С.Эрдэнэ: Тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, намын даргаа батламжилна

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, намын даргаа батламжилна

  АН-ын дарга С.Эрдэнэ дотоод сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр /2021.03.30/ мэдээлэл хийлээ.


🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | АН-ын дарга С.Эрдэнэ нарын намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Monday, March 29, 2021

Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой, хууль ёсны эрх бүхий намын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдлоо гэдгийг  мэдээллийн эхэнд тодотгосон юм.

"М.ТУЛГАТЫГ БАТЛАМЖЛАХ ИХ ХУРАЛ ТАВДУГААР САРЫН 2-НД БОЛНО"

Тэрбээр “Монголын улс төрийн  түүхэнд анх удаа цахим сонгуулийг Ардчилсан нам зохион байгуулж, амжилттай дууслаа. Цаашдаа сонгуулийн систем цахим хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага бий болсон. Шударга ёс, авилга, хээл хахуулиас ангид байх, бусдын нөлөөнд автахгүй байх зэрэг бидний олон жил ярьсан асуудлаас гарах гарц нь цахим сонгууль гэж харж байна. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн чөлөөтэй, нээлттэй, дүрмийн бус зөрчил гараагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе. АН-ын нийт гишүүдийн олонхын саналыг  М.Тулгат авч намын даргаар сонгогдлоо.

АН-ын Үндсэн дүрмийн дагуу шинээр сонгогдсон намын даргыг Их хурлаар ёсчлон батлах ёстой. Их хурлыг тавдугаар сарын 2-нд зарласан.

Бид намын дотоодод болж буй үйл явцтай холбоотойгоор асуудалтай нааштай хандаж, дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан намын даргыг тодруулах санал хураалтыг  нөгөө талын санал хураалттай нэг өдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр болгож өөрчилсөн. Харамсалтай нь нөгөө талаас дүрмийн бус сонгууль зохион байгуулсан нөхөд бидний олгосон боломжийг ашигласангүй. Бид ямартай ч дүрмийн дагуу дотоод сонгуулиа амжилттай зохион байгууллаа.

"ЦАХИМ БОЛОН ЦААСАН СОНГУУЛИЙН ЯЛГААГ ХАРУУЛСАН ДОТООД СОНГУУЛЬ БОЛЛОО"

Цахим болон цаасан сонгуулийн ялгааг харуулсан дотоод сонгууль боллоо. Олон жил бид цаасан сонгуулиар санал хураалтыг явуулж ирсэн. Цаасан сонгуульдаа хэт дассан гэсэн үг. Аль ч нам олонх болонгуутаа хар хайрцгийг муулахаа больж, эсрэгээрээ цөөнх нь муулдаг моод Монголд дэлгэрсэн.  Цаасан сонгуулийг 1 тэрбум 400 сая төгрөгийн зардлаар зохион байгуулсан гэсэн мэдээлэл бий. Үүнээс гадна нэр дэвшигчид маш их мөнгө тараасан.

Нэг үүрийн даргад 1-2 сая төгрөг өгч, мөн багийн дарга нарт 200-500 мянган төгрөг тараасан. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан зэрэг дүрмийн бус үйл явдал их болсон. Бүгдийг баримтжуулсан учир АН-ын Үндсэн дүрмийн хороо болон Хяналтын хороонд хандана.

"Ц.ТУВААНД АН-ЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖ БАЙХГҮЙ"

АН өнөөдөр нэг л нам, хоёр нам гэсэн ойлголт байхгүй. Дүрмийн бус үйлдэл болон хууль бус сонгууль зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцно.  Цаасан сонгуулийн санал хураалтад 70 мянга орчим сонгогч оролцсон гэж нөгөө талаас мэдээлж байгаа. Гэвч бид үүнд судалгаа хийж мөн давхар хяналт тавьсан. Энэ хяналтаар маш олон зөрчил гарсныг мөн баримтын хамт Үндсэн дүрмийн хороонд хүргүүлнэ. Санал хураалтын өдөр 12 аймагт хатуу хөл хориотой байсан. Мөн өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 27-ны өдөр Дотоод сонгуулийн хороо гэж өөрсдийгөө нэрлээд байгаа нөхөд удаа дараа дүрэм зөрчсөн үйлдлүүд гаргасан. Хэдийгээр дүрмийн бус сонгууль зохион байгуулсан ч гэсэн намын дүрмээсээ гажих ёсгүй. Санал хураалт болохоос долоо хоногийн өмнө хугацаа, тов байршлыг зарлана гэсэн заалтыг зөрчиж гуравдугаар сарын 27-ны өглөө Дотоод сонгуулийн хороо гэгч нь хуралдаж, урьдчилсан санал хураалт авах шийдвэрийг гаргасан. Тухайн өдөр Хэнтий аймаг хатуу хөл хорио буюу тэг зогсолттой байсан. Мөн Хэнтий аймагт бүтэн өдөржин цасан шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал маш хүнд байсан атал зургаан мянган хүн саналаа өгсөн гэсэн дүнг гаргаж ирсэн. Ийм илт луйвар булхай хийж болохгүй.

70 мянган сонгогч санал өгөх ямар ч боломжгүй. Мөн Налайх дүүрэгт 11.00 цагийн орчимд саналын хайрцагт саналын хуудсаа хийх гэхэд хайрцаг нь дүүрсэн байсан. Машин дотор намын батламжийг шууд бичиж өгч, саналыг нь өгүүлсэн зэрэг илт луйвар, булхай явагдсан.

Хэд хэдэн дүүрэг, аймагт мөнгө тараасан. Ийм байдлаар цаасан санал хураалт явагдсан. Цаасан сонгуулийг дагаад луйвар, булхай явдаг. Улс төрийн намууд цаасан сонгуулиас салж, цахим сонгууль руу зоригтой шилжих шаардлагатай цаг үе нь ирээд байна. Цахим санал хураалтаар ямар ч луйвар булхай, мөнгө тараалт болох боломжгүй.  Таван нэр дэвшигчийн ажиглагчид хяналт тавьж сонгуулийн үр дүн гарсан. Нийтдээ 30770 гишүүн цахим санал хураалтад саналаа өгсөн. Цахим санал хураалтад босго тоо байдаггүй. 20 минутын хугацаанд цахим халдлага гарсан. Цахим санал хураалтын аюулгүй байдлыг хангах үүднээс бид урьдчилан  аюулгүй байдлыг хангачихсан байсан учраас саад, тотгор гараагүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
224
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж