Хятад улс жилд дор хаяж 200 сая ам.долларыг үүл задлан бороо оруулахад зарцуулдаг байна. Мөн 2018 оны мэдээллээс үзвэл бороо оруулах, үүл задлахад нийт 50 мянга гаруй хүн ажиллажээ. Хятадын Засгийн газрын мэдээлсэнчлэн таван сая км.кв буюу нийт хуурай газрынхаа талаас илүү хэсэгт үүл буудах аргаар бороо оруулдаг аж. Харин энэ оноос эхлээд бороо оруулдаг нутаг дэвсгэрийн хэмжээг жилд 100 мянган км.кв-аар нэмэх төлөвлөгөө гаргажээ.
Өдгөө дэлхий дээр үүл буудах аргыг хэрэглэдэг 50 орчим орнуудаас Хятад улс хамгийн идэвхтэй, амжилттай үүл бууддаг нь аж. Ийнхүү үүл буудах нь хотуудын усны хэрэглээг хангах, мөндрөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг зорилготой байдаг хэмээн Засгийн газар мэдэгдсэн байна.
Хятадын төрийн мэдээллийн сайтуудад мэдээлснээр үүл буудсаны үр дүнд тус улсад жил бүр хэвийн хэмжээнээс 50 тэрбум шоо метр орчим хур тундас илүү ордог бөгөөд энэ нь Хятадын нийт усны хэрэгцээний 8 хувийг хангадаг аж. Мөн Бээжингийн эрх баригчид нийслэл хотын дээр үүл буудах аргаар хотын хур тундасны хэмжээг 15 хувиар өсгөх боломжтой хэмээсэн байна.
Гэхдээ бороо оруулахын тулд үүл задлах энэ үйлдэл нь маш аюултай. Учир нь тэд энгийн үед ямар ч нисгэгч зайлсхийдэг өтгөн үүлэн дунд орж нисэх шаардлагатай болдог юм. Тухайлбал, Хятадын Жианши мужид энэ сарын эхээр нутгийн цаг уурын хорооны жижиг онгоц осолдон унахдаа байшин мөргөж, зорчиж явсан таван хүн газар дээрээ нас барж, ойролцоо байсан нэг хүн гэмтжээ.
Хятадад анх 1950-аад оноос эхэлсэн тэнгэрт химийн урвалаар үүл задлан бороо оруулах арга өндөр амжилт үзүүлсээр иржээ.
Эх сурвалж: ECONOMIST
Холбоотой мэдээ