Мөнхийн "эрх ашигтай" Ё.Баатарбилэг

Хуучирсан мэдээ: 2021.03.30-нд нийтлэгдсэн

76:1

Мөнхийн "эрх ашигтай" Ё.Баатарбилэг

Мөнхийн "эрх ашигтай" Ё.Баатарбилэг

“NEWS”агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэг гишүүнийг онцолж байна. Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй.

Архангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад анх  2016 онд хуульд тогтоох танхимд орж ирсэн. Тэрбээр түүхч археологич-антропологич мэргэжилтэй ч мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй гэж хэлж болохоор. Ажлын гараагаа 2002 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслахаас эхлүүлж, үндсэндээ 2009 он хүртэл ажиллажээ. Ингээд 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайн зөвлөхөөр ажиллаж байгаад нутагтаа очиж Засаг даргаар ажилласан.

Улс төрд оруулсан хүнийх нь бүлэглэлээр нь угшил гарлыг нь тодорхойлдог. Үүгээрээ бол тэрбээр Н.Энхбаярын хүн гэгддэг. Цагтаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүрээлэлд багтаж, түүнийг Ерөнхийлөгч байх үед шадар туслахаас нь улс төрийн карьераа эхлүүлсэн.

Харин улс төрийн өрнөлийн явцад М.Энхболдын “хүн” болсон гэлцдэг. Учир нь түүнийг анх 2016 онд УИХ-д нэр дэвшүүлэхэд М.Энхболд дэмжлэг үзүүлсний дүнд Ё.Баатарбилэг Архангайд ялалт байгуулсан. Аймгийн Засаг даргаар хоёр жил  ажилласны хувьд түүнд архангайчууд итгэл үзүүлсэн нь лавтай. Тэрбээр 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллах үед Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулж шалгасан байдаг. Улмаар Ё.Баатарбилэгийг прокуророос шалгах шаардлагагүй гэж үзсэнээр тус хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Угаас үг яриа, үйлдэл нь хэдийнэ цэгцэрч, туршлагатай улстөрчдөөс дутахааргүй түүний хувьд олны анхаарал татсан “хүндхэн” улс төрийн  асуудлуудаас зайгаа барьдаг ч  чуулган, байнгын хорооны хуралдаануудад хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой хатуухан үзэлцэж шударга бус хонгилыг тодруулж, “Шударга бусын хонгил яриад байх юм. Ийм хонгил байна уу. Хэзээнээс баригдаад одоо ямар шатандаа яваа, ашиглалт нь ямар зориулалттай юм бол. Н.Энхбаярыг Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тойрон хүрээлээд явж байсан. Дараа нь оймс нь гозолзоход дүрвэж зугтаад л. Татан буулгах гэж байгаа М.Энхболдоо тойрч бүжиглээд л байсан. Дараа нь 2020 онд сэлэмний ир мохсон байна гэх юм уу, нэг юм яриад арай өөр хүн тойрч бүжиглэх вий дээ. Олон юманд шир болчихсон нүүрнээс чинь залуус ичиж байна” гэж хэлж байв.

Үүний хариуд Ц.Нямдорж "Энэ Ё.Баатарбилэг чинь тэр хонгилд хэвтэж байгаад гарч ирсэн хүн шүү дээ. Чи мартчихсан уу. Үхэх шахлаа гэж уйлаад байсан биз дээ, чи. Ж.Мөнхбат та нар харин дараагийн даргаа ийм хүн болго гээд гүйж явна гэсэн. Цадигтай л байгаарай, та нар. Чамайг хэлмэгдүүлсэн, эсвэл чи хэргээс хууль бусаар мултарсан байж таарна" гэж өөд өөдөөсөө тэрсэлсэн нь хэсэгтээ л улс төрийн халуухан сэдвийн нэг байлаа. Ийн хэлэх гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг  2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах 33-ын бүлэгт багтаж мөн л хатуу байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, “Ерөнхий сайд намын бүлгээ хоёр хуваачихлаа. Одоо хөрөнгө хуваах тухай ярилаа. Таны ярьж байгаа зүйлийг ихэд гайхаж байна. Таныг би уг нь хүндэлдэг байсан. Их цэвэрлэгээ хийнэ гэж байнга ярьж байна. Сонгуулиас өмнө нэг хүнийг тойрон хүрээлэх хатуу дэглэм рүү орох вий дээ гэдгээс би айж байна” хэмээн хэлсэн.

Түүний хэл амнаас нь эмээсэн үү гэлтэй 2019 оны хоёрдугаар сард У.Хүрэлсүх танхимын сайдаараа авч, боловсролын салбарыг хэсэг даатгасан.

Тэрбээр сайдаар ажиллах нэг жил гаруйн хугацаандаа “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийг харьцуулахад хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ.

 Мөн Сovid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг хаасан хүндрэлүүд боловсролын салбарт гарч цахим хичээлийг нэвтрүүлсэн.

Түүнчлэн соёлын салбарын хэд хэдэн хуулийг батлуулснаас гадна соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтыг тэрбээр сайдаар ажиллаж байхдаа нэмэгдүүлж,  Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ын барилгын зургийг эхлүүлж, хөрөнгийн тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргах ажлыг эхлүүлсэн.

 Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгуудын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл байв. Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, газар дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан нь соёлын өвийг устгалаа гэсэн эсэргүүцэгчид гарч ирсэн.  БШУ-ны сайдын хувьд Ё.Баатарбилэг үүнд тайлбар хийж, “Музейн барилгыг буулгаж, шинээр Чингис хааны музей байгуулахаас өөр арга байхгүй. Техникийн норм, барилгын стандарт бүгд зөрчигдсөн. Энэ барилга нурах хэмжээнд хүрчихээд байхад улстөржүүлж, санаатай санаагүй мушгин гуйвуулж соёлын үнэт өв мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна” гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Ямартай ч археологич-антропологич мэргэжилтэй түүний хувьд музей, соёлын өвд ихээхэн анхаарсан сайд байлаа.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
  • 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
  • 2002 онд МУИС-ийн нийгмийн ухааны факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
  • 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
  • 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

2009 онд Алтан гадас одон

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж