XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” билээ. Нийслэл хот төдийгүй олон улсын жуулчдын түүх, соёлын нандин өвийг харахаар зорин очих цөөн хэдэн музей цар тахлын үед ч үйл ажиллагаандаа тодорхой зохицуулалт хийн ажилласаар байгаа юм. Ингэхдээ цар тахлын эрсдэлээс ажилчид болон үйлчлүүлж буй иргэдээ хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон сахих шаардлагатай байгууллагын нэгд зүй ёсоор тооцогдоно.
Улсын онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг байгуулагдаж, үзвэр, кино театр хариуцсан бүлгийн даргаар Соёлын сайд Ч.Номин томилогдсон байдаг. Үүний хүрээнд Соёлын сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр "Чойжин ламын сүм" музейд ажиллалаа. Энэ үеэр тус музейд халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа болон түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдтэй биечлэн танилцсан юм. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/ болон бусад албаныхны хамтаар оролцлоо.
“Техник технологийн дэвшлийг ашиглан иргэдэд музейн соёлыг түгээе” гэх уриалгыг Олон улсын музейн зөвлөлөөс гаргасан байдаг. Иймд үйл ажиллагаандаа цахим шилжилт хийж, хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгцээ үүсч байгаа гэдгийг музейн зүгээс илэрхийлж байлаа. Мөн ажлын хэсгийн гишүүд цар тахлын нөхцөлд касс, төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлэх, музейгээр үйлчлүүлж буй иргэдийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх, тэмдэг тэмдэглэгээ, санамжийг нэмж байршуулах зэрэг зөвлөмжийг музейн удирдлагуудад өгсөн юм.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Бид дэлхий нийтээр тархсан цар тахлаас үүдэн шинэ амьдралын хэв маягт шилжиж байна. Энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага зүй ёсоор үүсч байгаа юм. Иймд шинэ амьдралын хэв маягт хэрхэн зохицож ажиллаж, амьдрах вэ гэдэгт эртнээс анхаарч, төлөвлөх хэрэгтэй. Музейд хүн хоорондын зай бариулах чухал. Гэвч "Чойжин ламын сүм" музей дотроо жижиг зай талбайтай учраас иргэдийг цөөн тоогоор дотогш нэвтрүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайн хийх, төлбөр тооцоог цахим болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй талаар ярилцлаа” гэсэн юм.
"Чойжин ламын сүм" музейн захирал Д.Отгонсүрэн “Цар тахлын үед манай музей үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Бид УОК-оос гаргасан журмын дагуу нийт ажилчдын 30 хувь буюу зургаан ажилтнаа ажиллуулж байна. Манай байгууллага 20 ажилтантай. Манай музей Монгол Улсын хосгүй үнэт үзмэрүүдийг хамгаалдаг учраас сүм бүрт ажилчид зогсох шаардлагатай. Мөн музейн үүд хэсэгт иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, төлбөр тооцоо хариуцах мөн бусад шаардлагатай ажилчид ч байх хэрэгтэй болчихоод байгаа юм. Иймээс журамд заасан байгууллагын 30 хувийг ажиллуулах шийдвэртэй зохицож ажиллахад бэрхшээл үүсч байна.
Бид дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн компаниар музейн үзмэрүүдээ хоёр дахь жилдээ ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж байна. Цар тахлын үед ажилчиддаа амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг анхан шатны тусламжуудыг үзүүлж байгаа ч гэсэн цаашид төсөв санхүүгийн улмаас хүндрэл үүсэх эрсдэлтэй байна. Мөн музейг зорин ирж байгаа үзэгчид хоорондын зайг бариулах, сүмд олноор нь нэвтрүүлэхгүй байх, аудио хөтчийг ажиллуулах тал дээр анхаарч ажиллаж байна” гэсэн юм.
Мөн тэрбээр сүмийн шаардлагатай засвар, орчны тохижилтын талаар “Сүм байгуулагдаад 112 жил болж байна. 1960-аад оны үед л сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Түүнээс хойш хэсэгчилсэн сэргээх засваруудыг хийсэн учраас сүмийг бүхлээр нь сэргээн засварлах шаардлага тулгарсан. Хэрмэн хашаа нурсан, сүмүүд хазайлт өгсөн зэрэг сэргээн засварлалт хийх шаардлагатай хэсгүүд байна. Энэ жил БШУЯ-ны өнгөрсөн жилийн санхүүжилтээр гол сүмийн сэргээн засварлалт хийгдэнэ. Мөн Чойжин сүмийн арын Ядам сүмд засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн байгаа. Сэргээн засварлалтын ажил нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил учраас эрт эхэлж, урин дулаан цагт дуусгах тал дээр судалгаа шинжилгээг хийх мэргэжлийн зөвлөлийг байгуулах, мөн сэргээн засварлалтын чанарт анхаарч өгөхийг Соёлын сайд Ч.Номиноос хүслээ” гэв.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ