Канад улс 55-аас доош насны иргэдээ “АстраЗенека“ вакцинаар дархлаажуулахаа түр зогсоож байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тус улсын Эрүүл мэндийн зохицуулах байгууллагаас “АстраЗенека” вакцин нь цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл 100 мянган хүнд нэг тохиож байгаа нь өмнө нь таамаглаж байснаас өндөр үзүүлэлт учир вакцинжуулалтыг түр зогсоох болсон хэмээн тайлбарласан юм. Энэ эрсдэл нь ялангуяа залуу эмэгтэйчүүдэд үүсч байгааг онцолсон байна.
Тэгвэл өнөөдөр /2021.03.31/ Германы эрүүл мэндийн байгууллага 60-аас доош насны иргэддээ уг вакциныг хийхээ зогсоож байгаагаа мэдэгджээ. Тус улсад нийт 2.7 сая хүн “АстраЗенека”-ийн вакцин хийлгэснээс 31 хүнд цусны бүлэгнэл үүссэн учир болзошгүй эрсдэлээс болгоомжилж, ийнхүү хориглоод байна.
Дэлхийн нийт 71 улс орон энэ вакциныг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтдаа ашиглаж байгаа бөгөөд “АстраЗенека” компанийн зүгээс уг вакцины ашиг тус нь эрсдэлээс хавьгүй илүү гэдгийг онцлоод цусны бүлэгнэл үүсч байгаа нь вакцинаас болсон эсэхийг даруй тодруулахаа мэдэгджээ.
Энэ сарын эхээр мөн дээрх шалтгаанаар Европын 10 гаруй улс “АстраЗенека” вакциныг ашиглахаа зогсоож байсан билээ. Харин ДЭМБ болон Европын эмийн агентлаг энэ вакциныг аюулгүй хэмээн дүгнэсний дараа вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ