Вакцины гэрчилгээ буюу "алтан тасалбар" гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

Вакцины гэрчилгээ буюу "алтан тасалбар" гэж юу вэ?

Вакцины гэрчилгээ буюу "алтан тасалбар" гэж юу вэ?

Гадаадад аялахын тулд вакцин хийлгэсэн тухай гэрчилгээ буюу "алтан тасалбар" шаардлагатай болох цаг ойртсоор байна. Жишээлбэл, Европын холбоо “Дижитал ногоон гэрчилгээ” хэмээх зүйл танилцуулж, Европын холбооны болон бусад зарим орнууд аль хэдийн вакцин тариулсан иргэддээ вакцины паспорт олгох төлөвлөгөөгөө зарлаад эхэлжээ.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ВАКЦИНЫ ПАСПОРТ

Европын холбооны улсууд иргэдээ гадаад орнуудад ямар нэг асуудалгүй зорчуулахад зориулж тусгай паспорт олгож эхлэхээр төлөвлөсөн ч богино хугацаанд вакцин тариулсан бүх иргэдээ паспортжуулах нь хүндхэн ажил болох бололтой. Тиймээс Европын холбооны эрх баригчид түр хугацаанд онц шаардлагагүй аялалуудыг хязгаарлахын сацуу бүх нөөц бололцоогоо ашиглан иргэдээ аль болох хурдан паспортжуулахаар хичээж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр эрх баригчид зун гэхэд вакцин тариулсан бүх иргэдээ паспортжуулсан байх төлөвлөгөөтэй байгаа ч цагтаа амжих эсэх нь эргэлзээтэй.

Паспортыг бүх 27 гишүүн орны вакцин тариулсан, халдвар аваагүй нь шинжилгээгээр батлагдсан, сүүлийн үед халдвараас эдгэрсэн иргэдэд цахим болон цаасан аль аль хэлбэрээр нь олгох бөгөөд гишүүн орнуудаас гадна Норвеги, Исланд, Швейцар зэрэг орнуудыг мөн хамруулах төлөвлөгөөтэй аж.

Цахим паспорт гэдэг нь тухайн иргэний хувийн мэдээллийг агуулсан, халдваргүй гэдгийг батлах QR код байх юм байна. Түүнчлэн эрх баригчид тус паспортоо Европын холбооноос гадуурх улсуудад хүчинтэй байлгах зөвшөөрлийг ДЭМБ-ээс хүсчээ.

ДАНИЙН ВАКЦИНЫ ПАСПОРТ

Дани улс вакцин тариулсан иргэддээ “Коронапас” нэртэй гэрчилгээ олгон, улаан өндөгний баяраас хойш дотоодын аялал жуулчлал, бизнесүүддээ ашиглах, цаашид олон улсын зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ.

Түүнчлэн Дани нь Европын холбоотой ижил байдлаар цахим гэрчилгээг "NemID" нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд тэр нь "Коронапас" гэрчилгээтэй шууд холбоотой ажиллана. "NemID" цахим гэрчилгээний тусламжтайгаар албаныхан тухайн хүний эрүүл мэндийн байдал, шинжилгээний хариу зэрэгтэй танилцах боломжтой аж.

Ийнхүү иргэдээ паспортжуулах нь Данид хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар эрсдэлгүй суллахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр Данийн эрх баригчид 50-аас дээш насныхан болон өндөр эрсдэлтэй бүлгийнхнээ бүрэн вакцинжуулж дууссаны дараанаас эхлэн төлөвлөгөөний дагуу хөл хориог сулруулах аж.

Нэгэнт хөл хорио суларсны дараа даничууд дотооддоо үсчин, салон, зоогийн газар, кино театр зэргээр үйлчлүүлэхдээ гэрчилгээгээ ашиглан вакцинжуулалтад хамрагдсан байдал, өмнө нь халдвар авсан эсэхээ батлах шаардлагатай болно.

Даниас гадна Швед улс дээрхтэй яг ижил төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа аж.

ИЗРАИЛ АЛЬ ХЭДИЙН ИРГЭДЭЭ ПАСПОРТЖУУЛААД ЭХЭЛЖЭЭ

Өдгөө Израил улс иргэдийнхээ хамгийн олон хувийг вакцинжуулснаараа дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал нийт израилчуудын талаас илүү хувь нь вакцины хоёр тунгаа гүйцэт тариулсан учир өнгөрсөн сараас эхлээд хөл хориог суллаж эхэлсэн байна.

Эрх баригчдын зүгээс вакцин тариулсан болон халдвар аваад эдгэрсэн иргэддээ “Ногоон пас” нэртэй гэрчилгээ олгож байгаа бөгөөд иргэд зочид буудал, бялдаржуулах төв, театр зэргээр үйлчлүүлэхдээ гэрчилгээгээ шалгуулах шаардлагатай аж.

"Ногоон пас" гэрчилгээ иргэдэд цахим болон цаасан хэлбэрээр байх бөгөөд тухайн иргэний эрүүл мэндийн шаардлагатай мэдээллүүдийг агуулсан байх гэнэ.

Израилын "Ногоон пас" зөвхөн дотоодоос гадна хэд хэдэн гадны орнуудад хүчинтэй болсон байна. Тухайлбал эрх баригчид Грек, Кипр улсуудтай тохиролцон, израилчууд "Ногоон пас"-аа ашиглан тус орнуудад зорчих эрхтэй байхаар тохиролцсон байна.

Гэвч иргэдийг пасспортжуулж эхэлсний дараа цахим гэрчилгээнд зарим нэг асуудлууд ажиглагдах болжээ. Тухайлбал, Израилд буй гадаад иргэд хэдийгээр вакцинд гүйцэт хамрагдсан байлаа ч гэрчилгээ авах боломжгүй юм. Түүнчлэн цахим гэрчилгээ нь хүний хувийн нууцад аюултай хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа учир эрх баригчид цагдаа нарт шаардлага биелүүлж буй иргэний мэдээллийг заавал шалгах шаардлагагүй хэмээн тушаажээ.

ЭСТОНИЙН QR КОД

Эстони бол дэлхийд цахим технологиороо тэргүүлдэг орнуудын нэг. Тэд дөрөвдүгээр сарын сүүлээр вакцинд хамрагдсан иргэддээ баталгаа болгон QR код түгээхээр төлөвлөжээ. Хувь хүмүүс засгийн газрын гаргасан кодуудаас өөрт тохирохыг татан авч, гар утсан дээрээ хадгалах, эсвэл хэвлэн авч, түүгээрээ вакцин тариулсан эсэхээ үйлчилгээний газруудад батлан харуулах гэнэ.

Эстонийн нийгмийн харилцааны яамны ажилтан Калле Киллар “Ийнхүү өөрсдийнхөө шийдлийн дагуу иргэддээ вакцин тариулсны баталгаа олгох нь ирээдүйд тулгарах олон саад бэрхшээлийг даван туулахад тустай” хэмээжээ. Мөн түүний хэлснээр Эстони улс Европын холбооны паспорт ашиглагдаж эхэлмэгц хамтран ажиллах сонирхолтой байгаа аж.

Эх сурвалж: BBC ANALYSIS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж