны сургуулийн танхимын сургалтыг зогсоосон тул 1 дүгээр улиралд ажлын өдрүүдэд ЕБС-ийн 12 дугаар ангийнханд зориулсан 14 төрлийн теле хичээлийг өдөрт  120 минутаар, нийтдээ 810 минутын радио хичээл бэлтгэн нэвтрүүллээ. Теле  хичээл 44 дугаарыг  “Монголын Радио” фэйсбүүк хуудсаар   дүрстэй шууд дамжуулав.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6 дугаар сарын 1-нд тусгай хөтөлбөр бэлтгэж 25 шинэ контентыг сонсогчдын хүртээл болгов.

2020 он бол УИХ-ын болон  орон нутгийн  сонгуулийн жил байлаа. Энэ удаагийн сонгууль нь Сонгуулийн тухай хууль шинэчлэгдсэн мөн цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулагдсанаараа онцлог. Монголын Радио  Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч “Сонгогч таны боловсролд” 22 цуврал нэвтрүүлэг бэлтгэж, шинэчлэн батлагдсан хуулийн зүйл заалтыг сонсогчдод тайлбарлан хүргэлээ. Мөн цар тахлын үед иргэд сонгуульд хэрхэн оролцох, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн барьж саналаа өгөх талаар 12 зөвлөмж шторк бэлтгэв. УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар МҮОНРТ сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл, бие даагчдад ижил тэнцүү цаг олгож сурталчилгааны нэвтрүүлгийг үнэ төлбөргүй явуулах үүрэг хүлээдэг. Энэ дагуу сонгуулийн түр редакц байгуулж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч тус бүрт 15 минутын 606 удаагийн цаг гаргаж нэвтрүүлгүүдийг радио долгионоор болон цахим орчинд дүрстэй явууллаа. 21 хоногийн хугацаанд  нийтдээ 577 удаагийн  8655 минутын нэвтрүүлэг сонсогчдод хүрсэн бөгөөд 40% буюу 230 орчим нэвтрүүлгийг манай сэтгүүлчид өөрсдөө бэлтгэсэн байна. МҮОНР нь УИХ-ын  сонгуулийн санал хураалтын өдөр буюу 06 дугаар сарын 24-нд 24 цагаар ажиллаж санал хураах үйл ажиллагаа, үр дүнг үндсэн суваг болон цахимаар шууд дамжууллаа. Энэ удаагийн сонгуульд явуулын станцаас гадна цахим шууд дамжуулалтын төхөөрөмж анх удаа  ашигласан нь шинэлэг байлаа.

2020 онд мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж, МҮОНР хуулиар хүлээсэн үүргийн дагуу “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль”-ийн сурталчилгааны нэвтрүүлгийг 09 дугаар сарын 30-наас 10-р сарын 13-ныг дуусталх хугацаанд  14 хоногийн турш үнэ төлбөргүйгээр нэвтрүүллээ.  Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон хуваарийн дагуу сонгуульд нэр дэвшсэн 1 эвсэл, 90 нам, 129 бие даагчдад нийт 3360 минут буюу 10 минутаар 336 удаагийн цаг гаргаж нэвтрүүлгүүдийг радио долгионоор явууллаа.  Энэ хугацаанд нийтдээ 197 удаагийн 1970 минутын нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн байна. Мөн СЕХ-той хамтран сонгогчдын боловсролд зориулсан 15 цуврал нэвтрүүлэг, 3 ярилцлагыг бэлтгэв.

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг МҮОНР орон даяар шууд дамжуулан сонсогч, наадамчин олонд хүргэлээ. Энэ жил наадмыг Ковид-19 цар тахлын улмаас үзэгчгүй хийхээр шийдвэрлэсэн тул баяр наадмын хөтөлбөрт эх орны үнэ цэнэ, ард түмэн, эв нэгдэл, бүрэн эрхт байдлын талаар судалгаанд түшиглэсэн бодлогын томоохон нэвтрүүлгүүд төлөвлөж, 80 нэвтрүүлэг шинээр бэлтгэн хүргэв. МҮОНРТ-ийн хувьд энэ жил баяр наадмыг  Монголын Телевизүүдийн холбооны гаралтыг авч дамжуулав.

Монголын Радио 12 дугаар сарын 30-нд Хүүхдийн төлөө фондын нээлтийн үйл ажиллагаа, “Бүхнийг хүүхдийн төлөө” хандивын онлайн тоглолтыг шууд дамжууллаа.

12 дугаар сарын 1-нээс ээлжээр ажиллах горимд шилжсэн хэдий ч шинэ жилийн баярын өдөр буюу 12-р сарын 31-нд 19 цагийн хөтөлбөр шинээр бэлтгэж хүргэлээ. Үүнээс, УГЖ Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог, “The Hu” хамтлаг зэрэг рок попын одод оролцсон “Монголчууд хамтдаа” 3 цагийн онлайн тоглолт, алтан санд хадгалагдаж буй ховор яриа дурсамжаар бэлтгэсэн “Саранд өргөсөн нарны дуулал” хөтөлбөрийг онцлон нэрлэж болно.

Мөн “Өглөө” хөтөлбөр,  он солигдох мөчид буюу 12 дугаар сарын 31-ний 23.00-01.00 цагт нэвтэрсэн  “Боломж ямагт байдаг” хөтөлбөрт гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд цахимаар шууд оролцсон нь шинэлэг байв. Тайлангийн хугацаанд,  “Монголын Радио” фэйсбүүк хуудсаар нийтдээ 1000 гаруй удаагийн LIVE явуулсан бөгөөд COVID-19 цар тахалтай  холбоотойгоор 1 дүгээр сарын 28-наас эхлэн өдөр бүр ЭМЯ-ны шуурхай мэдээллийг шууд дамжуулж байна. ЭМЯ-ны шуурхай мэдээллийг 300 удаа , УОК болон УОК-ийн шуурхай штабын мэдээллийг  62 удаа  олон нийтийн сүлжээнд дүрстэй дамжуулжээ. Мөн УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны, үнэ төлбөргүй 508 нэвтрүүлгийг LIVE шууд дамжууллаа.

2020 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар “Монголын Радио” фэйсбүүк хуудас 66428 дагагчтай байна.

“МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ” РАДИО

2020 онд “Монголын дуу хоолой” радио давталттайгаар нийт 1680 цагийн нэвтрүүлгийг бэлтгэж гадаадын сонсогчдод богино долгионоор (short-wave) хүргэсэн. Мөн vom.mn сайт, Voice of Mongolia фэйсбүүк пэйжээр дамжуулан сошиал орчны хэрэглэгчдэд хүргэв.

2020 онд цар тахлаас шалтгаалан 784 цагийн шинэ, 896 давталтын нэвтрүүлгийг эфирт бэлтгэн, гадаадын сонсогчдын хүртээл болгожээ. Шинэ нэвтрүүлэг бэлтгэн хүргэх байдал 2019 онтой харьцуулбал 7% буурсан дүнтэй байна. “Монголын дуу хоолой” радио 2020 онд 35 орноос 1630 захидал, и-мэйл хүлээн авлаа. Энэ нь өмнөх оноос 34% буурсан үзүүлэлт болов. Иймд сонсогчидтойгоо цахимаар харилцахад анхаарлаа хандуулж байна. Сонсогчид нийгмийн сүлжээг ашиглан харилцах нь элбэг болсон тул Хятад хэлний редакц Хятад улсад хамгийн олон хүн хэрэглэдэг Wechat, QQ чатыг ашиглан “VOM Хятад нэвтрүүлгийн сонсогчдын групп”-ээрээ дамжуулж сонсогчдыг идэвхжүүлэн ажиллаж байна. Мөн англи хэлний нэвтрүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Германы “360” радиогоор Герман болон Европын орнуудад  дахин дамжуулж байна. Өмнөх жилүүдийн адилаар Японы сонсогчид хамгийн олон асуулт захидал ирүүлжээ. Цар тахлын үед Монголын нөхцөл байдал ямар байгаа талаар болон улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ мэдээ, нэвтрүүлгийг сонсохыг хүссэн цахим захидал, хүсэлт олноор ирж байна.

“Р3” РАДИО

2020 онд Р3 суваг 5840 цагийн эфир нэвтрүүлэх байсан ч цар тахалтай холбоотойгоор нийт 4105 цагийн эфирийг бэлтгэлээ. Үлдсэн 1735 цагийн  эфирт 1 дүгээр сувгийн нэвтрүүлгийг дамжууллаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗИЙН НЭГДҮГЭЭР СУВАГ

 

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар тухайлан заасан түүх, соёл урлаг, боловсрол, хүүхэд залуучууд, өв соёлын нэвтрүүлгүүдийг бэлтгэх зорилгоор тайлант онд сүлжээний нэвтрүүлгийн агуулга, хэлбэрийг сайжруулах, бодлогын шинэ нэвтрүүлгүүдийг бэлтгэх зэрэг томоохон ажлууд төлөвлөснөөс цар тахалтай холбоотойгоор зарим ажлууд хойшлогдов.

ОНТ-ийн Нэгдүгээр суваг нь 2020 онд 6346,6 цаг буюу 380,800 минутын өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэн үзэгчдэд хүргэсэн байна. Үүнээс хөтөлбөрт шинээр бэлтгэсэн  нэвтрүүлэг 67,%, давталт: 33 %-ийг эзлэж байв.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу ЕБС- ийн хичээлийг теле хэлбэрээр явуулж эхэлсэн бөгөөд МҮОНТ хичээлийн бүрэн агуулгыг бүх ангийн сурагчдад хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллав. Бид өөрийн сувгуудийн цаг төлөвлөлтийг зөв хувиарлан Үндэсний телевизээр 1, 2, 3, 4, 5 болон 12 анги, Монголын мэдээ сувгаар 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр ангийн нийт 38090 минутын теле хичээлийг гаргасан байна. Энэ нь тухайн жилийн нийт эфирийн 4,4 хувийг эзэлсэн. ЕБС-ийн бүх ангийн хичээлийг гаргаж улс орон даяар хүүхдүүд  хичээлээ хийх нөхцөл боломжоор хангав. Мөн Үндэсний цөөнхөд зориулсан теле хичээлийг зөвхөн манай телевиз гаргасан. Үүнд Тува хэлээр 1, 2  дугаар ангийн хичээл нийт 1945 минут, казак хэлээр 1, 2  дугаар ангийн хичээл нийт 3215 минут гаргасан байна.

Улс оронд онц байдал үүссэнтэй холбоотойгоор УОК өдөр бүрийн 11.00 цагт шуурхай мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд  МҮОНТ/ I суваг/ 2020 оны 2 дугаар сараас эхлэн нийт 7485 минутын мэдээлэл дамжуулсан байна. Үүний зэрэгцээ Цаг үе үзэл бодол, Нийгмийн хэлэлцүүлэг гэх мэт нэвтрүүлгүүдээр цаг үеийн шуурхай мэдээллийг хүргэн ажиллалаа. Олон нийтийг Ковид 19 өвчнөөс сэрэмжлүүлэх, халдвар хамгааллын зөв дэглэмийг сурталчлах зорилгоор нийгмийн чанартай промо шторкыг жилийн турш гаргажээ.

2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болсонтой уялдан Сонгуулийн тухай хууль, Харилцаа Холбооны зохицуулах хорооноос гаргасан журам, Олон нийтийн радио телевизийн тухай хуулиа чанд баримтлан нийт 606 нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хугацаанд эн тэнцүү цаг хувиарлан 3150 минутын нэвтрүүлэг, шууд ярилцлагыг хийв.  Мөн Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  сонгуулийн нэр дэвшигч, нам эвслүүдэд эрх тэгш цаг хувиарлан, сурталчилгааг 660 минутын нэвтрүүлэг болон шууд ярилцлагыг үзэгчдэд  хүргэв.Эдгээр сонгуулийн сурталчилгааг дамжуулан мэдээлэхэд ямар нэгэн гомдол санал зөрчил дутагдал гаргаагүй болно.

ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Хэдийгээр цар тахлын үед хүнд нөхцөлд ажилласан ч олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 120 минут, Улсын их баяр наадмын 3 өдрийн шууд дамжуулалт, 480 минутын тусгай нэвтрүүлэг, Шинэ жилийн нэвтрүүлэг 300 минут зэрэг томоохон баяр, тэмдэглэлт өдөрт зориулсан 1800 минутын  тусгай нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Нийгмийн хамгааллын мэдээллийг телевиз радиогоор дамжуулан түгээх” төсөл, “Монгол малчин үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах”, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжил аяны хэрэгжилтийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах” төсөл, MNB-Online Show, Эх хэл, өв соёл, эх түүхээ түгээн дэлгэрүүлэх бодлогынхоо хүрээнд амнаас ам дамжин өвгөдөөс уламжлагдан ирсэн ардын аман зохиолын дээж “Гэсэр” баатарлаг тууль, Монгол үлгэр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэв.

Прокурорын байгууллагын  90 жилийн ойг тохиолдуулан УЕПГ-аас зарласан 10 ангит уран сайхны кино бүтээх сонгон шалгаруулалтад оролцон шалгарав. Киног бүтээх ажил гэрээний хугацаанд амжилттай дуусч УЕПГ-т хүлээлгэн өгснөөр 2020 оны 9 дүгээр сарын 27 нд МҮОНТ, MNB Гэр бүл сувгаар үзэгчдийн хүртээл болов. 2020 онд МҮОНТ “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Торгон цэргүүд” ОАУСК,  “Тусгаар тогтнолын товчоон” баримтат киноны хоёрдугаар цувралыг бүтээн олон нийтэд толилуулав.  “ГЭГЭЭН ҮДЭШ” Монголын урлаг соёлын салбарт өөрийн орон зай, оюуны үнэт бүтээлээ үлдээж чадсан уран бүтээлчдийг онцлон, тэдний амьдралын үнэн бодит түүх, дурсамжийг дэлгэж, түүхэн цаг үеийг мөнхлөн МҮОНТ-ийн алтан сан хөмрөгийг баяжуулах нэврүүлэг 320 минутыг хүргэв. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн сэдвүүдээр зочин, оролцогчдын хамтарсан “НЭЭЛТТЭЙ ХОРОМ” хэлэлцүүлэг 6 дугаар, олон нийтийн анхаарлын төвд байгаа, хууль бус, засаж залруулах шаардлагатай олон асуудлуудыг хөндөн эрэн сурвалжлах “БАРИМТ” нэвтрүүлэг /“Чимээгүй аюул” 1, 2/ нийгэмд бодитоор оршиж буй дутагдал доголдлыг илчлэн шүүмжлэх зорилготой “АНХААРАХ ӨНЦӨГ” /“Гэр бүлийн салалт-Хүүхдийн тэтгэмж”/ гэх зэрэг  асуудлыг хөндсөн 945 минутын нэвтрүүлгийг бэлтгэж  үзэгчдийн хүртээл болголоо.

ОНЦЛОХ ОРЧУУЛГЫН БОЛОН БУСАД КИНО КОНТЕНТ

Буддын шашны тухай Бурхан багшийн амьдралын түүхээс сэдэвлэсэн Энэтхэгийн ‘’Зий’’ телевизийн бүтээл ‘’БУРХАН БАГШ’’ хэмээх 55 ангит уран сайхны киног орчуулж, дуу оруулан нэвтрүүлсэн нь үзэгчдийн талархалыг хүлээсэн юм. Дэлхий нийтээр тархаад буй цар  тахалтай холбогдуулан үзэгчдэд халдварт өвчний тухай, тахал гэж юу болох тухай ойлголт өгөх зорилгоор “ХАНИАД”, “ХАЛДВАР” зэрэг бүрэн хэмжээний кино, “1918 оны испани ханиад” бүрэн хэмжээний баримтат киног үзэгчдэд хүргэв. БНХАУ-ын Ухань хотод болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн, COVID-19 цар тахлыг  хамтын хүчээр хэрхэн даван туулж байгааг харуулсан “Бид хамтдаа” 20 ангит киноны албан ёсны эрхийг авч, богино хугацаанд орчуулан үзэгчдэд хүргэв. Бид үзэгчиддээ баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Аялгуу эгшгийн цагаан сар: “Монгол эгшиглэнт цэнгүүн”,  “Монгол сонгодог” теле концерт, сар шинийн баярт зориулсан “Нүүдэл” реалити нэвтрүүлэг, “Ээждээ захидал бичээрэй”, “The Hu” хамтлагийн хандивын тоглолт, Хүүхдийн төлөө фондын нээлтийн үйл ажиллагаа, “Бүхнийг хүүхдийн төлөө” хандивын онлайн тоглолт, “Утгын чимэг 2019”,  “Болор цом 37” яруу найргийн наадмыг үзэгчдийн хүртээл болголоо.  Цаг үедээ тохируулан “Хүүхдүүд ковидын эсрэг” гар зургийн уралдаан зохион байгуулав.

МОНГОЛЫН МЭДЭЭ СУВАГ

2020 онд Монголын мэдээ суваг нийт 6225  цагийн буюу 373521 минутын нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ. Үүнээс хөтөлбөрт шинээр бэлтгэсэн  нэвтрүүлэг 49%, давталт 51%-ийг эзлэж байв.

2020 ОНЫ НЭВТРҮҮЛГИЙН БҮТЦИЙГ ГРАФИКААР ХАРУУЛБАЛ:

 

Тайлант онд Монголын Мэдээ суваг нь COVID-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын үед ихээхэн эрсдэл үүрэн ажил үүргээ гүйцэтгэлээ. Гэвч бид тайлант хугацаанд өдөр бүр 11.00 цагийн мэдээг 30 минутаар, 13 цагийн мэдээг 20 минутаар, 17 цагийн мэдээг 20 минутаар, Цагийн хүрд хөтөлбөрийг 60 минутаар тус тус бэлтгэн хүргэв. Энэ хугацаанд Засгийн газар, УОК-оос гарсан шийдвэр, шуурхай мэдээллийг цаг алдалгүй шууд дамжуулан үзүүлж мэдээллийн сувгийн үүргээ тасралтгүй биелүүллээ. Одоогоор манай улсад Монголын мэдээ сувгийн шуурхай мэдээллийн цагийн сошиал хандалт хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа нь бидний ажлын үр дүнгийн нэг үзүүлэлт гэж үзэж байна. Тайлант хугацаанд  Баруун болон Төвийн аймгуудад Монголын мэдээ сувгийн баг ажиллаж өвөлжилт, орон нутгийн байдлын талаар мэдээ бэлтгэлээ. Мөн 14 хоногийн турш манай сурвалжлах баг Дархан-Уул аймагт байрлан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад гарсан короновирусний шинэ голомт, түүний эсрэг авах арга хэмжээг газар дээрээс нь шууд дамжуулав. Монголын мэдээ суваг нь УОК-ийн шуурхай мэдээллийг 1340 минут,  Засгийн газрын мэдээллийг 525 минут шууд дамжуулсан байна.

ОНЦЛОХ НЭВТРҮҮЛГҮҮД

Цагийн хүрдийн баатрууд: Баатарлаг, Энэрэнгүй, Нийгмийн хариуцлагатай компани, Оюунлаг хүн гэх мэт 9-н номинациар  шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, сар шинийн баяраар бүтэн нэг цагийн эфир бэлтгэн Монголын Мэдээ болон Үндэсний Телевизээр  нэвтрүүлэв.

“ЦАГИЙН ХҮРДИЙН БААТРУУД” ЯРИЛЦЛАГА:

“Цагийн хүрдийн баатрууд”-ын тухай 10 минутын нэвтрүүлэг тус бүр 9 дугаарыг бэлтгэн дамжуулав.

“Монголын Мэдээ” Өдрийн шууд хөтөлбөрт Эдийн засагчийн мэдээлэл, Хөдөө аж ахуйн түүхий эдийн ханш, зах зээлийн мэдээлэл, Шинжлэх ухааны мэдээлэл, Ханшийн мэдээлэл буюу санхүүгийн зах зээл, Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл  гэсэн булангуудыг шинээр санаачлан оруулж эхлээд байна.

2020 онд УИХ-ын ээлжит сонгууль, орон нутгийн сонгууль болсонтой уялдан Сонгуулийн тухай хууль, Харилцаа Холбооны зохицуулах хорооноос гаргасан журам, Олон нийтийн радио телевизийн тухай хуулиа чанд баримтлан 1330 минутын сонгуулийн үйл явцын мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан  “Цар тахал ба сорилт”, “Алганд багтсан эх орон” /Парламентын 30 жилийн ойд зориулсан 7 цуврал нэвтрүүлэг/, “Парламент 30 жил” /60 минутын нэвтрүүлэг/, “Хуулийн засаглал” /20 минутын 7 цуврал нэвтрүүлэг,  “Засгийн газар өчигдөр, өнөөдөр, маргааш” /20 минутын 14 дугаар/ тус тус бэлтгэн хүргэлээ.

Цагийн хүрд хөтөлбөрөөр гарсан сэдвийн сурвалжлагууд асуудлыг дэвшүүлээд  орхигдуулдаг гэсэн үзэгчдийн хүсэлт байнга ирдэг. Тиймээс бид асуудлыг үргэлжлүүлэн албаны эх сурвалжтайгаар хүргэж байхаар “ЭФИР-60” нэвтрүүлгийг санаачилсан. Эхний дугаар амжилттай болж үзэгч, хандалт ч өсөн нэмэгдсэн. Энэхүү нэвтрүүлгийн “Хөндөх сэдэв”-ийн булантай уялдуулж 60 минутаар бэлтгэн хүргэж байна.

MNB СПОРТ СУВАГ

MNB СПОРТ суваг нь 2020 онд 5964 цаг 40 минут буюу  357880 минутийн  нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ. Үүнээс хөтөлбөрт шинээр бэлтгэсэн  нэвтрүүлэг 26%, давталт 51%, шууд дамжуулалт 23%-ийг эзлэж байв.

2020 ОНЫ НЭВТРҮҮЛГИЙН БҮТЦИЙГ ГРАФИКААР ХАРУУЛБАЛ:

2020 онд өөрийн эх оронд болоод хилийн чанадад өрнөж байгаа спортын уралдаан тэмцээнийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх зорилтын хүрээнд дараах томоохон шууд дамжуулалтыг  хийлээ. “MNBSPORT” суваг 2020 онд Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “ЛОЗАНН-2020”  Залуучуудын өвлийн олимп, Жюү-Жи-Цү бөхийн  2020 оны  улсын аварга шалгаруулах тэмцээн, Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Жүдо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн,  “РАГБИ-7” 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн, “Улаанбаатар 2020” Жудо бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн,   МХБХН-ны эмэгтэйчүүдийн үндэсний лиг, Волейболын идэрчүүдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн, Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан боксын спортын үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер С.Баттулга багшийн нэрэмжит 2020 оны Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн,  “РАГБИ” 2020 оны зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн, Оюутны универсиад наадмын Сагсан бөмбөгийн  тэмцээнүүдийг шууд дамжуулан спорт сонирхогчдын хүртээл болгов. “Ширээний теннис Монголд” цуврал ярилцлага, “Спортын сэтгэл зүй”, “Хөлбөмбөгийн цаг” ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэртээ хийх дасгалыг бэлтгэн хүргэж байна.

MNB WORLD СУВАГ

MNB World суваг нь тайлант онд 4,380 цагийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ. Үүнээс, шинээр төлөвлөсөн эфир 35%, давталт 65%-ийг эзэлж байна.

2020 ОНЫ НЭВТРҮҮЛГИЙН БҮТЦИЙГ ГРАФИКААР ХАРУУЛБАЛ:

MNB World суваг 2020 онд контент үйлдвэрлэл болон сүлжээний хөтөлбөрийн чанарыг сайжруулах, тэдгээрийн агуулга, хэлбэрийг гадаадын үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх хэмжээнд хүргэхэд анхаарч нэг шат ахисан, ажилтнуудын туршлага, ур чадвар нэмэгдсэн амжилттай жил байлаа. 2020 онд MNB World суваг Монгол Улсын төр, засгийн бодлого, үйл ажиллагаа, нийгмийн хөгжил, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны мэдээллийг гадаадын үзэгчдэд хүргэх, уламжлалт өв соёлыг сурталчлах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдтай идэвхтэй харилцаж, хамтран ажиллалаа. Тухайлбал, УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр, Засгийн газрын яамд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны шаардлагатай мэдээллийг News Mongolia мэдээллийн хөтөлбөрөөр гадаадын үзэгчдэд өдөр тутам хүргэв. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд болох Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банк, Америкийн Худалдааны танхим /AmCham Mongolia/, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хэвлэл мэдээллийн байгууллагын хувиар идэвхтэй хамтарч ажиллав. Түүнчлэн, Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамдтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүллээ. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг гадаадын үзэгчдэд хүргэх чиглэлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын бизнесийн зөвлөл, Гарааны бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтрав. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд анализ хийсэн, хараат бус өнцөг бүхий, тойм мэдээллийг гадаадын үзэгчдэд хүргэх зорилгоор эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхантай хамтран ажиллаж DeFacto Review нэвтрүүлгийг 7 хоног тутам нэвтрүүлж байна. MNB World суваг өдөр бүр 11-23 цагийн хооронд нийт 12 цагийн эфир орон даяар явуулж, нийгмийн цахим сүлжээнд зорилтот контентуудаа түгээж ажилладаг. 2020 онд хэдийгээр цар тахлын улмаас дэлхий дахинд хөл хорио тогтоосон, Монгол Улсын хил хаагдсан, аялал жуулчлалын салбар зогссон, байгууллагын хэмжээнд тодорхой хугацаагаар ажилтнуудыг сул зогсолтод хамруулсан, оны сүүлээр хязгаарлалтын горимоор ажилласан зэрэг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж хумигдмал байсан ч MNB World суваг сүлжээний бодлогын дагуу нэвтрүүлэг, хөтөлбөрөө хэвийн явууллаа. Цаг үеийн болон шуурхай мэдээллийн өдөр тутмын “News Mongolia”   хөтөлбөр, долоо хоног тутмын “Sightline” ярилцлагын нэвтрүүлэг, нийгэм, улс төр, эдийн засгийн “DeFacto Review” тойм хөтөлбөр, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын “Cycle”  14 хоног тутмын тойм хөтөлбөр, аялал жуулчлалын “Explore Mongolia”, “Places to go” – аяллын нэвтрүүлгүүд, өв соёл, түүхийн “History of Mongolia” нэвтрүүлэг, спортын  “Sports Mongolia” 14 хоног тутмын нэвтрүүлэг, залууст зориулсан “Generation” – 14 хоног тутмын нэвтрүүлэг, дуу хөгжмийн “DoReMi” – 7 хоног тутмын хөтөлбөр, хоолны соёлын “Taste of Mongolia” нэвтрүүлэг болон “Talk Show”, “On this day”, “Odd shake”, “Passion”, “Music and Lyrics”, “Film commentary”, “Манжуурын мисс”, “Mining Mongolia”, “The Melody of Heart” зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдэд хүргэлээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн үйл явцыг Англи синхрон орчуулгатайгаар шууд дамжууллаа. Нийт 300 минутын шууд дамжуулалтыг студиэс хийж, 6 удаагийн Facebook Live сурвалжлагыг хэсгийн хороодоос дамжуулав. Мөн энэ өдөр News Mongolia мэдээллийн хөтөлбөрийн 5 дугаарыг хийж  сонгуулийн үйл явцтай холбоотой нийт 100 минутын мэдээллийг үзэгчдэд шинэчилж цаг тухайд нь хүргэжээ. “The HU” хамтлагийн хандивын тоглолтыг Англи орчуулгатайгаар шууд дамжуулахад гадаадын 170 мянга гаруй үзэгч MNB World пэйж хуудсаар үзсэн байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр News Mongolia мэдээллийн хөтөлбөрийн тусгай дугаар бэлтгэж хүүхдээр хөтлүүлсэн нь олон нийтийн сүлжээнд өндөр хандалт авч үзэгчдийн анхаарал татлаа. Ковид-19 халдварын өдөр тутмын мэдээлэл, ЭМЯ, ОБЕГ, ДЭМБ , ХӨСҮТ-өөс зохион байгуулдаг хэвлэлийн хурлыг үзэгчдэд цаг алдалгүй, тогтмол хүргэхэд анхаарч ажиллав. Тайлангийн хугацаанд нийт 179 удаагийн хэвлэлийн хурлын мэдээллийг үзэгчдэд шуурхай хүргэжээ. 2020 онд MNB WORLD суваг Facebook, Youtube, Twitter, Instagram платформоо идэвхтэй ажиллуулж нийт 3,677 пост оруулж, олон нийтийн хүртээл болгов.

ОНТ-ийн “ MNB ГЭР БҮЛ” СУВАГ

2020 онд  МҮОНРТ нь үйл ажиллагаагаа өргөтгөн, иргэн бүрийг үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй  үйл ажиллагааг дэмжиж таниулан сурталчлах зорилготой “MNB Гэр бүл” сувгийг байгуулах ажлыг эхлүүлэн техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэн тусгай зөвшөөрлөө авч 2020 оны 5 дугаар сарын 25-наас эхлэн туршилтын эфирээ цацлаа. Хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл, жендэр гэсэн зургаан  чиглэлээр хөтөлбөрийнхөө бодлогыг тодорхойлж нэвтрүүлгийн төлөвлөгөөг гарган 2020-2021 оны нэвтрүүлгийн сүлжээг батлуулан ажиллав. Тайлант хугацаанд нийт 265 цаг буюу 15927 минутын нэвтрүүлэг бэлтгэж, Гэр бүл суваг болон  Үндэсний телевизийн эфирт нийлүүлсэн байна.

Нэвтрүүлгийн бодлого:

Үзэгчдэд гэр бүлийн боловсрол олгох, ёс зүйн, хууль эрх зүйн, гэр бүлийн санхүүгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хүмүүжил, уламжлал, зан заншил, нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээг гэр бүл, нийгэм, хамт олонд түшиглэн үзүүлэх чиглэлийг баримтлах, өрхийн амьжиргааг дэмжих, өөртөө итгэх итгэл, амьдрах арга ухаан олоход нь туслах зорилго бүхий нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ.

2020 ОНЫ НЭВТРҮҮЛГИЙН БҮТЦИЙГ ГРАФИКААР ХАРУУЛБАЛ:

Монгол Улсын Засгийн газар, яам, болон хэрэгжүүлэгч агентлагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, БСШУСЯ, ХНХЯ түүний харьяа газар агентлагууд, ЮНЕСКО, Монголын эмэгтэй банк санхүүчид ТТБ, Focus family Mongolia ТТБ зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. ХНХЯ-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Гэр бүл сувгийн үйл ажиллагаа, нэвтрүүлгийн бодлого төлөвлөгөөг танилцуулж уулзалт хийв “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болон гэр бүл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18 ТББ,  олон улсын байгууллагатай уулзалт хийж сувгийн үйл ажиллагаа, зорилгоо танилцуулж цаашид хамтран ажиллах тухай ярилцлаа.

“MNB Гэр бүл “суваг гэр бүл судлаач, сэтгэл зүйчдийг өөрийн нэвтрүүлгүүддээ шинжээч, зөвлөхөөр ажиллуулах санал тавьснаар Улаанбаатар их сургуулийн Гэр бүлийн тэнхимийн багш болон Монголын гэр бүл судлаачдын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулав. MNB Гэр бүл” суваг “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээ”-нд нэгдэж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Азийн Хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл”-өөс зарласан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын мэдээллийг телевиз радиогоор дамжуулан түгээх” төслийн хүрээнд “Манай гэр бүл” 10 цуврал, “Амьдралын өнгө”-10 цуврал, “Боломж дүүрэн амьдрал”-10 цуврал нэвтрүүлэг бүтээн үзэгчдийн хүртээл болгов.

“MNB Гэр бүл” суваг нь сургуулийн өмнөх насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дүр бүхий “Жив жив”, ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход нь туслах “Миний сонгосон мэргэжил”, гэр бүлд зориулсан  “Манай гэр бүл “баримтат цуврал, байгаль экологи, танин мэдэхүйн “Том ахын аялал” нэвтрүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, гэр бүл, шинжлэх ухааны нэвтрүүлгүүд болох ”Босох тэнхэл”, “Амьдралын өнгө” баримтат нэвтрүүлэг, “Ижий аав хоёр минь”, “Алхам”, “Хайраар хамгаалъя”, “Хайрлаарай”, “4 урилга”, “Боломж дүүрэн амьдрал”, “Амьдралын хүрд” нэвтрүүлгүүдийг тогтмол бэлтгэн үзэгч,олон нийтийн хүртээл болгож байна.

ЦАХИМ ТАЛБАР WWW.MNB.MN

Дижитал хэлтэс тайлант хугацаанд МҮОНРТ-ийн цахим хуудас MNB.mn-ийн мэдээ мэдээллийг бэлтгэх, шинэчлэх, МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн бүтээл, нэвтрүүлгүүдийг цахим талбараар олон нийтэд, дэлхий нийтийг хамраад байгаа “COVID-19” цар тахлаас ард иргэдийг хамгаалахад чиглэсэн сурталчилгаа, мэдээллүүдийг албан ёсны эх сурвалжаас бэлтгэн нийтэд түгээх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн УИХ-ын олон орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, саналт хураалт, үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа, Хүүхдийн фондын хандивын тоглолт зэргийг бүрэн дамжууллаа. Үүнээс гадна УИХ-ын чуулганы болон Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамны мэдээллийг онлайнаар шууд дамжуулах ажлыг тогтмол гүйцэтгэж байна. МҮОНТ-ээс үзэгчдийн дунд зарласан “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдаан, “Хүүхдүүд Ковид-19-ийн эсрэг” гар зургийн уралдаан, “Миний бяцхан тайз” хөгжмийн уралдаан, “MNB Гэр бүл” сувгийн нээлт, “Гэргий” кино, “Давхар цагаан шугам”, “Улаанбаатарын мөнгөн шөнө 2021” цэнгүүний цахим идэвхжүүлэлт, онлайн шууд дамжуулалтын ажлыг хийлээ.

MNB.mn вэб сайт 2020 онд:

Тайлант хугацаанд 3 306 887  хэрэглэгчээс давхардсан тоогоор мэдээний хуудсуудад 11 273 423 удаа /2020.01.01-2020.12.31-ний өдрийн байдлаар/ ханджээ. Ажлын нэг өдөрт дунджаар 10 000 орчим хандалт авч байна. Тайлант хугацаанд MNB.mn цахим хуудас руу дэлхийн 180 улс, 9088  хотоос ханджээ. 

ТАЙЛАНТ ХУГАЦААНД: Нийт  23978 контент /2020 онд/

Үүнээс:

  1. Монголын радиогоос: 3948
  2. МҮОНТ болон Монголын мэдээ, MNB Гэрбүл суваг: 2981
  3. ММ Гадаад мэдээний албанаас: 1308

Албаны эх сурвалж болон өөрсдийн зүгээс бэлтгэсэн:  15670  контент байна.

Тайлант хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Фэйсбүүк платформд нийт 9736 контент нийтэлсэн байна.  Мөн “Mongolian National Broadcaster” Youtube сувагт “Copyright match tool” хэрэгслийг Youtube платформд удаа дараа санал тавьсны эцэст ашиглах боломжтой боллоо. Энэхүү хэрэгсэл нь бидний оруулсан контентыг өөр хэн нэгэн оруулсан тохиолдолд автоматаар мэдэгдэж, зохиогчийн эрхээ хамгаалах боломжтой болж байна.

Мөн “Mongolian National Broadcaster” Youtube суваг нийт 16462 дагагчаар өсч одоогийн байдлаар 27703 дагагчтай болоод байна.

ТЕХНИК, технологийн БОДЛОГО

Тайлант онд МҮОНРТ-ийн Техникийн төв нь нэвтрүүлэг бэлтгэх, боловсруулах, дамжуулах технологи дамжлагын хэвийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангаж радиогийн 3, телевизийн 5 сувгийн эфирийг чанарын стандарт шаардлагад нийцсэн төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх нэвтрүүлгийг техникийн гологдол, сааталгүйгээр сонсогч, үзэгчдэд хүргэн ажиллалаа.

Техникийн төвийн дотоод үйл ажиллагаа, алба хоорондын үйл ажиллагааг зохицуулахтай холбогдуулан “Байгууллагын хэрэглээний техник хангамж, програм хангамж, сүлжээ ашиглах дотоод журам”, “Мэдээлэл технологийн албаны дотоод журам”, “ОНТ-ийн нийт сувгуудын нэвтрүүлгүүдийг архивлах болон дахин ашиглах журам”, Телевизийн сувгуудын дотоод сүлжээгээр дуу дүрс дамжуулах “Ажлын урсгалын журам”, “Техникийн төвийн албад хоорондын хамтран ажиллах журам”-ыг боловсруулан батлуулан мөрдөж эхлээд байна.

Мэдээллийн “Хурд” агентлагт шаардлагатай дүрстэй шууд дамжуулах тоног төхөөрөмжүүдийн холболт угсралт, ажиллагааны тест хийж,  төхөөрөмжийн зааварчилгааг орчуулан, гарын авлага бэлтгэн гаргалаа. Радио архивыг тоон болгох үйл ажиллагаа үргэлжилж Эргэлтийн фондод 109 цаг 56 минутын 802 файл,  Алтан фондод 167 цаг 22 минутын 505 файл болгон хуулж архив өгөгдлийн санд нийлүүлсэн байна.

“MNB Гэр бүл” сувгийн туршилтын эфирийг дамжуулж эхлэх ажлын хүрээнд техникийн бэлтгэл ажил хийн, туршилтын эфир дамжуулж эхлэв. Монголын мэдээ сувгийн Мэдээний студид 12мкв хэмжээтэй нумарсан хэлбэртэй ЛЭД дэлгэцийн төхөөрөмжийг хүлээн авч студид байрлуулж ашиглалтад өгөөд байна.  Мөн архивыг тоонд шилжүүлэх төслийн ажлын хүрээнд хийгдэж буй оруулгын цэг үүсгэх ажил хийгдэв.

Цар тахлын улмаас нэвтрүүлэгт оролцох зочдыг студид ирүүлэх боломжгүй болсон тул зочдыг on-line хэлбэрээр оролцуулах боломжийг ханган технологийн дагуу шаардлагатай бүх техник, программ хангамжийг бэлтгэн өгч нэвтрүүлгүүдийг амжилттай явуулж байна.  www.info.mnb.mn  буюу байгууллагын дотоод танилцуулгыг 40 инчийн kiosk дээр тохируулан гадны гэрээт программ хөгжүүлэлтээр хийлгэсэн нь МҮОНРТ-ийн зочидын сонирхолыг татсан ажил болов.

ХҮНИЙ НӨӨЦ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлох голлох баримт бичиг болох “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг “Эйч Ар Консалтинг” ХХК-тай хамтран боловсруулж, Ерөнхий захирлын А/96 дугаар тушаалын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот  тогтоолоор орон тооны дээд хязгаарыг 802 орон тоогоор баталсан билээ. Үүний дагуу Захирлуудын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар “МҮОНРТ-ийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тоо, ажил албан тушаалын жагсаалт”-ыг хэлэлцэж шинэчлэн баталсан. 2020 онд Ерөнхий захирлын холбогдох тушаалаар өөрчлөлт оруулсныг мөрдөн ажиллаж байна. Шинэ ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу www.mnb.mn, www.biznetwork.mn сайтаар нийт 270 удаа ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж,  615 ажил горилогч материал ирүүлснээс ярилцлагын болон мэргэжлийн шалгаруулалтад тэнцсэн 58 ажил горилогчийг ажилд шалгаруулж авлаа. МҮОНРТ-ийн ажилтнуудын гаргасан өргөдлийн дагуу байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын холбогдох заалтуудыг үндэслэн нийт 72 ажилтанд 26,050,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Өндөр насны тэтгэвэрт гарсан 23 ажилтанд “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.12.10-т заасан тэтгэмжийг Ерөнхий захирлын  А/19 дүгээр тушаалын дагуу нэмэгдүүлэн олгов. 2020 оны 09 дүгээр сард МҮОНРТ-ийн нийт ажилтнуудыг сайн дурын гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг “Монгол даатгал” ХХК-тай хамтран зохион байгуулж 680 гаруй ажилтныг гэнэтийн ослын даатгалд хамруулав. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан нийт 429 эмэгтэй ажилтанд, Ахмадын баярыг тохиолдуулан 360 гаруй ахмад ажилтанд тус тус гарын бэлэг гардуулав. Нийт ажилтнуудыг элэгний В,С вирусийн эсрэг 3 удаагийн давтамжтай вакцинжуулалтад хамруулж, вакцины тогтцын шинжилгээ авах ажлыг зохион байгуулав. 2020 оны 12 дугаар сард ажилтнуудыг КОВИД-19 цар тахлын шинжилгээнд хамруулав.

Тайлант хугацаанд байгууллага дээр зохион байгуулсан сургалтуудад давхардсан тоогоор 601 ажилтан нийт 203 цагийн сургалтад хамрагдсан байна.

Сургалтын ангилал, чиглэлээр:                                         

Сургагч багш нар-Дотоод болон гадны мэргэжилтэн багш, уулзалт семинар:

“MNB-ИЙН ХҮҮХДҮҮД” ЦЭЦЭРЛЭГ

Улсын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 2020 оны 1, 2 дугаар улиралд үйл ажиллагаа явуулаагүй. 2020 оны 09 дүгээр сараас эхлэн үйл ажиллагааг хэвийн явуулж байсан боловч 2020 оны 10 дугаар сарын 17-ноос эхлэн Монгол Улсын Засгийн Газраас гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа дахин зогсоогоод байна.

ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дэлхий дахинд тархсан шинэ төрлийн коронавирус “COVID-19” цар тахлын улмаас тайлант онд гадаад, дотоод томилолт хязгаарлагдсан ч харилцаа холбооны бусад хэлбэрээр дамжуулан гадаад харилцаа хамтын ажиллагааны ажлууд зохих төвшинд үргэлжиллээ. Европын Аюулгүй Байдал, Хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав. Энэ үеэр талууд 2020 онд зохион байгуулагдах УИХ-ийн сонгуулийн үйл явцад МҮОНРТ-ийн үүрэг оролцооны талаар санал солилцов. Азийн Өргөн нэвтрүүлгийн Хөгжлийн Институт буюу AIBD-ээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “COVID-19 ба эсрэг хариу арга хэмжээ” сэдэвт онлайн зөвлөгөөнд Ерөнхий захирал Л.Нинжжамц, “MNB World” сувгийн захирал О.Тэгшгэрэл нар оролцов. Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, РЦНК хамтран "Военфильм" кино студийн албан ёсны онцгой эрхтэйгээр “Брестская крепость”, “Батальон” кинонуудыг Ялалтын баярын өдрүүдэд үзэгчдэд хүргэв. ВГТРК буюу Бүх Холбоотын Радио Телевизийн дэргэдэх СОВТЕЛЕЭКСПОРТ компанитай 2019 онд Москва хотноо байгуулсан гэрээний хүрээнд 2020 онд телевизийн олон ангит кино бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгох боломж бүрдсэн. 2019 онд үзэгчдийн сонирхлыг чамгүй татсан “Ганзагачин бүсгүйчүүд” цувралын 1 дүгээр бүлгийг тус компаниас эрхийг нь авч гаргаж байсан бол 2020 онд тус цувралын II бүлгийг худалдан авч үзэгчдийн хүртээл болголоо.            БНЧУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Тахь буцаан нутагшуулах төсөл”-ийн тухай баримтат киног төлбөргүй гаргах лицензийн гэрээг Прагийн амьтны хүрээлэнтэй байгуулав. Хадмал орчуулга бүхий уг киноны дүрсийг хүлээж авсан бөгөөд орчуулгын чанар, дуу дүрсний форматыг шалган тохируулсны үндсэн дээр МҮОНРТ-ийн эфирээр нэвтрүүллээ. 

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар болон цахим хуудсаар тогтмол хүлээн авдаг бөгөөд 2020 онд нийт 120 санал хүсэлт иржээ. Эдгээрийн 80 нь асуулт, 15 нь гомдол, 20 нь санал хүсэлт байв. Эдгээр санал хүсэлт, гомдол, талархалыг холбогдох уран бүтээлчдэд уламжилж, тухай бүр шийдвэрлэж ажиллав.  “Максима медиа” мониторинг судалгааны компанитай хамтран ажиллах гэрээний дагуу телевиз үзэгчдийн судалгааг тогтмол авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулдаг “MNB-тэй танилцах аялал” нь цар тахалтай холбоотойгоор зохион байгуулагдаагүй болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж