Залуучуудын дунд Око хэмээх нэрээрээ алдаршиж, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газартай хамтран гарааны бизнесийг хөгжүүлэх экосистемийг бүрдүүлэх ажилд олон жил өөрийн хувь нэмрээ оруулж яваа залуу бол Д.Бат-Октябрь. Түүнтэй Монгол Улсад өрнөж буй дижитал шилжилт, Цахим үндэстэн уриалгын хүрээнд ярилцлаа.
– Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.
–Би Сингапурт ирээд таван жил, Techstars хөрөнгө оруулалтын санд зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 5-6 жилд Ази, Номхон далайн бүс нутгийн гарааны бизнесийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирлээ. Өнөөдрийн байдлаар би Японы Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Японы таван бүсээс сонгогдсон 24 гарааны компанийг бойжуулж, дараагийн шатанд нь хүрэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэх программыг хариуцаж байгаа. Энэ ажил маань дөрөвдүгээр сарын дундуур дуусна. Үүний хажуугаар өнгөрсөн жил эхэлсэн Тайванийн компанитай хамтран инновацын төсөл дээр ажиллаж байна. Яг ийм байдлаар Солонгосын Засгийн газартай 2021 оны эцэст хамтарч ажиллахаар төлөвлөчихсөн байгаа. Үүний хажуугаар Монголынхоо долоон компанитай тулж ажиллаж байгаа гэх мэтчилэн өдөр шөнөгүй гарааны бизнестэй зууралдаж байгаа гэж хэлж болно.
– Таны хувьд Монгол Улсад гарааны бизнесийг хөгжүүлэх экосистем хэр бүрдсэн гэж хардаг бэ? Цаашид экосистемийг төгөлдөржүүлэхэд ямар зохицуулалт шаардлагатай вэ?
– Ази тивийн улс орнуудад гарааны бизнесийн экосистем хэр бүрдсэн бэ гээд жагсааж харвал Монгол Улс урд байгаа гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ сонирхолтой хэд, хэдэн хэмжүүр дээр манай улс хөгжсөн гэж хэлж болно. Тухайлбал, монгол залуучууд санааг аваад маш богино хугацаанд хувьцаат компани болгож болдог гэдгийг сүүлийн таван жилийн хугацаанд хангалттай батлаад харуулчихлаа. Ингэж чадсан нь сонирхолтой бөгөөд энэ үзүүлэлтээрээ бид Азидаа урьд явж байгаа гэж хэлж болно. Ялангуяа финтек буюу санхүүгийн технологийн салбарт энэ нь ажиглагдсан. Үүний дагаад боловсрол, аялал жуулчлалын салбар явж байна. Хэдийгээр нийт тоон үзүүлэлтээрээ бид хэцүүхэн боловч дотор нь буй нарийн тоог задлаад харвал манай улсын зарим нэг экосистем чанар өндөртэй байж магадгүй гэж ажиглагдсан.
Мэдээж, Ази тив дотроо тэргүүлэх экосистем буюу Сингапур, Хонгконг, Тайвань, Хятадаас суралцах зүйл бидэнд маш их байна. Бодлогын түвшин, ашиглаж буй программчлалын арга, авьяас хөгжүүлэлт гэх мэт маш олон аргаар төрийн оролцоо байдаг. Тэр болгоноос суралцаж болох зүйл байна. Бидэнд ч тохирох арга байгаа гэдэг нь харагддаг. Бид залуу хүн ам, боловсрол өндөртэй, гадаад харилцаа сайтай, улс төрийн манлайллаа ашиглаад маш богино хугацаанд эдгээр улсын Засгийн газартай харилцаа тогтоож, тэднээс суралцаж, гаргасан амжилтыг нь эх орондоо авчрах зохицуулалтыг хийх хэрэгтэй. Яг энэ аргачлалыг Сингапур Израйлын Засгийн газартай хамтран хийж байж, богино хугацаанд маш өндөр үр дүн гаргасан. Манай улсын Засгийн газар ч ялгаагүй Эстонийн Засгийн газартай хамтарч ажилласан гэх мэт хийсэн зүйл бий. Одоо үүнийгээ урт хугацааны бодлоготойгоо холбон, зөв хүмүүсийн дор харилцаа холбоо үүсгэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Тийм боломж бидний өмнө бүрэн байна гэж харж байна.
– Монголчууд бид “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж, энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Бид “Цахим Үндэстэн” болоход бэлэн үү?
– Бидний хувьд олон улсад өрсөлдөх чадвартай болж, тодорхой хэмжээнд өөрсдийнхөө байр суурийг шинээр тодорхойлоход энэ зам бидэнд тохирсон замнал гэдэгтэй санал нийлж байна. Технологи, тэрдундаа цахим орчныг хөшүүрэг гэж харвал түүнд суурилсан давуу талыг бий болгон гэдэг бол цөөхөн хэдхэн сонголтуудыг нэг байх. Миний хувьд 2011 оноос Монголынхоо гарааны бизнесүүдтэй тулж ажиллаж байна. Олон улсын гарааны бизнесүүдтэй харьцуулж харвал бидэнд давуу тал байгаа нь анзаарагдсан.
– Тухайлбал ямар давуу тал бидэнд байна вэ?
– Би саяхан СТАН-ы орнуудад бизнесийн салбараа нээх гэж буй монголчуудтай уулзсан. Тэрхүү уулзалтаас бидний дасан зохицох чадвар сайн гэдэг нь анзаарагдсан. Хэдийгээр энэ талаар бүгд ярьдаг ч энэхүү чадвар маань гарааны бизнес дээр ч илэрч байна. Өөрөөр хэлбэл, монголчууд маань бусад орны хүмүүс шиг тухай орны соёлд түгжигдээд байдаггүй. Очсон газрынхаа соёл, арга барил, хэл усыг сураад, маш хурдтай дасан зохицож, эх орондоо байгаа мэт бизнесээ хөгжүүлэх чаддаг. Энэ нь зөвхөн гарааны бизнест биш олон улсын байгууллагуудад ажиллаж буй монголчууд ч гэсэн маш богино хугацаанд өөрсдийн чадвар мэдлэгийг батлан харуулж удирдах албан тушаалуудад дэвшиж байна.
Мөн монголчууд технологийг маш хурдан эзэмшчихдэг байдал нь банк, санхүүгийн технологи, e-commerce хийж байгаа байдлаас анзаарагдсан. Эдгээр зүйлс нь бусад зах зээлтэй харьцуулахад богино хугацаанд хөгжсөн зүйл. Хэдийгээр богино хугацаанд хөгжсөн ч хэрэглээний зуршлыг нь харахад маш хурдтай, өндөр түвшинд, хүлээн зөвшөөрөөд өөрсдийн амьдралынхаа нэг хэв маягт нэвтрүүлчихсэн байгаа юм. Жишээлбэл, 1 хүн дунджаар гурван банкны данстай, гар утасны хэрэглээ гэх мэт тоон үзүүлэлтийг харвал Ази тивдээ дээгүүр байранд бий. Энэ нь зүгээр л нэг амьдралын хэв маяг нь болчихсон. Invest in Mongolia сэтгүүлд мэдээлснээр Монгол Улс цахим технологийн хэрэглээгээрээ дэлхийд 29 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Технологит энэ бол маш чухал.
– “Цахим Үндэстэн” уриалгын хүрээнд E-Mongolia төсөл хэрэгжиж байна. Энэ талаар та мэдээж дуулсан байх. Ашиглаж үзэв үү. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач?
– Анх сонсоод ашгүй дээ л гэж бодсон. Ямар богино хугацаанд мундаг үр дүн гаргав гэдэг нь намайг гайхшируулсан. Цар хүрээ, хэрэглэгчийн статистик тоо, төрийн үйлчилгээ гэх мэт үүнийг би нийгэмд хэрэгтэй технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн кэйс гэж харж байгаа. Монголын хувийн хэвшлийнхний хийж чадаагүй зүйл мөн дахиад нэг шинэ рекорд эвдчихсэн юм шиг санагдсан.
– Ямар утгаараа вэ?
– Маш богино хугацаанд, яг хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэсэн, үйлдвэрлэснийгээ нэвтрүүлж чадсан, нэвтрүүлсэн зүйлээ өндөр хэрэглээтэй байлгаж цааш үргэлжлүүлж байна гэдэг бол гайхалтай. E-Mongolia төслийг хараад надад маш гоё итгэл бий болсон. Зөв хүмүүс нь байгаад зөв хөдөлж чадвал манай улсад чадвар, боломж нь байгаа гэдгийг үнэхээр тод харуулсан жишээ боллоо. Сингапурын Засгийн газрын залуучууд л ингэж ажилладаг. Үнэхээр бахархмаар.
– Таны хувьд ХХМТГ-т зөвлөгөө өгөхөөр болсон. Илүү их туршлага мэдлэгээ Монголынхоо төрд хуваалцах боломжтой боллоо. Нэн тэргүүнд юу хийе гэж төлөвлөж байна вэ?
– Олон улсад үзэж харсан туршлага, мэдлэгийг зөв хүмүүстээ түгээх нь миний хувьд чухал гэж харж байна. Юу гэдгийг нь хуулахаасаа өмнө Яагаад гэдгийг нь хуулах боломж гарах болов уу. Гэхдээ бид үр дүн гаргах ёстой гэдэг утгаараа ганц хоёр маш тодорхой үр дүнг богино хугацаанд гаргаж, ялалт, эерэг итгэлцлийг бий болгох чухал гэж харж байна. Дараа нь амбиц байх болов уу. Тухайлбал, unicorn компани бий болгоно гэдэг бол маш том амбиц, түүнийг хийж чадах уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ яагаад болохгүй гэж, түүнийг бий болгоход чиглэсэн суурь дэд бүтэц, соёлын шилжилтийн асуудлыг нь шийдэх боломж байна гэж харж байна.
Covid-19-c болоод дэлхий ертөнц огт өөр болчихлоо. Зарим салбарын хөгжил 10-20 жилээр урагшилж байгаа бол заримынх нь “үхэл” 10 жилээр урагшилчихлаа. Энэ өөрөө өрсөлдөөний тавцанг тэгшилж өгч байна гэж харж байна. Үүнийг ашиглаад Монгол Улс болон гарааны бизнесүүд өөр хөдөлгөөнийг бий болгож, зам товчлох боломж нь гарч ирж байна гэж харж байна. Тэгэхээр одоо л энэ цаг үеийг ашиглаж, илүү хурдтай зохион байгуулалттай ажиллаж, зөв зорилготой зөв соёлтой хөдлөх хэрэгтэй. Тэгвэл бидэнд өмнө нь харагдаагүй гоё боломж байна гэж харж байна.