Мьянмарын төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авсан генерал Мин Аун Хлайн өнгөрсөн долоо хоногт/2021.3.27/ 114 жагсагч нэг өдөрт амь үрэгдсэн өдрийн үдэш тансаг зоог барин үдэшлэг зохиожээ.
Тухайлбал цахим орчинд генерал Мин Аун Хлайн ёслолын цагаан хослол өмсөн улаан хивсэн дээгүүр алхаж, задгай талбайд болж буй үдэшлэгийн зочидтой мэндлэн тансаг оройн зоог барьж байгаа зургууд таржээ.
Эл өдөр бол Мьянмар дэлхийн хоёрдугаар дайнд Японы түрэмгийллийг эсэргүүцэж эхэлснийг тэмдэглэдэг үндэсний зэвсэгт хүчний өдөр юм. Тиймээс тухайн өдрийн үдээс өмнө Мин Аун Хлайн цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, индэр дээрээс “Мьянмарын зэвсэгт хүчин ард түмнээ хамгаалж, хүчирхийллийг таслан зогсоож, ардчиллын төлөө тууштай тэмцэх болно” хэмээн ярьсан аж.
Тус цэргийн жагсаал болон тансаг оройн зоог, үдэшлэгт ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Вьетнам, Лаос, Тайландын төлөөллүүд уригдан оролцсон гэнэ.
Тэр хар өдөр цэргүүд жагсагчдын эсрэг гал нээн хүүхэд, эмэгтэйчүүд тэргүүтэй дор хаяж 114 хүний аминд хүрч, хоёрдугаар сарын 1-нээс хойш ардчиллын төлөө тэмцэж яваад амь үрэгдсэн хүний тоог нийт 459 болгосон юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр тухайн өдөр цэргүүд гудамжинд таарсан бүх хүнээ сануулгагүйгээр шууд буудаж байсан гэнэ. Мөн өмнө нь ч шөнийн цагаар баривчилгаа хийх үедээ цэргүүд орон сууцууд руу гал нээж байсан тухай мэдээлэл бий. Зэвсэгт хүчний өдрөөр амь үрэгдсэн хүмүүсийн дунд 40 настай Мандалай хотын иргэн байсан бөгөөд түүнийг цэргүүд буудаж шархдуулаад, дараа нь амьдаар нь шатаасан гэнэ. Цэргүүдийн хүчирхийлэл дараа өдөр нь ч үргэлжилж, 20 настай оюутны оршуулгад оролцож байсан хүмүүс рүү гал нээсэн байна.
Болсон аймшигт явдлын дараа АНУ, ИБУИНВУ, Япон, Австрали, Канад, Дани, Герман, Грек, Итали, Шинэ Зеланд, БНСУ нарын 12 орны батлан хамгаалахын сайд нар хамтран мэдэгдэл хийсэн юм. Тус мэдэгдэлд “Мэргэжлийн жинхэнэ арми бол олон улсын шаардлагыг хангаж, өөрийн улсын ард иргэддээ үнэнчээр зүтгэн, хамгаалж, хариуцлага хүлээн, сахин хамгаалах ёстой” хэмээн дурджээ. Гэвч ОХУ, БНХАУ орнууд дээрх улсуудтай үл нэгдэн Мьянмарын армийн үйл ажиллагааг буруушаасангүй.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ