Хөвсгөл аймагт өнөө өглөө /2021.03.31/ 08.01 цагт 5.7 магнитут, 08.22 цагт 4.4 магнитутын хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Ханх сумын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бол Мөрөн сум, Булган аймгийн зарим иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна.
Уг газар хөдлөлтийн чичирхийлэл 597 километр зайд үргэлжилсэн нь олон улсын станцад бүртгэгджээ. Иймд мөс цөмрөх аюулаас сэргийлж Хөвсгөл нуур дээгүүр мөсөн замын тээвэр хийхгүй байхыг аймгийн Онцгой Байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөлсөн. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн билээ.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайханаас тодруулахад “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт өглөө 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөлсөн. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын олон газар мэдрэгдээд байна. Улаанбаатарт ойролцоогоор гурван балл газар хөдөлсөн. Мөн Хөвсгөлтэй залгаа аймгуудад чичиргээ мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэхэд 4-5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн байгаа. ХӨмнө нь ийм хүчтэй 6.5 магнитудын газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо есөн баллаар мэдрэгдэх ёстой. Хэрэв тэр хэсэгт барилга байшин барьсан бол нурах аюултай” гэдгийг хэлж байв.
Ц.ДУЛАМ
Холбоотой мэдээ