Зэвсэгт хүчнийхэн ар гэрээс нь уучлал хүслээ

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэн ар гэрээс нь уучлал хүслээ

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, March 30, 2021

НЭМЭЛТ:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд захирагчдаа зодуулж амиа алдсан цэргийн талаар өнөөдөр /2021.03.31/мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.ДАШЗЭВЭГ:

-Дэслэгч Г харуулын албаны даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэрэг Б-ийн биед халдсан. Цэргийг эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтайгаар амиа алдлаа. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн талийгаачийн ар гэрээс уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлж байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга хурандаа С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн бүх шатны оффицеруудын төлөвшилт, бэлтгэлжилтийг шалгахаар боллоо. Хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийн аж амьдралын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран сурталчлах болно. Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газар дээр хэрэг нээн шалгаж байна" гэв.

Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та бүхэн яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ?

-Ангийн захирагчаас эхлүүлээд бүхий л хүмүүст албан шалгалт явуулдаг.  Шалгалтын дагуу л сахилгын шийтгэл оногдуулдаг.

-Хал цэргүүд шинэ цэргүүдээ дэглэдэг байдлыг эхнээс нь таслан зогсоох ёстой юм биш үү?

-Бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авдаг. Энэ байдлыг таслан зогсоохоор ажиллаж байна.

-Талийгаачийн ар гэр ямар гомдол гаргасан бэ?

-Цагдаагийн байгууллага дээр хэргийг шалгаж байгаа байх. Бид хуульд заасны дагуу оршуулгын зардал, тэтгэмж гэх зүйлсийг өгнө.

-Одоогоор өөр зөрчил илэрсэн үү?

-Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир бид нарийн мэдээлэлгүй байна. Одоогоор талийгаач Б-ээс өөр цэрэгтэй ёс бус харьцсан зөрчил илрээгүй байна. Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар дэслэгч Г-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон.

-Шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Энэ долоо хоногтоо гарчих байх.

"ТУХАЙН ӨДӨР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА"

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.АМГАЛАНБААТАР:

-Миний хариуцсан цэргийн ангид гарсан хэрэгтэй холбогдуулан би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн жижүүрийн бүрэлдэхүүн, албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж байгаа нь үнэн. Гэхдээ гараад буй зөрчил, хэргүүдийг таслан зогсоохын тулд бид хичээх болно. Залуучууд архи ууж байгаа тохиолдол байна. Архины хор хөнөөлийн талаар сургалтын төлөвлөгөөнд оруулсан. Хугацаат цэргийн алба хаагчидтай ангиуд бүгд камертай. Цэрэг үйл ажиллагаа явуулж буй бүх газрыг камержуулах боломжгүй. Цэргийн дүрмээр тогтоосон хэм хэмжээ гэж бий. Мөн оффицер ахлагч нарын хэм хэмжээ бий. Энэ гажуудахаар л хэрэг гараад байна.

Хурандаа Д.АРИУНБОЛД:

-Шинэ цэргүүдийг дэглэсэн хэрэг 032 дугаар ангид гарч, нийтийн сүлжээгээр тарсан. Жанжин штабын зүгээс тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдад сахилгын арга хэмжээ авч, цолыг нь бууруулж, өөр анги руу шилжүүлсэн. Өчигдөр болсон сахилгын хурлаар цаашдын ажлаа боловсруулж, нийгэмд цэргийн албыг сурталчлан таниулах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 326 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧИЙГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

НЭМЭЛТ:

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг өчигдөр /2021.03.30/ ажлаас нь чөлөөлжээ.  Хурандаа Н.Отгонбаярыг тус ангийн захирагчаар томилсон байна.

"ЗОДУУЛСАН ЦЭРЭГ ЭМЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН"

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь даргадаа зодуулсан хэрэг гуравдугаар сарын 29-нд гарсан. Тэрээр хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь биеийн байдал нь сайжралгүй, өнгөрсөн шөнө нас баржээ. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс өнөөдөр /2021.03.31/ дараах мэдээллийг өглөө. Тус эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Хандмаагийн хэлснээр байлдагч нь Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15  цагийн үед нас барсан байна. Биеийн байдал нь хүнд байсан тул мэс засал хийх боломжгүй гэж тус эмнэлгийн зөвлөх эмч нь үзжээ.

ӨВЧТӨН ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТ, ЗҮРХ СУДАСНЫ АРХАГ ДУТАГДАЛ ЗЭРЭГ 3-4 ОНОШТОЙ НАС БАРСАН

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.ХАНДМАА: 

-Байлдагч нь энэ сарын 29-ний шөнийн 01.30 минутад биеийн байдал нь хүнд, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15  цагийн үед нас барсан. Нас барах үедээ тархины цус харвалт, тархины ком, тархины төвийн даралт, амьсгал зүрх судасны архаг дутагдал, уушгины хатгалгаа гэсэн оноштой нас барсан. Байлдагч нь уушгины хатгалгаатай байсан. Бид биеийн байдлыг нь үнэлж, эмийн эмчилгээ хийж байсан. Хамгийн гол нь дараагийн оношилгоо, эмчилгээ хийх асуудлаар зөвлөх эмчтэйгээ өчигдөр уулзаж, зөвлөгөө авсан. Харамсалтай нь, байлдагчийн биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан тул мэс засал даах боломжгүй тул эмийн эмчилгээг үргэлжүүлж байсан" гэлээ.

Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан. Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г байлдагчийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн. Энэ талаар ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хэрэгт холбогдогчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
28
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж