Шүдний төвийн байр "шүдний өвчин" болжээ
Шүдний төвийн байр "шүдний өвчин" болжээhttps://news.mn/r/2416891/
Posted by News.mn on Tuesday, March 30, 2021
Монголдоо шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг ганцхан эмнэлэг бол Шүд, эрүү, нүүрний төв. Тус төв нь 2013 оноос хойш таван жил түрээсийн байр дамжиж, гурван тэрбум орчим төгрөгийг түрээст зарцуулсан гэдэг. Өнгөрөгч 2018 оны есдүгээр сараас шинэ байртай болсон ч зориулалтын бус байрны чанарын асуудал хөндөгдөх болжээ.
Нийслэлээс Шүд, эрүү, нүүрний төвд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн зүүн урд талд байрлах зургаан давхар шилэн барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 4.6 тэрбум төгрөгөөр худалдан авч өгчээ. Гэвч одоог хүртэл нүүр, амны тусламж үйлчилгээ, мэс засал хийх орчин нь бүрэн гүйцэд бүрдээгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.
Анхнаасаа оффиссын зориулалттай барьсан барилгыг худалдан авахдаа эмнэлгийн зориулалтаар засч, янзлах боломжтой гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгосон гэх. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын бус байрны “зовлон” дууссангүй, бахь байдгаараа. Гаднаас нь харахад өнгө үзэмжтэй, шилэн барилга хэдий ч дотроо зай талбай муутай, агааржуулалтгүй, цонхны битүүмжлэл алдагдсан барилгад оржээ.
“ДӨРӨВ, ТАВАН САР ЯВААД ШҮДЭЭ ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”
Цар тахлын нөхцөл байдлын улмаас тус төв цахимаар цаг олгож, иргэдэд үйлчилж байгаа аж. Биднийг зорин очиход 4-5 хүн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, шүдээ эмчлүүлэхээр дугаарлаж угтав. Зарим хүмүүс үйлчилгээ авахад хүндрэлтэй, цахимаар цаг олдохгүй байгаад бухимдаж буйгаа эмч нарт хэлж байсан юм.
Хан-Уул дүүргээс зорин ирсэн ахмад настан С.Далхсүрэн “Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв өмнө нь хотын төвд байхад ч дугаарлаж байж шүдээ эмчлүүлдэг байсан. Анх энэ төв Төв шуудангийн тэнд байсан шүү дээ. Тэндээсээ хоёр, гурван ч удаа нүүсэн байх. Одоо ийм байртай болсон юм байлгүй дээ. Яагаад хуучин байсан газрынхаа суурин дээр байраа барьж болоогүй юм бол. Төр нь аль нэг хувийн хэвшилд зарчихсан юм байгаа биз дээ.
Би энэ төвөөр хааяа үйлчлүүлдэг юм. Цар тахалтай холбоотойгоор цахимаар цаг олгож байгаа ч цаг нь олдохоо байсан. Цахимаар цаг авах гэхээр л цаг нь дуусчихсан байдаг. Би дөрөв, таван сар яваад шүдээ эмчлүүлж чадахгүй байна. Арай хийж цахимаар цаг авахаар хөл хорио тогтоогоод хүчингүй болгочихдог. Ганц шүд янзлуулах гэж явсаар байгаад нөгөө шүд маань унаж дууслаа” гэлээ.
Баянзүрх дүүргийн иргэн М.Алтанцэцэг “Анх нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь Төв шуудангийн ард талд байрлаж байсан. Дараа нь “Төгөлдөр” төв рүү нүүсэн. Сүүлдээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн талд очсон. Одоо энэ зургаан давхар шинэ байраа бариад орсон гэж ойлгож байгаа. Нийслэлээс энэ төвийн газрыг зарж, өчнөөн нүүдэл суудал болгочихоод зориулалтын байранд оруулж өгөөгүй гэж дуулсан. Төрийн ажлыг ингэж хариуцлагагүй хийж байгаад харамсч байна” гэдгийг хэлж байв.
“ЗОРИУЛАЛТЫН БУС БАРИЛГАД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ТӨВӨГ УЧИРСАН”
Тус төвийн захирал Б.Дөлгөөн ажлаа хүлээж аваад зургаан сар болж байгаа гэлээ. Тэрбээр шинэ барилгын асуудлаар ярихдаа “Энэ барилгыг 2016 онд барьсан. Улсын комисс хүлээж авснаас хойш хоёр жилийн дараа нийслэлээс тендер зарлаж, худалдан авсан юм билээ. Тендерт “Алтан горхи” гэдэг компани шалгарч, нийслэлээс 4.6 тэрбум төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулснаар манай төв 2018 оны есдүгээр сард энэ барилгад нүүж орсон.
Энэ барилгыг анх оффисын зориулалтаар барьж, Улсын комиссоос гэрчилгээгээ авсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн зориулалтын бус барилга гэсэн үг. Зориулалтын бус барилгад нүүж орсноор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зарим асуудалд төвөг учирсан. Одоо ч гэсэн энэ асуудал хэвээр байна.
Бид “Алтан горхи” компанийн удирдлагатай холбогдож, барилгын засвартай холбоотой хүсэлтүүдийг илгээж, зарим ажлуудаа хийлгэж, заримыг нь одоо хүртэл хийлгэж чадахгүй байгаа. Энэ компани нь гурван жилийн хугацаатай гэрээний дагуу асуудал гарахад засах ёстой байтал тэр үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан шалгуулж байгаа. Энэ компанитай байгуулсан гэрээний хугацаа 2021 оны есдүгээр сард дуусна. Шүдний төв шинэ байртай болсон ч байрны чанартай холбоотой зарим асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна” гэдгийг хэлсэн юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны наймдугаар сарын 28-нд “Алтан горхи” компанид хүргүүлсэн албан шаардлагад “Барилгын чанал, аюулгүй байдал, сантехник, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээ муудаж, ус ихээр алдаж, эмнэлэг үйлчилгээний ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тухай дурджээ.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн улсын байцаагч А.Цэцэгмаагаас тодруулахад “Алтан горхи” компани анх барилгыг эмнэлгийн зориулалтаар бариагүй. Үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран улсын өмчид хүлээж авсан юм билээ. Манай байгууллагаас “Алтан горхи” компанид шаардлага хангахгүй барилга, шугам сүлжээ, сантехник, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Тэрний дагуу “Алтан горхи” компани нэлээд ажил хийсэн гээд албан бичгээр хариу өгсөн байдаг” гэсэн юм.
Харин “Алтан горхи” компанийн захирал М.Ганбаатартай утсаар холбогдоход “Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв 2016 онд барьсан барилгыг маань худалдан авсан. Манай компанийн зүгээс эмнэлгийн зориулалттай байр болгох гэж олон ажлыг хийж өгсөн. Бид өдөр шөнөгүй дуудахад нь очиж, засвар үйлчилгээг нь хийдэг. Сүүлийн үед төвийн эмч, ажилтнуудаас барилгатай холбоотой гомдол санал хэлэх нь багасч байна. Бид хариуцсан ажлаа хаяад алга болчихгүй. Гурван жилийн хугацаатай гэрээний дагуу 4.6 тэрбум төгрөгийг гурав, дөрвөн удаа хувааж авч байна. Одоо ч бүрэн мөнгөө авч чадаагүй байгаа” талаар ярилаа.
“ШИНЭ БАЙРТАЙ БОЛСОН Ч БАРИЛГЫН ХУВЬД ТИЙМ САЙН БИШ”
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн захирлаар 2015 онд томилогдон ажиллаж байсан, шинэ байраа хүлээн авсан Л.Хэнтийгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төв шуудангийн ард байрлах Шүд, эрүү, нүүрний төвийн хоёр давхар барилгыг нурааж, газар дээр нь одоо хувийн хэвшлийн өндөр барилга сүндэрлэж байна. Энэ газар дээр нь яагаад төвийн барилгыг шинээр бариагүй юм бэ?
-Би 2015 оны зургадугаар сарын 30-нд нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн захирал болсон. Намайг ажлаа авахад энэ төв Багшийн дээдийн урд нийслэлийн прокурорын газрын хажууд түрээсийн байранд хоёр дахь жилдээ болж байсан. Захирлаар томилогдож, өөрийн гэсэн байртай болохын төлөө анхаарлаа тавьж, хөөцөлдсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ төвийн хуучин хоёр давхар барилгын суурийг модоор барьсан учраас нурах аюултай гэсэн албан ёсны дүгнэлт гарсан юм билээ. Тэр дагуу тухайн үед нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл газрыг нь зараад газар дээр нь барилга барихаар ярьсан байна лээ. Миний өмнө нь байсан Н.Пүрэвжав, Д.Чухал дарга нар хөөцөлдөж, 12 давхар байшин барьж, энэ барилгынхаа таван давхарыг нь Шүд, эрүү, нүүрний төвд өгөх концессын гэрээ хийхээр тохиролцсон юм билээ. Гэвч барилга эхлэх болоход нөгөө газрыг аваад барилга барина гэсэн компанийн зүгээс “Энэ явцгүй юм байна. 12 давхар ашиггүй учраас 15 давхар болгоё” гэсэн санал тавьсан. Гэтэл Засаг дарга 15 давхар барих үндэслэлгүй гээд гэрээ цуцлагдсан юм.
Үүний дараагаар энэ төвийг байртай болгохын тулд газрыг нь зарж, тэнд барилга барья гэсэн. Гэвч тухайн үед газрыг нь яаж зарах нь тодорхойгүй байсан. Удалгүй нээлттэй дуудлага худалдаагаар оруулахаар болж, тэр үедээ найман тэрбум төгрөгөөр оруулна гэж байсан ч авах хүн олдохгүй сүүлдээ дөрвөн тэрбум төгрөг болж буурсан. Газар нь зарагдаад байртай болох юм болов уу гэсэн байхгүй.
Тухайн үеийн НИТХ-ын дарга нарт хандсаны үр дүнд биднийг дуудаад “Хангай” хотхонд газар үзүүлж, “Бэрэн” компаниар барилга бариулж, 10 давхар барилгын таван давхрыг нь танай төв ав. Бусад нь “Бэрэн” компани авна" гэж ярьсан. Бид газрыг нь очиж үзээд, ямар ч байсан өөрийн байртай болох нь гэж байтал тухайн үед нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Энхбат дарга нэг өдөр намайг дуудаад “Бэрэн” компанийн газар дээр барилгаа барьчихдаг. Ямар нэг асуудал үүсэхэд манай компанийн газар гээд газаргүй болчихвол яах вэ. Энэ ажлыг больё” гээд больсон.
Дараагаар нь тендер зарлаж байгаад хэд хэдэн газар шалгаруулж байгаад сонгон шалгаруулах НИТХ-ын тогтоол гарсан. Энэ тендерт ганцхан компани орсон нь “Алтан горхи”. Энэ компани тендерт ялж, зургаан давхар шилэн барилгаа үзүүлж, танилцуулсан. Эмнэлгийн зориулалтын биш байна гэхэд мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж үзээд “Энэ бол эмнэлгийн зориулалттай болгож болох байр байна. Та нар бүх өрөө тасалгааны зургаа гарга” гэсэн. Энэ зургаан давхар барилгын дөрвөн давхарт нь манай төв орж, тав болон зургаан давхарт нийслэлийн Эрүүл мэндийн газрыг оруулахаар төлөвлөж байсан.
Гэвч дөрвөн давхарын зохион байгуулалтыг хийж дууссаны дараа нийслэлийн Эрүүл мэндийн газар орохоо больсон. Тэгээд дээд хоёр давхар нь эмнэлгийн зориулалтын бус хоёр давхрыг нь эмнэлгийн зориулалттай болгохоор хэдэн кабинет нээсэн.
-Шинэ барилга нь зориулалтын бус барилга учраас хүндрэл учирч байгааг эмч, ажилчид хэлж байсан?
-“Алтан горхи” компани гурван жилийн хугацаанд гэрээний дагуу барилгын засвар үйлчилгээг хариуцан ажиллах ёстой. Манай төв нүүж ирэхэд бариад хоёр жил болсон барилга байсан учраас бага хэмжээний гажилт, чанарын асуудал гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгийн зориулалтаар ашиглаж болно гэсэн учраас Улсын комисс хүлээж авсан. Манай эмнэлэг нийт 73 хүний орон тоотой. Хуучин түрээсийн байрнаасаа илүү зай талбайтай, давхар бүртээ кабинетүүд нээсэн.
Барилгын хувьд тийм сайн байр биш. Эмнэлгийн зориулалтаар шаардлага хангасан барилга гэж хэлэхэд төвөгтэй. Ер нь Монголд эмнэлгийн зориулалттай барьсан барилга маш ховор байдаг юм билээ. Зурдаг архитектур нь ч ховор.
-Шүд, эрүү, нүүрний төвийн суурин дээр ямар компани барилга барьж байгаа бол?
-Надад тэрний талаар мэдээлэл байхгүй. Хувь хүн авсан л гэдэг юм. Асар өндөр байшин болж байгаа харагддаг. Хажуугаар нь гарах болгондоо харамсдаг юм. Хотын төвд сайхан газартай байсан.
Учир нь манай төвд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд ихээр үйлчилдэг учраас тал бүрээс унаа ирдэг газар байх нь зүйтэй. Шинэ барилгын байрлал нь сайхан ч барилгын хувьд 100 хувь сэтгэл хангалуун биш байна.
-Шинэ барилгад орохын өмнө хэчнээн байр түрээсэлж, нүүсэн бэ?
-Миний мэдэхээр шинэ барилгад орохын өмнө гурван удаа нүүсэн. Анх “Төгөлдөр” төв рүү арванхоёрдугаар сард нүүсэн юм билээ. Нэг жил болоод тэндээсээ “Смарт” төвийн дөрвөн давхарт орсон боловч нэг давхар нь түрээстэй шаардлага хангахгүй газар байсан. Сарын түрээсийн зардалд 22 сая төгрөгийг төлдөг байсан.
Ингээд бодохоор бид таван жилд гурван тэрбум төгрөгийг түрээст зарцуулсан. Гэхдээ түрээсийн мөнгийг нийслэлээс төлдөг байсан. Тухайн үед тэр мөнгөний нэг тэрбум төгрөгөөр л эмнэлгийн барилга барихаар байлаа шүү дээ.
ХУУЧИН ГАЗАР ДЭЭР 21 ДАВХАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА БАРЬЖ БАЙНА
Шүд, эрүү, нүүрний төвийн хуучин барилга нь 1956 онд ашиглалтад орсон. Хоёр давхар нийт 1227 кв.м бүхий талбайтай, газар эзэмшлийн нийт талбай нь 1650 кв.м талбайгаар баталгаажсан байдаг. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилга актлах тухай НИТХ-ын 2010 оны 150 дугаар тогтоолоор нийслэлийн өмчөөс хасахаар шийдвэрлэж байжээ.
Одоо энэ төвийн газар дээр албан контор, үйлчилгээний зориулалттай өндөр барилга сүндэрлэж байна. Өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 1-нээс барилгын ажил эхэлсэн бөгөөд 2021 оны долдугаар сард дуусах гэнэ.
“Барилгын ажил түр зогсчихсон байгаа. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх байх. Нийтдээ 21 давхар барилгаас 18 давхарыг нь барьчихсан байгаа” хэмээн барилгын харуул хэлсэн юм.
Уг газрыг тухайн үед 4.3 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэх З.Пүрэв-Очиртой утсаар холбогдоход “Албан ёсны зөвшөөрлийн дагуу барилга барьж байгаа. Тухайн үед нийслэлээс нээлттэй дуудлага худалдаа зарлаж, долоо найм компани болон хувь хүмүүс оролцож, манай компани худалдаж авсан. Хуулийн дагуу л барилгын газрыг худалдан авсан” гэв.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ