Монголбанкны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Энэ удаа хуульд ямар голлох өөрчлөлтүүд орсон бэ?
-Банкны тухай хууль анх 2010 онд батлагдсанаас хойш банк, санхүүгийн салбарын болон техник технологийн хөгжил, нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан хуульд нэмэлт, өөрчлөлтүүд тусган хөгжүүлж ирсэн байдаг. УИХ-аас 2021 оны 1 дүгээр сард баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд Монгол Улсын банк, санхүүгийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой хууль батлагдлаа. Энэ хуулийн хүрээнд зарчмын дараах дөрвөн үндсэн асуудлыг хөндөн, нарийвчлан зохицуулсан.
Нэгдүгээрт, банкууд хуульд заасан хугацааны дотор хувьцаат компанийн хэлбэрт шилжих бөгөөд банкны системд нөлөө бүхий банк зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх, бусад банкууд нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зохицуулалтыг тусгасан. Хоёрдугаарт, банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилгоор аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмших зохицуулалтыг тусгасан. Энэхүү шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангасан байх шаардлагатай. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр банкны өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод болж, зах зээлийн оролцогчдод мэдээлэл тэгш хүртээмжтэй болох бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Гуравдугаарт, банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалт юм.
Тухайлбал, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах үзэл баримтлалын хүрээнд иргэд тэргүүн ээлжид хадгаламж болон харилцах данс дахь өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдээс өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжид авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Дараа нь хуулийн этгээд, түүний дараа Засгийн газар, төрийн байгууллагууд байхаар төлбөрийн дарааллыг нарийвчлан зохицуулсан. Дөрөвдүгээрт, банкны системд нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгож хуульчилсан. Монгол Улсад нийт 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн дагуу нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тооцдог. Харин Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг баримтлан Монголбанк тогтоож байхаар болсон юм.
-Банкийг нээлттэй болгохын ач холбогдол юунд байх вэ?
-Эдийн засгийн “төлөөллийн онол”-оор компанийн хувьцаа эзэмшигчийн өмчийн эрх ба удирдлага, хяналтын оролцооны тэнцвэртэй байдлыг тодорхойлж, компанийн үйл ажиллагааны үзүүлэлттэй харьцуулсан судалгааны үр дүнд тулгуурлан, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлөөс үүдэлтэйгээр банкны үйл ажиллагааны эрсдэл нэмэгддэг шууд хамаарал байгааг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд чанаргүй актив, холбогдох этгээдтэй хийсэн ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлээс шалтгаалж банкны төлбөрийн чадвар алдагдаж, татан буугдсан, өөрийн хөрөнгийн дутагдалтай банкууд нь дийлэнх тохиолдолд банкны хувьцаа эзэмшигчийн оролцоо, шийдвэр нөлөөлсөн байгаа нь банкны хувьцааны өмчлөл ба хяналтын тэнцвэрт нэг этгээдэд хэт төвлөрч, тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байсан.
Иймд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох, мэдээлэл нээлттэй байж, зах зээлийн дохиоллын зарчмыг нэвтрүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байсан гэж болно. Тиймээс банкийг нээлттэй болгох шаардлагыг хуульчилж, банкууд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргах буюу IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэх ач холбогдолтойг өмнө дурдсан.
-Банкуудыг нээлттэй болгоход хөрөнгийн зах зээл бэлэн гэж бодож байна уу?
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах хүрээнд УИХ-аас Дэд ажлын хэсгийг банк, санхүүгийн салбарын үндсэн зохицуулагч байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн Монголын банкны холбоо зэрэг энэ салбарын олон талын оролцогчийг төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажилласан. Өнөөгийн байдлаар хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн системийн 10 хүрэхгүй хувийг эзэлж байна. Банк нээлттэй компани болж, санхүүгийн зах зээлд оролцон, шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, энэ зах зээлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна үзэж байна. Иргэд, банкны харилцагчид банкинд мөнгөө хадгалуулах бус, хөрөнгийн биржээр дамжуулан тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг авснаар өөрийн санхүүг төлөвлөх, санхүүгийн салбарын мэдлэг мэдээлэл нэмэгдэх, ногдол ашиг болон бусад үр шимийг хүртэх бүрэн боломжтой болно.
Тэгэхээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд энэ хууль тодорхой ач холбогдолтой. Гэсэн хэдий ч итгэлцлийн зарчим дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг онцлог бүхий банкны салбарын тогтвортой байдлыг хамгаалах суурь зохицуулалтуудаа хэвээр хадгалж, хуулийн шинэчлэлтэй холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох нь зохицуулагч байгууллагууд болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны зорилго бөгөөд үүнийг ихээхэн нухацтай авч үзэх шаардлагатай. Нөхцөл байдлаас хамаараад тодорхой үнийн дүнтэй арилжааны хувьд хяналтын уян хатан бодлого, тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ ФАТФ-аас тавигдаж байгаа шаардлага, шалгуурыг тогтмол ханган хэрэгжүүлж, үр дүнтэй тогтолцоог хэвийн үргэлжлүүлэх учиртай.
-Банкны системд нөлөө бүхий таван банк хуулийн зохицуулалтаар 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Бусад компаниудад хамаарах ямар зохицуулалт орсон бэ?
-Банкууд хуульд заасан хугацааны дотор хувьцаат компанийн хэлбэрт шилжих бөгөөд банкны системд нөлөө бүхий банк зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх, бусад банкны хувьд нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй байх эсэхээ шийдвэрлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зохицуулалтыг тусгасан.
-Энгийн иргэн банкны хувьцаа эзэмшихэд ямар шаардлага тавигдах вэ. Юун дээр анхаарах ёстой вэ?
–Иргэд банкны хувьцаа эзэмших эрх нээлттэй. Тиймээс иргэд тухайн аль нэг банкнаас нээлттэй арилжаалахаар гаргаж байгаа хувьцааны талаар сайтар судалж, холбогдох дүрэм, журмын талаарх мэдээллийг мэргэжлийн, зохицуулах байгууллагад хандаж авсны үндсэн дээр хувьцааг авах эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Учир нь банкны салбарын онцлогоос хамаарч банкны хувьцаа эзэмшигч, түүний хүлээх үүргийн талаар зохицуулалт нь бусад энгийн компанийн хувьцаа эзэмшихээс ялгаатай байдаг тул тухайн асуудлаар тодорхой ойлголтыг урьдчилан авч, нөхцөл шаардлагыг сайтар судлах хэрэгтэй байдаг.
-Банк татан буугдсан тохиолдолд хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн хангах вэ?
-Банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгахыг зохицуулахыг зорьсон. Тухайлбал, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах үзэл баримтлалын хүрээнд иргэд хадгаламж болон харилцах данс дахь өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдээс өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжид авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Дараа нь хуулийн этгээд, түүний дараа Засгийн газар, төрийн байгууллагууд байхаар төлбөрийн дарааллыг нарийвчлан зохицуулсан.
Холбоотой мэдээ