"Хүмүүс эдгэрч, эмнэлгээс гарахыг харах хамгийн сайхан"

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

"Хүмүүс эдгэрч, эмнэлгээс гарахыг харах хамгийн сайхан"

“Ар гэр орхигдсон ч би мэргэжилдээ хайртай. Хэчнээн хүнд нөхцөлд ажиллаж байсан ч хүмүүс эдгэрч, эмнэлгээс гарахыг харах агшин хамгийн сайхан. Ялангуяа Covid-19 халдварын үед өвчтөнгүүдээ эдгэрч байхыг хараад бүхнийг чадсан мэдрэмж төрсөн дөө” хэмээн халдварын голомтод ажиллаж буй сувилагч Г.Булганцэцэг хэлж байв. Түүний хувьд 28 хоног гэртээ хариагүй. Халдварын голомтод 14 хоног,  тусгаарлалтад 14 хоног болжээ.

"Энэ цаг үеийн эгэл баатрууд"

"Энэ цаг үеийн эгэл баатрууд"https://news.mn/r/2416498/

Posted by News.mn on Monday, March 29, 2021

ХҮҮГЭЭ ОРХИОД АЖИЛДАА ГАРНА ГЭДЭГ АМАРГҮЙ ДАВАА ЮМ БИЛЭЭ 

Халдварт өвчин судлалын үндэсний төв хэмээх их айлаар овоглосон эгэл энэ бүсгүй бол галын шугамд ажиллаж буй баатруудын нэгэн төлөөлөл. Бас дөрвөн хүүхдийн ээж, айлын эзэгтэй гэдгийг энд тодотгоё. Халдварын голомтонд нойр, хоолыг умартаж цаг наргүй ажиллахаас илүү ээж хүний хувьд хөхнөөсөө гарч амжаагүй нялх үрээ орхиод гэнэтийн дуудлагад явах амаргүй даваа байж.

Хүүгийнхээ талаар нулимс цийлэгнүүлэн ярих Г.Булганцэцэг “Хөхнөөсөө ч гараагүй хүүгээ  орхиод явах хэцүүхэн л санагддаг юм билээ.  Бага хүүтэйгээ видеогоор ярихад царайг минь харахгүй өөр тийш харна, сонсохгүй мэт аашилна. Хүүхэд гэдэг хөөрхөн шүү дээ. Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа үед хэн ч гэртээ эрсдэл дагуулахыг хүсэхгүй. Тиймээс вакцины хоёр дахь тунгаа тариулж, нөхцөл байдал намжтал хүүхдүүдтэйгээ уулзахгүй” гэсэн юм.

Тэрбээр 20 гаруй жил ХӨСҮТ-д ажиллахдаа, халдварын голомтуудад ажиллаж байсан ч Covid-19 цар тахлын цаг үе тэвчээрийг нь шалгаж байгааг хэлж байв. Хамт олонтойгоо баг болж хуваарилагдан, нойр хоолгүй ажиллах аж. Хамгийн хэцүү нь, агааргүй орчинд амьсгалах аргагүй битүү халдвар хамгааллын хувцастай олон цагаар ажиллах гэнэ.

Энэ талаар Г.Булганцэцэг “Covid-19 халдварын цар тахлын үед битүү хувцастай ажиллана гэдэг л хамгийн хүнд хэцүү юм билээ. Өмнө нь улаанбурхан өвчний үед цаг наргүй ажиллаж л байлаа. Хөл хавагнаж, 24 цаг зогсоогоороо хонож байсан үе бий. Гэхдээ битүү, агааргүй орчинд хязгаарлагдаж ажиллах л хамгийн чанга. Сэхээний тасагт, хүнд өвчтөнүүдийн дэргэд найман цагийн турш халдвар хамгааллын битүү хувцастай ажилласан сувилагч маань ярихдаа “Өвчтөндөө бүлээн унд уулгаж байхад ам цангахдаа тэр унднаас нь уумаар санагдаж, шүлсээ залгиж байсан. Битүү орчинд битүү хувцастай олон цаг ажиллах нь л хамгийн хүнд юм байна” гэсэн юм.

Мэдээж шантармаар өдрүүд олон болов ч эмчилсэн хүн нь эрүүл саруул  болохыг харах нь л тэрний цаг наргүй ажлаасаа авдаг их урам зориг гэнэ. Өнөөдөр /2021.03.30/  түүний бас хамт олны мэргэжил нэгт нөхдийнх нь баярын өдөр. Гэсэн ч толгой өндийх завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр…

ӨВЧТӨНҮҮДЭЭ ЭДГЭХИЙГ ХАРАХ  ЭМЧ ХҮНИЙ ХАМГИЙН ИХ БАЯР ЖАРГАЛ

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны энэ өдөр олон улсын эмч нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монголын эмч нар тэр дундаа ХӨСҮТ-ийнхэн баярлах завгүй ажиллаж байна. Тус төвийн эмч, сувилагчид бүлээн цай ууж, бүтэн нойртой хоносон нь үгүй. Дуудлага ирвэл хэзээд цүнхтэй хувцсаа аваад хаашаа ч хамаагүй очиж ажиллахад бэлэн байдлын зэрэгт ажилладаг.

ХӨСҮТ-д 26 жилийн амьдралаа зориулж, галын шугамын тэргүүн эгнээнд ажиллаж буй амбулаторийн тасгийн их эмч В.Янжиндолгорын ажлын өрөөгөөр орвол цүнх, чемодон нүдэнд туссан юм. Түүнийг тусгаарлалтын 28 хоногоо дуусгаад хоёр хонож байхад нь ийнхүү уулзсан нь энэ. Халдварын голомтонд ажиллах үед ар гэрийнхэнтэйгээ утсаар ярих ч завгүй байдгийг тэрбээр онцолсон юм. Тэрбээр “Цар тахал гарснаас хойш халдварын голомтонд тав дахь удаагаа ажиллаад гарлаа. Голомтонд 14 хоног ажилласны дараа 14 хоног өөрсдийгөө ажиглаж тусгаарлалтад байдаг. Бүтэн сарын хугацаанд гэртээ харилгүй ажиллах нь мэдээж хэцүү. Хань ижил, үр хүүхдээ бодно, 80 гарсан өндөр настай аав ээж хоёртоо маш их санаа зовно. Утас чагнана. Тэд маань аль болох л намайг дэмждэг ч их санаа зовдог” гэлээ.

Хэдийгээр ар гэрт нь ээжийн хайр халамж, гэрийн эзэгтэйн орон зай үгүйлэгдсээр байгааг мэдсэн ч бусдыг хамгаалахын төлөө ямагт бэлэн  байх нь эмч хүний өргөсөн тангараг. Түүний завгүй, цаг наргүй ажлын ачаалал, эмч мэргэжлийн онцлогийг нөхөр нь хэчнээн ойлгох боловч заримдаа тэвчээр алдаж “Ямар хэцүү юм бэ. Гэрийн эзэгтэй, ээж хүн гэртээ байхгүй, бүтэн сар харагдахгүй” гэнэ. Гэхдээ ажлын маань онцлогийг мэддэг болохоор тайван ажиллаарай гэж урам өгдөг дөө” гэлээ.

Түүний хувьд тусгаарлалтаас тусгаарлалтад бүтэн сар гэртээ харихгүй байх хугацаанд өндөр настай аав ээжийгээ, үр хүүхэд хань ижлээ санаад хааяа уйлна. Ийм ганцаардсан үед нь мөр зэрэгцэн халдварын голомтонд ажиллаж буй эмч, сувилагч найз нөхөд нь хань болдог аж.

ХАЛДВАРЫН ГОЛОМТОД АЖИЛЛАХАД АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ ХАМААРАХГҮЙ

Агааргүй орчинд тусгаарлах байранд халдварт өртсөн  24-33 хүнтэй нүүр тулж ажиллах нь хэн хүнээс гарахгүй эр зориг шаарддагийг ч тэр нуугаагүй. Халдвар хамгааллын хувцастай ч өөрөө өвдөхгүй гэх баталгаа байхгүй гэнэ. Энэ талаар В.Янжиндолгор эмч “Өдөр бүр 26-33 хүнтэй харьцана гэдэг өөрөө маш их эрсдэл. Хэчнээн халдвар хамгааллын хувцас өмссөн ч эрсдэл өндөр. Сэтгэлзүйн хувьд хэчнээн бэлтгэлтэй байсан ч плат руу орох бүртээ өвдчих вий гэсэн айдас байдаг. Халдварын голомтоос багаараа эрүүл л гарах хэрэгтэй шүү гэж хоорондоо ярьдаг. Хамгийн гол нь эрүүл байх шүү дээ” гэлээ. Гэхдээ эмч нараас илүү Covid-19 халдварын онош нь батлагдсан хүмүүс бүгд л дор бүрнээ их бага хэмжээний айдас, түгшүүртэй байдаг тул эмчилгээ гэхээс илүү сэтгэлзүйн хувьд тайвшруулах нь чухал аж. Тиймдээ ч эмнээс илүү сэтгэлийн урам зориг өвдсөнийг ч тэнхрүүлэх хүчтэй  болохыг тэрбээр онцолсон юм. Цаг наргүй ачаалалтай ажилладаг эмч нарт ч бас өвдөөд эдгэсэн хүн “Танд баярлалаа” гэж хэлэхэд л нойр, хоол, амралтаас ч илүү эрч хүч өгдөг байна. Тэрбээр “Өвчтөн маань эдгэж, бидэнд урмын үг хэлэхэд л бид үнэхээр их баярладаг. Эмч мэргэжлээрээ бахархах, ажлаасаа эрч хүч авдаг. Хүн эрүүл саруул болохыг нь харахад л мэргэжлийн маань бидэнд баяр жаргал хайрладаг ганц зүйл. Ар гэрийнхэн нь ч бас цүнхтэй хувцасыг нь барьчихаад л эмнэлгийн гадаа тосч, баяртайгаар хүлээж байдаг” хэмээн инээмсэглэв. Түүний хэлснээр халдварын голомтонд ажиллах хугацаанд ажлын цаг хамаарахгүй тул зарим өдрүүдэд үүр цайлгаж, өглөө нь ажлаа эхлүүлдэг байна. Тэнд ажиллаж буй эмч, ажилтнууд хамгийн эртдээ л 02:00 цагт ажил нь дуусдаг аж. Түүний ажлын өглөө 06:00 цагаас эхэлнэ. Өвчтөнүүдээ үзэж эргэхээс авхуулаад эмч, сувилагч нартайгаа өмнөх өдрийн алдаа оноогоо ярилцаж, ажлын төлөвлөгөө гаргаж, өвчтөнүүдийнхээ биеийн байдлыг нь үзэх, эдгэсэн хүмүүсээ үдэх, шинэ хүмүүс хүлээн авах гэсээр нэг мэдэхэд л үдшийн бүрийтэй золгодог байна.

Covid-19-ийг дайн гэвэл галын шугаман дээр “байлдаж” яваа хүмүүс бол эмч, сувилагчид. Тэдэнд ч хайртай хүмүүс, хамгаалах ёстой гэр бүл гэж бий. Тэд амьд явах эрхтэй. Өнөөдөр бол тэдний эрхээ хамгаалах, мэргэжлээрээ бахархах баярын өдөр бас цаг наргүй ажлын нэг өдөр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж