“Залуус” хороолол "замхрах" вий дээ!

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

“Залуус” хороолол "замхрах" вий дээ!

“Залуус” хороолол "замхрах" вий дээ!

Шинэ Засгийн газраас залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилго тавьж, төлөвлөгөө боловсруулснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулсан. Уг төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуцаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын зүгээс түүнд барилга барих туршлага байгааг бүр онцолсон билээ.

Тодруулбал,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд төрөөс “Залуус 1, 2, 3” хорооллыг барих юм.  "Залуус" хороолол барих Засгийн газрын төлөвлөгөө өөрийн гэсэн байргүй олон залуу гэр бүлд  хүлээлт үүсгээд байна. Өмнө нь залуу гэр бүлд зориулсан ийм том хэмжээний хөтөлбөр хэрэгжиж байгаагүй тул  үнэ нь хэд байх, хэзээ ашиглалтад орохоос эхлээд олон асуулт сонирхол татаж байгаа юм.

“ЗАЛУУС-1” ХОРООЛОЛ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО 

Залуу гэр бүлд зориулсан энэ хорооллын бүтээн байгуулалт нэлээд урт хугацаанд хэрэгжих аж. Хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх уг төсөлд төрөөс газар, дэд бүтцийг хариуцах бөгөөд улсаас нийт хэдэн төгрөг зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Тухайлбал, “Залуус-1” хорооллыг  Хан-Уул дүүргийн 21 хороо, Морингийн даваанд байрлах 57 га талбайд барихаар төлөвлөжээ. Энэ нь “Төрийн орон сууцны корпорац”-ийн эзэмшлийнх юм байна.

Төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зургийг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулах бөгөөд цаашид энэ оны гурав болон дөрөвдүгээр улиралд хорооллын гадна талын инженерийн шугам, сүлжээний зураг төсөл болон эхний ээлжийн ажлын зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ. Боловсруулсан зураг төслийн дагуу 2022 оноос эхлэн “Залуус-1” хорооллын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  

Энэ хорооллын хувьд 3000 орчим айлын, нам давхрын хороолол байхаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 150 орчим тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоолол гарчээ.

Яг нарийн тооцоолол, төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээний зураг төсөл зэрэг холбогдох баримт бичгүүдийг боловсруулсны дараа буюу 2021 оны гурав дугаар улиралд зардал нь тодорхой болох аж.  

“Залуус 1, 2, 3” хорооллын бүтээн байгуулалтыг давтан хэрэглэх боломжтой нэг загварын зураг төсөлд тулгуурлан төрөөс газар, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хувийн хэвшилтэй хамтрах буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн “Залуус-2, 3” хорооллын байршлыг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, иргэдийн хөдөлгөөний урсгал, ажлын байрны төвлөрөл, нийгэм, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаан дээр үндэслэн шийдвэрлэхээр болжээ.

Урьдчилсан байдлаар дээрх гурван хороолол нь нийтдээ 18 мянга орчим айлынх байхаар тооцоолж байгаа юм. Хорооллуудыг тодорхой үе шаттайгаар ашиглалтад оруулах бөгөөд эхний ээлжид “Залуус 1” хорооллыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг холбогдох газраас өглөө.    

Харин залуу гэр бүлд санхүүгийн хувьд ямар боломж, хөнгөлөлт олгох, ялангуяа урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд ямар бодлого баримталж буйг албаны эх сурвалжаас тодруулахад “Иргэдийн орлогод нь нийцсэн орон сууцаар хангах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар сарын 1-ний тушаалын дагуу ипотекийн зээлийн хүүг жилийн найман хувиас зургаан хувь болгож бууруулсан. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь байх үетэй харьцуулахад сарын эргэн төлөлтийн хэмжээ болон зээл авахад шаардагдах орлогын доод хэмжээ 18.3 хувиар буурч, зээлийн хүртээмж нэмэгдэж, өрийн дарамт багассан. Ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах хүрээнд холбогдох тооцоо судалгаа хийгдэж байгаа бөгөөд үүний дотор урьдчилгаа 30 хувийг бууруулах эсэх асуудал ч мөн судлагдаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Түүнчлэн тус хорооллын байрны үнийг хэдээр тогтоосныг лавлахад “Төслийг төрөөс инженерийн дэд бүтэц бүхий газарт хувийн аж ахуй, нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх тул үнийн хувьд зорилтот бүлэгт чиглэсэн, тэр дундаа ипотекийн зээлтэй уялдуулсан тодорхой хөнгөлөлт байх нь ойлгомжтой. Үнийг одоо ярихад дэндүү эрт байна. Одоогоор өртөг нь тодорхойгүй байна” гэж албаны хүн тодотголоо.

“Залуус” хорооллын урьдчилгаа 30 хувийг бууруулж магадгүйг ч мөн эх сурвалжууд хэлж байна. Хэрэв урьдчилгааг бууруулж чадвал залууст зориулсан бодит дэмжлэг болно. Учир нь, орон сууцтай болох хүсэлтэй хүн бүрийн замд тээг болдог зүйл бол урьдчилгаа төлбөр байдаг. Урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд орох боломжтой өрх тун цөөн. Ялангуяа залуу гэр бүлүүдэд орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх нь асар том  тээг болдог. Нөгөө талдаа барилгын зах зээл дээрээс 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд орох зах зээл ханацан учраас өнөөдөр орон сууцны борлуулалт буурсан гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Тиймээс эрх баригч МАН, "Залуус" хорооллын барихаар төлөвлөж байгаа Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж, урьдчилгаа 30 хувийг бууруулж чадвал жинхэнэ утгаараа залуусыг дэмжсэн шийдвэр болох нь. Тэр хэрээр олон залуу гэр бүл байртай болж, амьдралын үндсэн хэрэгцээгээ хангаж, айл гэр амар тайван амьдрах үндэс бүрдэх юм. Нөгөө талаас зээлээр байранд орсон хэн ч ажлаа тогтвор суурьшилтай хийхийг эрмэлзэж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж, ажлын бүтээмж нэмэгдэх зэргээр олон давуу тал бий болдог. Хамгийн чухал нь бидний олон жил ярьж байгаа гэр хорооллын 220 мянган яндангийн тоог хамгийн бодитоор бууруулах боломж гэдгийг ч эдийн засагчид онцолж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж