Монгол Улсын Төрийн тэргүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт 31 хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас нь бүрэн чөлөөллөө. Ерөнхийлөгчийн уучлалд албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гурван жил хоригдох ялтай УИХ-ын гишүүн асан Г.Солтан нар багтжээ.
Жижиг, дунд үйлдвэрлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан тэгш, хүртээмжтэй хувааж авсан гэх зээлийн дуулианд 2018 онд МАН-ын 49 гишүүн нэр холбогдсон юм. Тэднээс дөрөвт нь Эрүүгийн хэрэг үүсгэж, гурав нь шүүхээр ял шийтгэл авсны нэг Г.Солтан. Түүнийг эхнэрийнхээ нэр дээрх “Монгол шаазан” компаниар дамжуулан авсан 950 сая төгрөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж 2020 онд шүүхээс гурван жилийн ял оноосон. Харин зээлээ төлж дууссан, гэм буруугаа хүлээсэн учраас түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлсэн аж.
Хэнийг уучлах нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа Ерөнхийлөгч Х.Баттулга 31 хүнийг уучилж, эсрэгээрээ 14 хүнийг улс төрийн хилс хэргээр “ялласан”. Эхнийх нь М.Энхсайхан байж таарсан.
Өнөөдрөөс нэг жилийн өмнө Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат /өчигдөр албан тушаалаасаа буусан/ мэдээлж байв.
Товчхондоо, М.Энхсайханыг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар терроризм үйлдэхийг завдсан гэж анх прокуророос буруутгасан нь Төрийн ордны гурван давхраас өгсөн захиалга байсан нь өнөөдрийн улс төрд болж буй үйл явдлаас уншигдаж байна.
М.Энхсайхан нэгэнтээ Монголын төмөр замын даргаар ажиллаж байхдаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хандаж “Чамаар Монголоо тоглуулахгүй” гэсний төлөө шүү дээ.
Түүнд дөрвөн жил зургаан сарын хорих ял оноосон шүүгч З.Болдбаатар нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг өмгөөлөгч Б.Баасанцогтын “гэр бүлийн найз”-ууд. Бүр секс скандалын “хам хэрэгтэн” болж хувирсан. З.Болдбаатар нь өмнө нь 2017 онд Ерөнхийлөгчтэй холбоотой төмөр замын гэх дуулиант хэргийг хэрэгсэхгүй болгож байсан талаарх баримтууд ч бас дэлгэгдсэн.
М.Энхсайханыг Тавантолгойн гэрээ боловсруулахдаа Монгол Улсад терроризм үйлдэхийг завдсан гэж анх баривчилж, энэ нь нотлогдоогүй тул шүүх арга ядахдаа авто машины хэрэг тохоод захиалагчийн даалгаврыг гүйтгэсэн. Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа М.Энхсайхан ЭХЯ-наас машин ав гэж төсөвлөсөн 165 сая төгрөгийг 30 саяар хэмнэсэн биш ялтан болсон, болгосон түүхийн захиалагч нь одоо бүгдэд ил болж байна.
Амташсан хэрээ 13 эргэнэ гэгчээр М.Энхсайханаар хэрэг тохох хэлмэгдүүлэлтээ эхлүүлсэн Ерөнхийлөгчийн дараагийн “захиалга” нь С.Баярцогт, С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар болж таарав.
С.Баяр, С.Баярцогт нарыг “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан ч үүнийг шүүхээр нотлогдоогүй тул байшин сав, хувьцааны хэрэг болгоод хувиргачихсан. Дараахан нь Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат гэгч С.Баярцогтын хөрөнгийг хураах шийдвэр гаргасан талаар мэдээлж байв.
Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж, шүүхээс ялласан гэхчилэн Х.Баттулгын заналтайгаар эхлүүлсэн нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлтэд шоронд суугаагүй ч нэр бүтэн үлдсэн АН-ын гишүүд цөөхөн.
Ийнхүү зарим нэгэнд уучлал үзүүлж, зарим нэгнийг хилсдүүлэн яллаж, бурхан чөтгөр хоёрыг хослуулж яваа Х.Баттулгын буцах цаг ойртож байна.
Холбоотой мэдээ