"Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдгийг гүтгэх болгож өөрчлөх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

"Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдгийг гүтгэх болгож өөрчлөх хэрэгтэй"

"Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдгийг гүтгэх болгож өөрчлөх хэрэгтэй"

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хууль зүйн мэдээлэл судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран өнөөдөр /2021.03.31/  “Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын  эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.  

ГИШҮҮДИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ТӨСӨЛД:

 “1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах тайлбар нэмсүгэй: “Тайлбар: Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй.

Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь  холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэн тооцохгүй.

2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн гарчгийг “Гүтгэх” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “мэдээллийг” гэснийг “гүжирдлэгийг” гэж тус, тус өөрчилсүгэй” хэмээн заажээ.

ӨНӨӨДӨР ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БУЙ  ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ

"Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. 

  САРД НЭГ ХҮНИЙГ “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ” ТАРААХ ГЭМТ ХЭРЭГТ ШИЙТГЭЖ БАЙНА

Тэгвэл "Глоб интернэшнл" төрийн бус байгууллагаас /ТББ/  худал мэдээлэл тараах гэмт хэргийн хууль зүйн үр дагаварт хийсэн дүн шинжилгээний судалгаанд "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн талаарх шүүхийн шийдвэр хангалтгүй үндэслэл бүхий байж чадахгүй байна" гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, энэ нь шүүгчийн төдийгүй мөрдөгч, прокурор, өмгөөлөгчийн туршлага, ур чадвартай хамааралтай аж. 

"Глоб интернэшнл" ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн "2020 оны 1-9 сар хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй холбоотой “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан.  Үүнээс 20-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлсэн бол дөрвийг нь харъяаллын дагуу шилжүүлсэн байна. Энэ гэмт хэргээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг шийтгэх саналыг цагдаагийн байгууллага буюу мөрдөгч гаргаагүй байна.

Худал мэдээлэл тараах гэмт хэргийн үндсэн шинж болох "илт худал мэдээлэл"-ийг хууль тогтоомжид тайлбарлаагүй, хохирогчийн зүгээс худал мэдээлэл тараахаас сэргийлэх, худал мэдээллийг залруулах хангалттай арга хэмжээ авсан эсэхийг харгалздаггүй.

Иргэний  хуулиар шийдвэрлэж болох асуудлыг Эрүүгийн зүйл ангид нэгтгэсэн нь буруу гэж үзэж байгаа юм. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын  10-ны өдрийн байдлаар  найман хүнийг шүүхээс шийтгэсэн байна. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд  байгаа 15 хэрэг байсан.  Үндсэндээ шүүхээс дунджаар нэг сард нэг хүнийг “худал мэдээлэл” тараах гэмт хэрэгт шийтгэж байна. Тиймээс худал мэдээлэл тараах гарчгийг гүтгэх болгон өөрчлөх хэрэгтэй" гэв.

СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ

  • “Эрүүгийн хуулийн 13.14-ийг зөв тайлбарлах явцуу, факт ба үнэт зүйл, шударга бичлэг, нийтийн ашиг сонирхлын асуудал, үндсэн эрхэд нийцүүлэн хуулийг тайлбарлах, тохирсон байх зарчмыг хэрэглэх,
  • Эрүүгийн хуулийн 13.14-ийн бичилтийг сайжруулах буюу халах,
  • Худал мэдээлэл тараах гарчгийг гүтгэх болгох,
  • …нэр хүндэд халдсан илт худал баримтыг,
  • мэдсээр байж (эсхүл “зориудаар” гэх) олон нийтэд тараасан,
  • Нийтийн ашиг сонирхлын асуудлаар олон нийтийн зүтгэлтэн бол илүү хүлцэн тэвчих үүрэгтэй,
  • Шударга бичлэгийг хамгаалах

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж