“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бонд худалдан авах захиалга эхэллээ. Нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалах ажээ.
Андеррайтераар ажиллаж буй “БиДиСек” компаниас мэдээлснээр, банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй энэхүү бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгон, хөрөнгөө өсгөх боломж олгож буй юм байна. Мөн дотоодын хөрөнгийн биржид анх удаа гадаад валют буюу ам.доллараар гарч буй учир ханшийн уналтаас хамгаалагдсан давуу талтай аж. Тус бонд нь 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй юм.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, төгрөг болон америк доллар хосолсон, нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн үнийн дүн бүхий бондыг энэ сарын 27-ны өдөр бүртгэсэн билээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь тус бондыг гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ