НЭМЭЛТ: 20:30 цаг
Монгол, Японы шигшээ багуудын тоглолт 14-0 гэсэн харьцаатай өндөрлөлөө. Эхний үе 5-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үед Асано нэг гоол, Инагаки, Осако, Ито, Фүрүхаши нар тус бүр хоёр гоол оруулжээ.
Монголын шигшээ баг ирэх зургадугаар сард Япон улсад Киргизстаны шигшээ багтай тоглоно.
Япон улс 1967 онд Филиппиний шигшээ багийг 15-0 гэсэн харьцаатай хожиж, хамгийн том ялалтаа байгуулж байсан бол өнөөдрийн ялалт нь хоёрдугаарт бичигдэх амжилт нь болжээ.
НЭМЭЛТ:
Монгол, Японы шигшээ багуудын нэгдүгээр үе 5-0 гэсэн харьцаатай Японы шигшээ багийн давамгайлал дор өндөрлөлөө. Талбайн зочин багийн статустай тоглож буй хүчирхэг Японы багаас Минамино, Осако, Камада, Морита нар тус бүр нэг гоол оруулсан бол Т.Хаш-Эрдэнэ өөрийн хаалгандаа гоолджээ.
"Катар – 2022" хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол Улсын шигшээ баг өнөөдөр/2021.03.30/ Японы шигшээ багтай Фүкүда Дэнши цэнгэлдэхэд тоглох болно. Энэ нь Монгол Улсын шигшээ багийн хэсэгтээ хийж буй долоо дахь тоглолт бөгөөд “Талын хөх чононууд” өмнө нь зургаан тоглолт хийснээс нэг хожиж, тав хожигдоод байна. Одоогийн байдлаар F хэсгийг "Цэнхэр самурайнууд" болох Япон улс нэг ч хожигдолгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Тажикистан, Кыргызстан, Мьянмар, Монгол зэрэг шигшээ багууд удаалж байна.
ТОГЛОЛТЫН ӨМНӨ
Тажикстанд хэсгийн тав дахь тоглолтоо хийсэн Монголын шигшээ баг гуравдугаар сарын 26-ны өдөр Япон улсад газардаж, Чиба хотноо талбайн эзэн багтай хийх тоглолтын өмнөх бэлтгэлээ хангаж байна.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик “Энэ тоглолт хуваарийн дагуу Монголд зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас Япон улсад болж байна. Талбайн давуу тал гэж байхгүй. Гэхдээ үүнийг шалтаг гэж битгий ойлгоорой. Бид маргаашийн тоглолтод бэлэн. Бид Японы шигшээ багийн эсрэг маш олон зорилго тавьсан. Тиймээс Японы шигшээ багийн тоглогч болон тоглолтод ач холбогдол өгөлгүйгээр, өөрсдийн тоглолтод илүү төвлөрч, анхаарах болно.
Бид энд ирсэн мөчөөсөө эхлэн Япон улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журмыг мөрдөж байгаа. Яг энэ үед бол Covid-19-ийн эсрэг яавал сайн, яавал муу вэ гэдгийг 100 хувь мэдэх хүн байхгүй. Нөхцөл байдал ийм л байна. Япон хүмүүс бол маш хариуцлагатай, жижиг зүйлийг ч нарийн хийдэг. Заримдаа энэ нь надад төвөгтэй мэт байгаа ч, энэ нөхцөл байдалд дүрэм журмыг хүндэлж байгаа.
Тоглогчийн сонголтын хувьд мэдээж хүнд байсан удаан хугацаанд тоглогчид маань олон улсын болон дотоодын тоглолт хийгээгүй. Өнгөрсөн оны лигийн төгсгөлд сонгосон тоглогчдоо гол цөм болгосон. Төдийгөөс өдий хүртэл энэ тоглогчид тасралтгүй бидэнтэй бэлтгэл хийсэн. Цар тахлын үед бэлтгэл хийнэ гэдэг тун хэцүү хүнд бие бидэнд байсан. Гэхдээ даваад гарсан. Одоо харин тоглох л үлдлээ” гэв.
Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал “Талбай дээрээ хийх байсан тоглолт маань Япон улсад болох болсонд маш их харамсч байгаа. Монголын олон мянган фанатууд, дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харж, Монголын шигшээгээ дэмжихийг маш их хүсч байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас нөхцөл байдал ийм боллоо.
Тамирчдын хувьд удаан хугацаанд тоглолт хийгээгүй, цар тахлын хорио цээрийн үеэр дасгалжуулагчийн багаас өгсөн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж бэлтгэл хангасан. Бид 21 хоног Турк улсад бэлтгэл хийсэн. Ирэх тоглолтод 100 хувь бэлэн. Япон улсаас тавьж байгаа цар тахлын дүрмүүдийн хувьд гэвэл биднийг энэ аюулт цар тахлаас хамгаалж байгаад баярлалаа гэж хэлмээр байна” гэжээ.
Харин Японы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Морияасү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхний тоглолтдоо талбайдаа Монголыг 6-0 гэсэн харьцаатай хожсон нь том хожил байсан. Мэдээж хэрэг, бид энэ тоглолтод ч хожихыг хүсч байна. Гэхдээ Монгол шиг багийн эсрэг хожил амар ирэхгүй байх” гэх мэт зүйлсийг ярьжээ.
Японы шигшээ баг энэ сарын 25-ны өдөр Солонгосын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд 3-0 гэсэн харьцаатай хожжээ.
ЭХНИЙ ТОГЛОЛТ
Өмнөх тоглолт Япон улсын Саитама цэнгэлдэх хүрээлэнд явагдахад талбайн эзэд Такүми Минамино, Маяа Ёошида, Юта Нагатомо, Кэнсүкэ Нагаи, Ватарү Эндо, Даичи Камада нарын гоолоор 6-0 гэсэн харьцаатай хожсон. Энэ удаагийн хариу тоглолт Улаанбаатар хотод зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дахин Япон улсад явагдахаар болсон юм.
Монголын шигшээ баг Японд ирэхээсээ өмнө Турк улсад бэлтгэл хийж, Тажикстаны шигшээ багтай талбайд нь хэсгийн ээлжит тоглолтоо хийж, 3-0 гэсэн харьцаатай хожигдсон. Харин Японы шигшээ баг "Ниссэн" цэнгэлдэхдээ Солонгосын шигшээ багийг хүлээн аван тоглож, нөхөрсөг тоглолтонд мөн 3-0 гэсэн харьцаатай хожсон аж.
ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний хувьд бэртэлтэй, торгуультай тоглогчид байхгүй бөгөөд Б.Балжинням, Н.Цэдэнбал, О.Мижиддорж нар гараанд гарах магадлалтай. Харин Японы шигшээ багийн хувьд Маяа Ёшида, Такүми Минамино, Даичи Камада, Юүюа Осако зэрэг Солонгосын эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ талбайд гаргах гэнэ.
Энэхүү тоглолтыг мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашорюү Д.Дагвадорж тайлбарлан хүргэнэ.
Холбоотой мэдээ