Сүүлийн үед хүн төрөлхтний тамхинд хандах хандлага эрс өөрчлөгдөж байгааг эрдэмтэд онцолжээ. Тодруулбал, хэдэн жилийн өмнө хүмүүс гэртээ, албан өрөөндөө, олон нийтийн газар, нийтийн тээвэр гээд хүссэн газартаа тамхи татдаг байв. Тухайн үед хүмүүс тамхины хор хөнөөлийг төдийлөн сайн мэддэггүй байсан нь үүнд хамаатай хэмээн зарим мэргэжилтнүүд тайлбарладаг.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс тамхины хор хөнөөлийг маш сайн мэддэг болж, тамхины цэгүүдийг цөөлж, зарим оронд хуульчилж, залууст тамхи татахгүй байхыг уриалдаг болсон. Түүнчлэн хүмүүс өөрсдөө ч эрүүл мэндээ бодон тамхинаас гарч, зарим нь өөр зүйлээр орлуулдаг болжээ. Харин эрдэмтдийн тооцоолж байгаагаар 10-20 жилийн дараа тамхи татахаас бүрэн татгалзсан “тамхигүй залуус”-ын бүтэн үе төрөх аж. Тухайлбал, Засгийн газрууд тамхигүй бүсүүдийн тоог олшруулж, компаниуд тамхийг орлох олон шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа зэргээс шалтгаалж тамхи татах сонирхолтой хүний тоо цөөрөх аж.
Jefferies төвийн судлаач Оуэн Беннет Medical Xpress сэтгүүлд “Эрх баригчдын үйл хэрэг, технологийн дэвшил зэргээс шалтгаалан олон оронд огт тамхи татдаггүй бүтэн үе төрөх боломж бүрджээ. Хэрвээ энэ бүхэн биелэлээ олбол тамхинаас үүддэг олон өвчин том асуудал байхаа болих юм” хэмээн ярьжээ.
Түүнээс гадна өөр хэд хэдэн эх сурвалжууд ойрын ирээдүйд АНУ, Европын зарим орнууд, Австрали, Латин Америкт тамхи татдаг хүн үгүй болно хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлэх болсон байна.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ