Монголын үндэсний бөхийн холбоо болон "Green show" продакшн хамтран хэрэгжүүлсэн “Хийморь” төслийн хүрээнд шилдэг найман харцагын тойргийн барилдаан зохион байгуулагдсан билээ. Тухайн төсөлд оролцсон найман улсын харцага цолтон олсон орлогынхоо 50 хувийг сайн үйлсийн аянд хандивлах тухай бид өмнө нь та бүхэндээ мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр/2021.03.30/ дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан улсын харцага цолтой бөхчүүд маань ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь хандивлажээ.
Энэхүү төсөлд улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Х.Гантулга, А.Цацабшир, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ зэрэг найман бөхчүүд оролцож, зочид буудалд зургаан хоног байрлаж, ахуй амьдрал, бэлтгэл сургуулилт хийх явцыг нь реалити шоу хэлбэрээр ард түмэнд цэнхэр дэлгэцээр хүрсэн билээ.
Хийморь төслийн эхний удаагийн аваргаар Увс аймгийн Тэс сумын уугуул улсын харцага Т.Баасанхүү таван даваа, хоёр унаатай түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэсэн.