“Хотын төвийн авто угаалгын газарт эрэгтэй, эмэгтэй машин угаагч ажилд авна. Хоол, унааны мөнгө олгоно” гэсэн зар тавихад цөөн ажил олгогч руу утсаар ярьжээ. Тус авто угаалгын газарт таван хүн ажилладаг. Нэмж 15 хүн авахаар зар тавьсан ч хүн ирээгүй байна. “Зарим нэг нь утасдаж цалин хэд юм бэ? гэж асуучхаад таг болчихдог. Ирсэн залуусын зарим нь хүнд хэцүүг нь гайхаад шантрах явдал бий. Хатуу үг хэлэхээр ор сураггүй алга болчихдог хүмүүс ч байна. Хөдөлмөрийн насанд хүрсэн бол хэн ч байсан ажилд авдаг. Гэвч ажил хийх залуус олдохгүй байна. Уг нь манай цалин гологдохооргүй. Сард дунджаар 800 мянган төгрөгийн цалин авна. Өдөрт найман цаг ажиллана. Хэрэв 12 цаг ажиллавал илүү цагийн хөлс олгодог" талаараа ажил олгогч ярив.
Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь ядуурлын гол шалтгаан гэхэд буруудахгүй болов уу. Залуусын дийлэнх нь “Хөл хорионы үед ажил олдохгүй байна” гэх үгээр биеэ өмгөөлдөг ч Монгол Улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээж буйг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдсэн. Тухайлбал, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт гуравдугаар сарын 18-25-ны хооронд 15 ажил олгогч байгууллагаас 194 ажлын байрны захиалга ирсэн байна. Ажлын байрны захиалгаас ес нь уул уурхайн салбар байсан бол үлдсэн 185 нь үйлчилгээний салбарынх байжээ.
Улмаар 154 иргэнийг тохирох ажлын байранд санал болгосон боловч ердөө 90 хүн ажилд орсон байна. Хөдөлмөрийн насны залуус хариуцлагагүй, наад захын энгийн зүйлийг хийж чадахгүйгээс болж ажилдаа гологдох болсныг албаныхан хэлж байв.
Тухайн байгууллага цаг, мөнгийг хариуцлагагүй залууст үрэхийг хүсэхгүй байгаа учраас хувь хүний хандлагыг чухалчилж ажилд авах болжээ. Тиймдээ ч бүтээмж сайтай, ажлын цагаа үр бүтээлтэй ашигладаг, урт хугацаанд ажиллах хүсэлтэй, тухайн байгууллагын хөгжилд гар бие оролцож чадах тийм хүмүүсийг хайдгаа ажил олгогчид учирлаж байсан юм. Гэвч дээрх шаардлагыг хангах хүмүүс нь хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байна. Үүнээс харахад залуучууд хөдөлмөрийн зах зээлд байгаа ажил хайгчдын шаардлагыг хангаж чадахаа больжээ. Өглөө ажлаасаа хоцордог, цалингаа авсан өдрөө архи уугаад алга болчихдог, удирдлага нь нэг хатуу үг хэлээд шаардлага тавьчихаар гомдоод ажиллахгүй гэх олон шалтгаантай. Тиймээс ялангуяа барилгын салбарт хүндэтгэх шалтгаангүйн улмаас ажлаа хаяж явсан хүмүүсийн мэдээллийн бааз үүсгэх нь залуусыг хариуцлагажуулах нэг хэлбэр гэдгийг тус салбарынхан хэлж байна.
БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАХ ТУСЛАХ АЖИЛТАН ОЛДОХГҮЙ БАЙНА
Урин дулаан болж буй энэ үед барилгын бүтээн байгуулалтын ажил ид өрнөх ёстой. Нөгөө талдаа хил хааснаас хойш Хятад ажилчид орж ирэхгүй байгаа учраас барилгын компаниуд монгол залуусыг олноор ажилд авах хүсэлтэй. Гэвч барилга дээр ажиллах туслах ажилтан огт олдохгүй байгаа аж.
Энэ талаар нэгэн барилгын компанийн хуулийн зөвлөх “Сонинд гурван ажлын байр дээр зар байршуулаад зургаа хонож байна. Харин тусгай мэдлэг, мэргэжил ур чадвар шаардах ажлын заруудыг том сайтуудад тавьдаг. Хүмүүс айхтар идэвхтэй биш ч гэлээ цөөхөн хэд нь ирж уулзаж байна. Анкетын шалгаруулалтын дараа ярилцлагад дуудахад товлосон цагтаа ирэхгүй байх тохиолдол мэр, сэр бий. Зар тавьснаас хойш барилгын туслах ажилтны орон тоон дээр ямар ч анкет ирээгүй. Одоо л барилгын салбар “амь орж” байгаа учраас ажилчдын эрэлт хэрэгцээ ихтэй байна. Гэвч барилгын туслах ажилтнууд олдохгүй байх жишээний. Инженерүүдийн хувьд арай гайгүй олдоц ихтэй. Уг нь барилгын туслах ажилтнуудыг олдож байгаа хэмжээгээр нь ажилд авах төлөвлөгөөтэй. Аль болох их байх тусмаа л сайн. Ерөнхийдөө барилгын бүхий л компаниуд туслахуудын хомсдолд орсон. Барилгын туслах ажилтан ховордсон учраас цалин нь нэмэгдсэн. Одоогоор өдрийн дундаж цалин нь 60 мянган төгрөг. Дулаарахаар буюу 6-7 сард цалин нь нэмэгдээд 100 мянган төгрөгт хүрэх байх” гэлээ.
ЗАЛУУСЫН ХУВЬД ҮГ ДААХ ЧАДВАРГҮЙ
Харуул хамгаалалтын албаны хүний нөөц “ Covid-19 халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд иргэд ажилд орьё гэх нь багассан. Нөгөө талдаа барилгын ажил эхлэхээр залуус ховорддог. Зарын дагуу долоо хоногт 1-2 хүн л ирж уулзаж байна. Манайх гэрээт ажил олгогчдын зүгээс тавьсан 20-45 насны, ял шийтгэлгүй байх гэх шалгуурыг тавьдаг. Нас тогтсон хүмүүсийн хувьд асуудал үүсгэх нь харьцангуй бага. Гэхдээ хааяа ажил дээрээ архидах тохиолдол гардаг. Эхний хоёр удаа сануулаад цаашид ийм үйлдэл давтагдвал бид ажлаас нь чөлөөлдөг. Харин залуусын хувьд үг даах чадваргүй. Тавьсан шаардлагыг бүрэн гүйцэт биелүүлдэггүй, цаг барьдаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй. Хамгийн гол нь цалингаа өдөртөө авах сонирхолтой байдаг. Манайх сарын 15-30-нд цалингаа тавьдаг. Уг нь хөл хорионы үеэр хамгийн ажиллах боломжтой газар бол харуул хамгаалалт. Бид ямар ч үед ажилладаг” гэв.
САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРГАЛТ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШИЛЖЭЭ
Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөр зарлана гэж мэдэгдсэн. Тэгвэл залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийн сонгон шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сараас эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа гуравдугаар сарын эхээр " Сар бүр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн бий. 43 мянган өрх дотор хөдөлмөрийн насны залуусыг ангилан авч үзээд нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, нэг сарын хөдөлмөрт бэлтгэх сургалтыг явуулахаар хөтөлбөрөө бэлдэж байна. Цар тахал гарахаас өмнө ажил олгогчдын зүгээс "Ажлын байр зарлахад ажил дээр ирж байгаа хүн алга. Ирсэн ч гэсэн тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Хандлага нь биш байна" гэдэг шүүмжлэлийг хэлдэг байсан. Тиймдээ ч сургалтын зорилго нь мэргэжил, мэргэшил олгох гэхээсээ илүүтэй хувь хүний хандлагыг өөрчлөх, хувь хүний хөгжилд анхаарна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхний ээлжийн 500 залуусыг авах төлөвлөгөөтэй байна. Цаашлаад сард 1000, бүр боломж нь бүрдвэл сард 5000 залуусыг сургана. Энэ жилийн хувьд 5000 залуусыг хөтөлбөрт хамруулах зорилго тавьсан" хэмээн мэдээлж байв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ