Суэцийн сувгийн түгжрэл 230 тэрбум доллараар хэмжигдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Суэцийн сувгийн түгжрэл 230 тэрбум доллараар хэмжигдэж байна

Суэцийн сувгийн түгжрэл 230 тэрбум доллараар хэмжигдэж байна

Европ, Азийг холбодог худалдааны гол зам болох Суэцийн сувагт хөлөг онгоцны түгжрэл үүссэний улмаас дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээгээр “савлаж” буй талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Тус бүсэд 400 метрийн урттай “Ever Given” чингэлэг тээвэрлэгч гацсанаас болж ачаа тээврийн 400 орчим хөлөг онгоц саатаад буй юм. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа Суэцийн сувагт үүссэн түгжрэл дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буй мэдээллийг онцолж байна.


Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг буюу 102 давхар “Empire State Building”-ийн өндөр (443.2 м)-тэй адил урт энэхүү нүсэр хөлгийг хөдөлгөх оролдлого хэд хоногийн турш бүтэлгүйтэж, өчигдөр (2021.03.29) чирэгч хөлгүүд баруун, зүүн тийш 30 хэм амжилттай эргүүлж чадсан билээ.

Египетийн эрх баригчид чингэлэг тээвэрлэгчийн ачаануудыг хэсэгчлэн буулгаж, хөлгийн нийт жинг багасгахаар төлөвлөжээ. Тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах ас Сиси энэ ажиллагаанд бэлтгэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

Энэ ажлыг хийхийн тулд чингэлэг тээвэрлэгчийн нийт ачааны тал хувийг өөр хөлгүүдэд шилжүүлэн ачих, эсвэл эрэг дээр буулгах хэрэгтэй болох бөгөөд бэлтгэл ажлыг хангахад олон долоо хоног шаардагдана гэж тооцжээ.

Мэргэжилтнүүд ачаануудыг буулгахын тулд тусгай техник төхөөрөмжүүд, ялангуяа 60 метрийн өргөгч шаардлагатайг анхааруулсан байна. Ийм ажиллагаанд туршлагатай Голландын аврах албаныхан хэт их хүчилбэл чингэлэг тээвэрлэгч тасарч хуваагдах аюултайг мөн анхааруулжээ.

“Bloomberg” агентлаг өмнө нь Суэцийн сувгийн хямралын улмаас дэлхийн улс орнууд ариун цэврийн цаасны хомсдолд орж болзошгүй талаар мэдээлсэн. Далайн тээврийн эрэлт нэмэгдэж, тээврийн усан онгоцны хүрэлцээ муудсаны улмаас ийм нөхцөл байдалд хүрнэ хэмээн тооцсон аж. Ариун цэврийн цаас хомсдох бас нэг шалтгаан нь худалдааны цэгүүдийн ажиллагааг хязгаарласан, хэрэглэгчид гэртээ цаас нөөцлөх болсонтой холбоотой хэмээн мэдээлсэн билээ.

Сувгийн хөдөлгөөн тасалдсаны улмаас бараа материал, түүхий эдийн хомсдол нүүрлэх эрсдэл үүсчээ. Тухайлбал, АНУ-ын Эрчим хүч зохицуулах холбооны газрын жишүүн, “Branko Terzic & Associates LLC” компанийн захирал Бранко Терзич дээрх явдлаас болж газрын тосны бүтээгдэхүүний үнэ богино хугацааандаа өсөх магадлалтай хэмээн мэдэгдсэн.

"Wall street Journal"-д Ази, Ойрхи Дорнодын хооронд ачаа бараа тээвэрлэдэг усан онгоцуудын түрээсийн зардал энэ долоо хоногт 47 хувиар огцом өссөн талаар мэдээлжээ.

“ТASS” агентлаг тус сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум орчим ам.долларын хохирол учирч буй тухай мэдээллийг онцолсон. Хэдийгээр “Ever Given” хөлөг онгоцыг зорчих хэсгээс холдуулсан ч хөдөлгөөн хэзээ нээгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Германы “Allianz” даатгалын компани Суэцийн сувагт гарсан түгжрэлийн улмаас үүсэх хохирлын хэмжээг тооцоолжээ. Түгжрэлийн улмаас дэлхийн худалдаанд 230 тэрбум ам.долларын хохирол учирч магадгүй гэж шинжээчид үзсэн байна.

Суэцийн сувгаар өнгөрсөн 2019 онд 1.25 тэрбум тонн ачаа дамжин өнгөрсөн нь дэлхийн худалдааны эргэлтийн 13 хувь болжээ. Сувгаар өнгөрөх усан тээвэр тасалдахад дэлхийн орнуудад нөлөөлдөг байна. Энэ удаагийн түгжрэлийн улмаас дэлхийн худалдааны өсөлт долоо хоногт 0.2-0.4 хувиар, жилийн дүнгээр 1,4 хувиар унан, 230 тэрбум ам.долларын хохирол дагуулах тооцоо гаргажээ.

"Ever Given" чингэлэг тээвэрлэгч хөлөг хайргадсаны улмаас хамгийн түрүүнд Европын эдийн засагт том хохирол учирсан байна. Тухайлбал, секс-тоглоомын бизнес эрхлэгчдийн 20 чингэлэг бараа Суэцийн сувагт гацжээ.

Энэ төрлийн барааны үйлдвэрлэлийн дэлхийн гуравны нэгийг хангадаг "Suzano SA" компанийн гүйцэтгэх захирал Уолтер Шалкагийн хэлснээр Суэцийн сувгийн гацаанаас болж Бразилын ариун цэврийн цаасны түүхий эд буюу модны целлюлоз үйлдвэрлэдэг компанийн түгээлтийн хурд саарсан байна.

“Reuters”-т мэдээлснээр, хөлөг онгоцыг эргүүлсний дараа газрын тосны үнэ нэгээс бага хувиар буурч, баррель нь 63.85 ам.долларт хүрчээ. Тайванийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Evergreen Marine Corp” компанийн хувьцаа 1.75 хувиар өссөн байна.

Египетийн гадаад валютын орлогын чухал эх үүсвэр болсон Суэцийн сувгаар дэлхийн тээврийн 15 орчим хувь дамждаг бөгөөд тус түгжрэл нь өдөрт 14-15 сая ам.долларын худалдааны алдагдал үүсгэж байгаа аж.

Хөлөг онгоцууд гацсаны дараа нефтийн бүтээгдэхүүний цистернүүдийн ачилтын хувь хэмжээ даруй хоёр дахин өсчээ. Суэцийн сувгийн түгжрэл дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, зарим компаниудад өндөр алдагдал учруулахаар байгаа аж.

Сувгийн хоёр талд сүүлийн зургаан хоногт контейнер тээвэрлэгч, задгай тээвэрлэгч, нефтийн цистерн болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч 369 хөлөг онгоц саатсан талаар “Reuters” мэдээлсэн билээ. Египетийн холбогдох агентлагаас хөлөг онгоцуудыг Суэцийн сувгаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлжээ.

Суэцийн сувгийн захиргааны дарга Осама Раби Египетийн улсын телевизээр”Ever Given"-ийг чөлөөлсний дараа хөлөг онгоцуудыг нэг хором ч алдалгүй шуурхай нэвтрүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр ачаа тээврийн хоцрогдлыг арилгахад гурав хүртэл хоног шаардагдана гэсэн бол сувгийн зарим эх сурвалж “Өдөр бүр 100 гаруй хөлөг онгоц сувгаар нэвтрэх боломжтой” гэж мэдээлжээ.

Тээврийн “Maersk” групп “Дэлхийн тээвэрлэлтийн тасалдлыг арилгахад хэдэн долоо хоног, эсвэл хэдэн сар шаардагдана” гэж мэдэгдсэн байна.

"Ever Given" чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Суэцийн сувгийн 151 дүгээр км-т хайргадаж, дэлхийн хамгийн гол усанд замд түгжрэл үүсээд буй билээ. Уг хөлөг онгоц 400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай юм.

Эх сурвалж: REUTERS, TASS, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж