Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны есдүгээр сараас томилогдон ажилласан Словак мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээ дуусч, баг хамт олон нь түүнийг үдэн гаргалаа.
Растислав Бозик "Миний хувьд өнгөрсөн хугацаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрлөө. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд биднийг бүх талаар дэмжиж байсан Монголын хөлбөмбөгийн холбоонд баярлалаа. Энэ бол ердөө эхлэл гэдгийг тамирчид маань ойлгож, ирээдүйд илүү их амжилтын төлөө тэмүүлээрэй" гэв.
Мөн түүний хамт Унгарын Пушкаш академийн гэрээт тоглогч Г.Ганбаяр нисэх онгоцны буудлыг зорилоо. Шигшээ багийн залуу хөдөлгүүр Г.Ганбаяртай бид зургадугаар сард болох ээлжит тоглолтоор дахин уулзах нь дамжиггүй.
МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал нар тэдэнд баяр хүргэж, Монголын үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө нэр төртэйгөөр зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.