Нийслэл хотын иргэд өглөө эрт босдог, ажилдаа яардаг соёлыг бий болгохоор “Эртэч Монгол” уриалга гаргаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан энэ аяны хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил, худалдаа үйлчилгээний байгууллагууд өглөө 06.00 цагт үүдээ нээдэг байх саналыг гаргаад байгаа юм.
Тус уриалгыг дэмжиж Хан-Уул дүүргийнхэн өнөө өглөө 07.00-08.00 цагт ажилдаа цуглажээ. Тодруулбал, "Хоггүй Хан-Уул 2021” аяны хүрээнд 2000 гаруй төрийн алба хаагч, хувийн хэвшлийнхэн, иргэд хамтран дүүргийнхээ нутаг дэвсгэрийг хоггүй цэвэрхэн байхаас ажлын өглөөг эхлүүлсэн байна.
Тэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлаа цэвэрлэсэн. Иймд хог хаягдлаа гудамж талбайд хаяхгүй байхыг иргэддээ уриаллаа. Тус дүүрэг нь “Хоггүй Хан-Уул” аяныг жил бүр зохион байгуулдаг. Уламжлал ёсоор ийнхүү дүүргээ цэвэр цэмцгэр байлгах зорилгоор “Эртэч Монгол” уриалгыг дэмжиж, бусад дүүрэгтээ үлгэр жишээ болсон нь энэ юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ