Дөрөвдүгээр сард хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сард хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Дөрөвдүгээр сард хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Намуунбайгалаас дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар тодрууллаа.


-Энэ сард ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэ үзэгдэл дөрөвдүгээр сард дахин давтагдах уу?

-Эхний 10 хоногийн сүүлчээр нийт нутгаар, хоёрдугаар 10 хоногийн сүүлчээр  баруун болон төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар 10 хоногийн байдлаар баруун, төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадастай байгаа. Энэ үеэр шороон болон цасан шуурга шуурч, салхины дундаж хурд секундэд 16-18 метр, говийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 22-24 метр хүрч ширүүсэх магадлалтай байна.

Хүчтэй салхины түр зуурын хурд секундэд 24-өөс дээш метр хэд ч хүрч болзошгүй. Агаарын температур Дорнод, Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн нутаг болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

-Урьдчилсан байдлаар цаг агаарын аюултай үзэгдэл аль бүс нутгаар ихэвчлэн болох вэ?

-Цаг агаарын аюулт үзэгдлийн хувьд хэдийгээр шороон болон цасан шуурга шуурч, салхины дундаж хурд ширүүсэх төлөвтэй байгаа ч дөрөвдүгээр сарын 11–16 , 24–26-ны өдөр баруун болон төвийн бүс нутгаар, 15–20-ны өдөр зүүн болон говийн бүс нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байна.

Иймд иргэд, олон нийт болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Хур тунадасны тухайд Баян–Өлгий, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундажаас их, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дундажийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа.

-Хүчтэй шороон шуурга болон цасан шуурганаар иргэд юуг анхаарах вэ?

-Малчдад онцгойлон анхааруулахад цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, малаа хол бэлчээрт гаргахгүй байх, хүүхдийг малд явуулахгүй байх, өндөр хүчдэл, цахилгааны шугам сүлжээний аюулаас болгоомжлох шаардлагатай байна. Мөн тээвэрчдийн хувьд техник хэрэгслийн бэлэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох, холын тээвэрт гарахдаа шаардлагатай бэлтгэлийг бүрэн хангах хэрэгтэй.

Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэдэд ойрын хугацааны цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэж, анхааруулах, байгалийн болзошгүй гамшигт үзэгдлийн үед хохирол багатай гарах талаар зөвлөмжийг мөн хүргэж ажиллаж байна.

Б.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж