“Эрсдэлийн түвшин буурвал төгсөх ангийн танхимын давтлага эхэлнэ”

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

“Эрсдэлийн түвшин буурвал төгсөх ангийн танхимын давтлага эхэлнэ”

“Эрсдэлийн түвшин буурвал төгсөх ангийн танхимын давтлага эхэлнэ”

Улсын хэмжээнд 34 мянга гаруй сурагч арванхоёрдугаар ангиа төгсч, мэргэжил сонголт хийх чухал мөчид ойртсоор байна. Үүний 15 мянга гаруй нь Улаанбаатар хотод суралцаж байгаа юм. Халдвар бүртгэгдээгүй орон нутагт гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэж эхэлсэн нь төгсөх ангийн сурагчдад Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх боломж бүрдсэн. Харин энэ шийдвэрийн "гадна" нийслэл хотын 15 мянга гаруй төгсөх ангийн сурагчид орхигдоод байв. Учир нь нийслэлд төгсөх ангийн сурагчдын хичээлийг теле хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон юм. Гэсэн хэдий ч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийслэлийн арванхоёрдугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх шийдвэрийг гаргаснаа өнгөрсөн долоо хоногт зарласан.

Ингэхдээ сургуулийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдал, багш ажилчдын Covid-19-ийн дархлаажуулалтад хамрагдалт, сургуулийн ойр орчмын халдварын эрсдэлийн нөхцөл зэргийг харгалзан танхимын давтлагыг эхлүүлнэ гэдгийг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан хэлж байв. Гэвч сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр 3-наас 18-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн улаан түвшинд шилжих тухай саналыг гаргасан юм. Хэрэв хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжвэл нийслэл болон халдвар бүртгэгдсэн аймгуудын төгсөх ангийн сурагчдын танхимын давтлага хэрхэх вэ гэх асуудал үүснэ.

Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цаашид хэрхэх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад “Боловсрол, шинжлэх ухааны сайдын гуравдугаар сарын 26-ны өдрийн 120 тоот тушаалд нийслэлийн хэмжээнд төгсөх ангийн сурагчдыг Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зорилгоор танхимын давтлага хичээлийг УОК-ын шийдвэрээр зохион байгуулна хэмээн заасан. Энэ Даваа гаригаас сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэн. Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой шийдвэр, зөвлөмж гарсны дараа энэ ажлыг зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төгсөх ангийн сурагчдыг танхимын давтлагад хамруулах боломжтой эсэхийг тодруулахаар нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн Онцгой комисс руу албан бичиг хүргүүлэх гэж байгаа. УОК, Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон үед танхимын сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Харин халдвар буурч, эрсдэлийн түвшин буурсны дараа нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын зөвшөөрөлтэйгөөр төгсөх ангийн сурагчдын танхимын давтлагыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.

 БАГШ, АЖИЛЧДЫН  71.8 ХУВЬ НЬ ВАКЦИНЖУУЛАЛТАД БҮРЭН ХАМРАГДСАН

Төгсөх ангийн сурагчдын давтлагыг эхлүүлэхэд багш нарын Covid-19-ийн вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг бодолцож үзэх нь зүй ёсны тавигдах шаардлага билээ. Тэгвэл боловсролын салбарын багш, ажилтнууд гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд нийслэлийн есөн дүүргийн багш, ажилтан, албан хаагчдын нийт 24977 буюу 71.8 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гэх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн юм.

Энэ жилийн төгсөх ангийн нэг улирал танхимаар, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэж байгаа билээ. Иймд цар тахалтай холбоотойгоор ЭЕШ-ын сэдэв, даалгавар боловсруулахад агуулгын хувьд  том өөрчлөлт орсон аж. Өөрөөр хэлбэл, энэ жилийн шалгалтын даалгаврыг арванхоёрдугаар ангийн сурагчдын танхимаар судалсан болон 9,10,11 дүгээр ангид үзсэн агуулгад тулгуурлан боловсруулсан гэдгийг Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан мэдээлсэн байдаг.

“ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАА ДАВТАХ ЦАГ ХОМС ОЛДОЖ БАЙНА”

Харин төгсөх ангийн сурагчдын танхимын давтлага эхлэх хугацаа тодорхойгүй байгаа энэ үед Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлдэж байгаа талаар сурагчдаас тодрууллаа. Мөн тэд цахим хичээл, танхимын давтлага зэргийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Сонгинохайрхан дүүргийн …сургуулийн 12-р ангийн сурагч О. Янжинлхам

-Элсэлтийн ерөнхий шалгалтдаа цахимаар л бэлдэж байна.  Багшийнхаа өгсөн даалгаврыг хийж гүйцэтгэхийн хажуугаар шалгалт өгөх хичээлүүдээ давтаж байгаа. Халдварын тохиолдол өдрөөс өдөрт байгаа учраас одоохондоо танхимаар орох нь хүндрэлтэй болов уу гэж бодож байна. Эцэг, эхчүүд ч хүлээн зөвшөөрөхгүй байх.  Өвчин зовлонтой байхад гадуур битгий яваарай гэдэг. Танхимаар орохыг одоохондоо хүлээн зөвшөөрөхгүй байх нь ч аргагүй.

Баянгол дүүргийн …сургуулийн 12-р ангийн сурагч Б.Бямбадэлгэр

-Би Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Төгсөх ангийн сурагч. Цар тахал гарсантай холбоотойгоор цахим хичээлийг үзэж, хийж байна. Гэхдээ теле хичээлийг үзэж тэмдэглэхэд хэтэрхий их цаг алдах үе байдаг. Мөн хичээлээс ойлгогдохгүй зүйлс их гарч ирдэг. Зарим үед багш нар заавал хичээлийн тэмдэглэл, даалгавраа явуулах ёстой гэх шаардлагыг тавьдаг. Энэ тохиолдолд теле хичээлээ ойлгоогүй байсан ч тэмдэглэлээ бичиж явуулах ёстой болдог юм. Тиймээс Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх үндсэн хичээлдээ ач холбогдол өгч, давтах цаг хомс олдож байна. Танхимын давтлага орвол төгсөх ангийн сурагчдад илүү бодит үр дүн харагдах хэдий ч цар тахлын энэ үед маш их эрсдэлийг ч дагуулж болох юм.

Сонгинохайрхан дүүргийн …сургуулийн 12-р ангийн сурагч Х.Гантиг

-Элсэлтийн ерөнхий шалгалтадаа цахимаар бэлдэж байгаа. Теле хичээлээс ойлгохгүй зүйл гарвал багштайгаа холбогдож мэдэхгүй зүйлсээ асуудаг. Танхимын давтлага авах хүсэлтэй байгаа. Хичээл бүрээ цахимаар хийхэд хараа муудах, цаг их үрэх, тулж ажиллах боломж хомс, интернетийн сүлжээ зэрэг асуудал асуудал гарч ирдэг. Харин ээж, аав маань халдварын тархалт намдтал танхимын хичээлийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа.

Ц.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж