УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдах уу?

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдах уу?

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гуравдугаар сарын 31-нд суллахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа цагдан хорьсон юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхлүүлдэг.  Нэр дэвшигчийн үнэмлэхийг баталгаажуулсны дараа  Н.Номтойбаярыг саатуулсан нь олон хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь ч мэдээлж байлаа. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг нотлох баримттай, үйлдэл дээр нь бариагүй бол саатуулахгүй байсан ч түүнийг саатуулж, нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир гардаж авч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүний сонгуулийг удирдсан юм.

Н.Номтойбаярыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял оноосон. Түүний өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял болгон бууруулж, шийдвэрлэсэн.

Насаараа МАН-ын гишүүн, улс төрийн албан тушаал хашиж явсан Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй байх төлөвлөгөө эртнээс эхэлсэн гэдэг. Түүнийг шалгаж, намаасаа хөөж, эцэст нь гишүүнээсээ түдгэлзэхэд хүргэсэн боловч тэр бие дааж, нэр дэвшсэн.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  2020 оны нэгдүгээр сарын 29-нд  намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан байдаг.  Улмаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээд шийдвэр гарч, Улсын ерөнхий прокуророос  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн түдгэлзүүлсэн юм. Үүний дараа түүнийг  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх нууц санал хураахад гишүүд дэмжсэн ч чөлөөлөх тогтоолоо батлах ил санал хураалтаар гишүүд тогтоолоо дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, нууц санал хураалтаар түдгэлзүүлье гэж дэмжсэн ч тогтоол батлах ил санал хураалтад зарим гишүүд дэмжсэнээ, дэмжихгүй гэснээр  хууль эрх ойлгомжгүй байдал үүссэн. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, дахин ярилцах болсон ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр парламентаас явж, 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшсэн юм.

Улс төрийн хувьд түүнтэй МАН-ын дарга, удирдлагууд нь “тохиролцоо” хийх санал тавьж байсан ч Н.Номтойбаяр түдгэлзэж байсан гэх мэдээлэл ч бий. Энэ тохироо нь Цагаан суваргын ордод төр 34 хувийг эзэмших байсан гэдэг.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагдах нь. Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа цагдан хорьсон нь буруу байсан ч шүүх түүнд ял оноож, улстөрд орж ирэх боломжийг нь “түр” хугацаагаар хассан нь үнэн. Харин түүний хувьд улстөрд эргэн ирэх үү гэдэг асуултад хариулт авахыг хүссэн хүн олон бий.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж