ЭЗБХ: Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

ЭЗБХ: Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэв

ЭЗБХ: Статистикийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан 10 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын статистикийн систем 187 орноос 9 дүгээрт эрэмбэлэгджээ

Хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайлант онд тус хороо системийн хэмжээнд 311 ажилтан, үүнээс 118 нь төв байгууллагадаа ажилласан бөгөөд нийт ажилтны 80 хувь нь статистикч, эдийн засагч, хүн ам зүйч мэргэжилтэй гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа. 2020 онд нийтдээ 55 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 37 мянган өрхөөс мэдээлэл цуглуулан хоёр тооллого, таван түүвэр судалгаа хийжээ. Үндэсний статистикийн хорооноос статистик мэдээлэл, үзүүлэлтүүдийг 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар олон нийтэд хүргэдэг ба цар тахлаас үүдэн статистик мэдээллүүдийг цуглуулах, боловсруулахад хүндрэл тулгарч байсан ч тасралтгүй, цаг хугацаанд нь бэлтгэж байсныг онцолсон юм.

Арван жил тутам зохион байгуулдаг хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг Улсын Их Хурлаас тогтоосон товын дагуу 2020 онд явуулжээ. Нийт өрхийн 10 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, үлдсэн 90 хувийг засаг захиргааны анхан шатны нэгжид цуглардаг төрийн мэдээллийн сангуудтай уялдуулах замаар тооллогод хамруулсан байна. Ийнхүү зохион байгуулснаар тооллогын ажлын зардал өмнөх тооллогын зардлаас 30 орчим тэрбум төгрөгөөр буурчээ. 2020 оны хүн ам, орон сууцны ээлжит тооллогын нийт зардал 3.8 тэрбум төгрөг болсон байна. Түүнчлэн мал, тэжээвэр амьтны тооллогыг халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны арванхоёрдугаар сарын 17-31-ний өдрүүдэд зохион байгуулж, үр дүнг олон нийтэд танилцуулжээ.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос тогтмол явуулдаг “Өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгаа”, “Ажиллах хүчний түүвэр судалгаа” гэх мэт судалгаануудыг мэдээллийн технологийн шийдэл ашиглан хийжээ. Компьютерт суурилсан телефон утас, цахим хуудаст суурилсан санал асуулгаар мэдээлэл цуглуулах үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан гэв.

Үндэсний статистикийн хороо хуульд зааснаас гадна “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа”, гурван үе шаттай “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан панел судалгаа”, “Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нөхцөл байдлын судалгаа” гэх зэрэг зургаан судалгааг нэмэлтээр хийсэн байна.

Тайлант онд Үндэсний статистикийн хорооноос төрийн мэдээллийн сангуудыг ашиглах замаар төрийн байгууллагуудад цуглараад байгаа захиргааны мэдээллүүдийг статистик мэдээлэлд ашиглах ажлыг эрчимтэй хийсэн байна. Тухайлбал, Хүн ам мэдээллийн өрхийн санг төрийн 17 байгууллагын 53 мэдээллийн сантай уялдуулжээ. Эдийн засгийн салбарын үзүүлэлтийг тооцоход ашигладаг Бизнес регистерийн санг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл болон Хөдөлмөр, халамж, үйлчилгээний Ерөнхий газар, Гадаадаас ажиллах хүч авсан аж ахуйн нэгжийн мэдээлэлтэй уялдуулж, эдгээр холболтоос статистик мэдээллүүдийг гаргаж эхэлснээ тайландаа дурдсан. Үүний үр дүнд мэдээний чанар, хамрах хүрээ сайжирсан гэж дүгнэжээ. Тиймээс ирэх жилүүдэд төрийн мэдээллийн сангуудыг холбох ажилд Үндэсний статистикийн хороо ихээхэн анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Гадаад хамтын ажиллагааны хувьд хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг бэхжүүлэх, статистикийн байгууллагын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлэх чиглэлээр олон тооны хурал, сургалтад оролцсон байна. Дэлхийн статистикийн байгууллагуудын нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжийг хэмжиж, эрэмбэлдэг “Нээлттэй мэдээллийн цаг” байгууллагын 2020 оны үнэлгээгээр Монгол Улсын статистикийн систем 187 орноос 9 дүгээрт бичигдсэн ба эл үзүүлэлтээрээ Зүүн өмнөд Азийн улс орнуудаа тэргүүлсэн гэв. Тус хороо хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн статистик мэдээллийг боловсруулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах зорилгыг тавьж ажиллаж байгаагаа тайгангийнхаа төгсгөлд онцолсон.

Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Батлут Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, Б.Батдаваа дарга болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авав.

Өрхийн орлого, зарлагын өсөлт, бууралтын талаарх гишүүдийн асуултад хариулт өгөхдөө “2020 оны IV улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57000 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь төрөөс өрхүүдэд үзүүлж буй тэтгэвэр, халамжийн нэмэгдэл байсан. Тухайлбал, 2019 оны IV улиралд нэг өрхөд очдог тэтгэвэр тэтгэмжийн дундаж хэмжээ 230000 төгрөг байсан бол 2020 оны эцсийн байдлаар 315000 төгрөг болж, 85000 төгрөгөөр нэмэгдсэн” гэв. Гэхдээ 2020 оны IV улиралд цар тахлын нөлөөлөл илэрсэн тул 2020 оны IV улирлыг III улиралтай харьцуулахад өрхийн орлого 76000 төгрөгөөр буурсан үзүүлэлт гарчээ. Гол төлөв цалин хөлс, хувиараа хөдөлмөр эрхэлсний орлого буурсан гэх дүн мэдээ гарсан байна.

Ядуурлын үзүүлэлтийн талаарх асуултад Б.Батдаваа дарга хариулахдаа “Манай байгууллага Дэлхийн банктай хамтран хоёр жил тутам ядуурлын үзүүлэлтийг гаргадаг. Сүүлийн байдлаар буюу 2018 онд нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч байгаа бол 14.9 хувь нь ядуурлын түвшнээс дээш эмзэг байдалтай амьдарч байгаа гэдэг мэдээлэл гарсан” гэв.  Ядуурлын түвшинг тогтоохоор ээлжит судалгаа, мэдээллийг боловсруулж, энэ оны III улирлын эцсээр олон нийтэд мэдээлэх юм байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудаас үндэсний хэмжээнд тодорхойлж чадаагүй байгаа үзүүлэлтийн талаар тодруулсан Д.Батлут гишүүний асуултад хариулт өгөв.  Тогтвортой хөгжлийн зорилтын нийт 247 үзүүлэлтээс манай улсад далайтай холбоотой асуудлуудаас бусад нь хамаарч байгааг хэлсэн. Үндэсний статистикийн хороо хүн хүч, хөрөнгө мөнгөний нөөц бололцооноосоо хамаараад бүх үзүүлэлтийг зарлах шаардлагагүй гэж үзээд, зорилтуудыг эрэмбэлэн одоогоор 132 үзүүлэлтийг олон нийтэд зарлаад байгаа, ирэх жилүүдэд 162 болгохоор зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллийн чанарын талаарх асуултад хариулт өгөхдөө “Статистик мэдээллийн эх үүсвэр нь захиргааны мэдээлэл буюу төрийн байгууллагууд дээр цугларсан мэдээлэл, түүвэр судалгаа, нэлэнхүй тооллогоос цуглуулдаг. Захиргааны мэдээллийн чанарыг тухайн төрийн байгууллага хариуцдаг. Үндэсний статистикийн хороо нийт эх олонлогоо төлөөлөхүйц алдааны түвшин, итгэх итгэлийн түвшин 95 хувийн магадлалтай байхаар түүвэр судалгааны аргачлалаа зохиодог. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалууд юм. Харин төсвийн хязгаарлагдмал байдлаас үүдэн түүвэр судалгааны үр дүн нь улс, томоохон төв суурингаа төлөөлж болох ч сум, дүүрэг гэх зэрэг нэгжийн хэмжээнд төлөөлөх чадваргүй байдаг. Үүн дээр цаашид анхаарч, Сангийн яаманд хандах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Үндэсний статистикийн хорооны 2020 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Д.Батлут нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэв

Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хуралдаанаар хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2017 оны 38 дугаар тогтоолоор “Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 6 зорилго, 25 зорилт, 146 арга хэмжээтэйгээр баталсан юм.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр статистикийн мэдээлэл боловсруулах бүх бизнес моделд ордог шат болгоныг автоматжуулалтыг шийдсэн системийг нэвтрүүлсэн. 2021 оны I улирлаас ашиглалтад орж буй энэхүү ажлын үр дүнд статистикийн салбарын цахим шилжилт эхэлсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хэлсэн.

Монгол Улс Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас боловсруулан гаргасан статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг загвар болж буй “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шилжсэн. Энэхүү стандартад шилжсэн улс орон статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг хэрэгжүүлдэг. Ингэснээр статистик мэдээллийн чанар сайжирч, бусад улс орнууд тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь  нэр хүндэд эергээр нөлөөлөх, тухайн улсын тоон мэдээллийг хөгжлийн түвшин ойролцоо эсвэл тухайн бүсийн бусад орнуудтай харьцуулах боломж нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу байдлыг бий болгодог ач холбогдолтой гэдгийг танилцуулгад онцолж байв. Үүний үр дүнд, хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллүүд тодорхой давтамж, чанартайгаар, товлолт хугацааны дагуу нэгтгэгдэж, нийтлэгдэж байгаа аж.  Түүнчлэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаанд цахим мэдээллийн сангаа шинэчилсэн гэлээ.

Дотоод үйл ажиллагааны арга, аргачлалаа сайжруулах чиглэлд нийт 25 аргачлал, 53 заавар, 9 гарын авлагыг шинээр боловсруулсан байна. Түүнчлэн төрийн зарим мэдээллийн санг холбожээ. Хөтөлбөрийн хугацаанд төлөвлөгдсөн дөрвөн тооллого, 17 судалгааг хийсэн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглаж эхэлсэн болохыг онцолж, холбогдох мэдээллийг хийв. Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг тогтмол хугацаанд авч хэрэгжүүлж байгаагаа Б.Батдаваа дарга дурдсан, мөн хүүхэд залуусын статистик мэдээллийг ашиглах чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн биелэлтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлэв.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар дараа нь “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд НҮБ-ын “Рио +20” чуулганы үеэр 16 улсын санаачилгаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд өдгөө 37 улс гишүүнээр элсээд байгаа юм байна. Тус институт нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, тогтвортой, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Парисын хэлэлцээр”-ээр хүлээсэн үүрэг амлалтууд болон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Энэ зорилгын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах; ногоон ажлын байр бий болгох; тогтвортой үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэх буюу хямд, цэвэр эрчим хүчний хүртээмж, тогтвортой нийтийн тээвэр, сайжруулсан ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежмент; гэх мэт агаарын чанарыг сайжруулах; экосистемийн үйлчилгээний зохистой хангамж; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байна.

Монгол Улс 2013 онд тус байгууллагын гишүүн улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, 2014 онд үүсгэн байгуулах гэрээг баталсан юм байна. Улмаар Хөтөлбөрийн газар нь Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2014 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдгийг Н.Уртнасан танилцуулав.

Монгол Улсад 2014 оноос Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн санхүүжилтээр төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран  ногоон хот байгуулалт, ногоон эдийн засаг, тогтвортой эрчим хүчний үүсвэрийг дэмжих чиглэлээр нийтдээ 7 сая орчим ам.долларын төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус институттэй хамтран ажиллах санамж бичгийг статус болон хамрах хүрээний үндэслэлээр өөрчлөлт оруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сард шинэчлэн байгуулсан Санамж бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Манай улс гишүүн орны хувиар тус институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийг зохицуулах хүрээнд хоёр талт олон улсын гэрээ болох Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр байгуулах саналыг тавьснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох байгууллагатай хамтран судлаад энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу гарын үсэг зурах эрхийг холбогдох албан тушаалтанд олгох, цаашид уг гэрээг соёрхон батлуулахаар бэлтгэсэн байна.

Талууд хэлэлцээрийн төслийг 2020 оны зургадугаар сард эцэслэн тохирсон ба Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой хэлэлцээрийн төсөлд Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн саналыг тусгасан хувилбарыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн талд уламжлан 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр цахимаар харилцан тохиролцсон гэлээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь өөрийн санхүүжилтээр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу гишүүн улсуудын Засгийн газрын хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг. Харин ямар нэгэн хэлбэрээр урт, богино хугацааны зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэггүй гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ.

Уг хэлэлцээрийг Засгийн газартай байгуулснаар олон улсын засгийн байгууллагын хувьд эдлэх эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татварын чөлөөлөлт зэрэг асуудлаарх эрх зүйн статусаа баталгаажих үндэс болох юм байна. Ингэснээр Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой аж.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав.

Монгол Улс дотооддоо хэрэгжиж буй тодорхой төсөл, хөтөлбөрт тусгай эрх үүрэг, дархан эрх, халдашгүй байдал болон бусад хөнгөлөлт, татварын чөлөөлөлт зэрэг асуудлаарх эрх зүйн статусыг баталгаажуулах зэрэг давуу эрх олгох нь зохисгүй гэдэг байр суурийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн илэрхийлж байв. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн гишүүн 37 улсын жагсаалтыг харахаар ихэнх нь хөгжиж байгаа эдийн засгууд, санхүүжилт гаргах бололцоотой нь хуруу дарам цөөн байгааг гишүүд онцлоод, холбогдох тодруулгыг хийсэн. Энэхүү институтийн гол донор, үндсэн санхүүжүүлэгчээр Данийн Хаант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Норвегийн Хаант Улс байдаг бол тусгай төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Германы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Байгаль орчны хөтөлбөр, Азийн хөгжлийн банк байдаг хэмээх хариултыг Н.Уртнасан сайд өглөө.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүнгэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд санал нэгтэй дэмжсэнээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж