Мэргэжлийн сүмогийн харү башёд түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр/2021.03.29/ онлайн хэвлэлийн бага хуралд оролцлоо. Тэрбээр 12 даваа, гурван унаатай харү башёд түрүүлснээс гадна озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан юм.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийнхөө хүчээр озэки цол авах гэж хичээлээ. Багшийн минь талаар элдэв цуу яриа гарах нь ёс зүйтэй үйлдэл биш гэж бодсон. Би зүгээр л гэмтлээ эдгээж, барилдаан бүртээ өөрийгөө дайчлахыг хүссэн. Хэрэв түрүүлээгүй байсан бол нэг их юм бодохгүй ээ. Гэхдээ ялалтын цувралаа үргэлжлүүлсэндээ баяртай байна. Ёкозүна, озэки цолтой бөхчүүдийн чансааг сүмогийн холбоо гаргадаг. Миний зорилго бол илүү хичээж, улам хүчтэй болж, өндөр амжилт гаргах хэмээжээ.
Тэрүнофүжигийн хувьд харү башёгийн 12 дахь өдрийн дараах байдлаар есөн даваа, гурван унаатай озэки цолны болзлоо хангасан байсан хэдий ч заавал 10-аас дээш даваа авах шаардлагатай байв. Учир нь сүмогийн холбоо есөн даваатай бөхөд озэки цол өгөх тохиолдол цөөн байдаг. Мөн Тэрүнофүжигийн дэвжээний багш Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга учир шавь нь есөн даваатай хэдий ч цол өгчлөө гэх цуу яриа гарсан байлаа.
Сүмогийн холбооны удирдлагууд маргааш/2021.03.31/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч, озэки цол авсныг нь зарлана.
Өдгөө 29 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд хоёр өвдгөндөө хүнд гэмтэл авч, озэки цолоо алдаж, зиндаа буурч байсан түүхтэй. Гэвч тэрбээр бууж өгөлгүй эргэн дээд зиндаанд дэвшиж, сүүлийн гурван башёд нийтдээ 36 даваа авсан.
Дээрх үйл явдлын хажуугаар сүмогийн холбооноос Хакүхо М.Даваажаргалд дахин анхааруулга өгчээ. Хакүхо М.Даваажаргал саяхан өвдөгний хагалгаанд орсон бөгөөд сүмогийн холбоо ирэх долдугаар сарын башёгийн дараа эцсийн шийдвэрээ гаргана гэв. Хэрэв Хакүхо М.Даваажаргал ирэх долдугаар сарын башёд зодоглохгүй бол сүмогийн холбоо хүчээр зодог тайлуулах болно. Аваргын дэвжээний багш Мияагиногийн хэлж буйгаар Хакүхо ирэх долдугаар сарын башёд зодоглох зорилготой байгаа бөгөөд тэнд үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж, зодог тайлах эсэхээ шийднэ гэлээ.
Какүрюү М.Ананд зодог тайлсны дараа Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтой ганц бөх болон үлдсэн.