Урин дулаан цаг хаяанд ирж, охид залуус хувцсаа нимгэлээд эхэлсэн энэ үед загварын ертөнц аль зүгт чиглэж байгааг хүн бүр сонирхох болжээ. Жил бүр дэлхийн алдартай загвар зохион бүтээгч нар хүмүүсийн сонирхол, хүслийг ажигласны үндсэн дээр тухайн оныг хамгийн төгс тодорхойлох өнгөнүүдийг сонгож, цаашдын бүтээлдээ өргөн ашиглаж, түүнийг нь ч хүмүүс ихээр худалдан авч гангардаг билээ. Тэгвэл энэ жилийн өнгө аль хэдийнэ толорхойлогджээ.
Хэдийгээр өнгөрсөн оны турш дэлхийн олон орон хөл хорионд орж, загварын шоу тун цөөн зохион байгуулж, томоохон загварын шоу цахим хэлбэрээр болсон ч мэргэжлийнхэн хэдийнэ хүмүүсийн хандлагыг олж харж чадсан байна. Товчхон хэлэхэд, энэ оны хавар, зун хүмүүс онцгой тод өнгөнүүдийг хамгийн ихээр сонирхох бололтой.
ЦАЙВАР ШАР
Цайвар шар өнгө хаврын улиралд зөвхөн төстэй өнгөнүүдтэйгээ хосолж байж эзнийхээ төрхийг улам ялдам, даруу болгодог хэмээн хүмүүс боддог. Гэтэл тийм биш аж. Эл зөөлөн шар өнгийн цамц, даашинз, гоёл чимэглэл бүх өнгөтэй гайхалтай зохицдог гэнэ.
БҮДЭГ ЯГААН
Энэ оны хамгийн дур булаам өнгөнүүдийн нэг нь үлээдэг бохь мэт ягаан өнгө аж. Эл зоримог өнгө маш олон өнгөтэй төгс зохицож чаддаг ч энэ жилийн хувьд неон, пастел төрлийн өнгөнүүдтэй хослуулах нь хамгийн тохиромжтой гэнэ шүү.
ТОД ЯГААН
Нүдэнд шууд тусам энэ шар өнгө улаан өнгийг нил өнгөтэй хольсон мэт харагддаг. Тиймдээч бүх төрлийн улаан, ягаан болон нил өнгөтэй гайхалтай зохицохоос гадна өөр олон өнгөтэй сайхан хосолдог юм.
УЛБАР ШАР
Улбар шар өнгө бол загварын ертөнцөд сүүлийн нэлээд олон жил чухал хэвээр тэсч үлдсээр буй “амь бөхтэй” өнгө. Эл өнгө энэ оны хавар ч бас дахиад эргэн ирсэнд загвар зохион бүтээгчид таатай байгаа гэнэ. Улбар шар өнгө бусад бүх төрлийн тод өнгөнүүдтэй ямар ч асуудалгүй зохицдог тул олон хүн энэ өнгийг сонгодог билээ.
ШАР НОГООН
Та дотроо газрын теннисний бөмбөг төсөөлөөд үзээрэй. Бага зэрэг неон туяатай шар ногоон өнгө санаанд чинь буух болно. Тэгвэл загвар зохион бүтээгчдийн таамаглаж байгаагаар эл шар ногоон өнгө бусад төрлийн цайвар өнгөнүүтэй хамтран энэ хавар, зун таныг хамгийн дур булаам харагдуулах бололтой.
Эх сурвалж: WHOWHATWEAR