Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 37 цэг ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 10 мянган иргэн вакцинд хамрагдлаа гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв. Тус газраас өдөр бүр дархлаажуулалтын үйл явц, PCR шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа юм.
Манай улс Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснээс /2021.02.23/ хойш өнөөдрийн байдлаар 280 мянга гаруй иргэнээ дархлаажуулжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр манай улс өдөрт 10-15 мянган иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөсөн аж. Мөн нийслэлд PCR шинжилгээний 11 төв, явуулын 21 баг Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээг авч байна. Эдгээр цэгүүдээр сүүлийн 24 цагт 8136 иргэн хамрагджээ. Ингэснээр нийт 1.712.841 хүн нийслэлд шинжилгээ өгсөн байна. Үүний дийлэнх нь буюу 1.633.488 хүн PCR шинжилгээ өгсөн. Энэ бол манай улс дотоодод халдварын анхны тохиолдол бүртгэгдснээс хойш нийт шинжилгээ өгсөн хүний тоо гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.03.30/ мэдээллээр 481 хүнээс Covid-19 халдвар илэрснийг мэдээлсэн билээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас 404 нь нийслэлд бүртгэгдснээр, нийт батлагдсан тохиолдол 6672 болж байгаа юм. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 21599 иргэнийг олж тогтоон тусгаарлах, гэрийн ажиглалтад оруулж, шинжилгээ авчээ. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 4028 иргэн байна. Хяналтад байх 14 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагынхан 2-3 удаагийн PCR шинжилгээг авч байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ