Суэцийн сувгийг бөглөсөн Ever Given хөлгийг чөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Суэцийн сувгийг бөглөсөн Ever Given хөлгийг чөлөөлсөн гэв

Суэцийн сувгийг бөглөсөн Ever Given хөлгийг чөлөөлсөн гэв

Суэцийн сувгийг хөндөлсөж, олон улсын бараа тээврийг долоо хоног гацаасан Ever Given хөлгийг өнөөдөр/2021.3.29/ чөлөөлсөн талаар Египетийн эрх баригчид албан ёсоор мэдээллээ. Ингэснээр олон хоногоор гацсан ачааны хөлгүүд тээврээ цааш үргэлжлүүлэх боломжтой болж байна. Эх сурвалжуудын баталснаар хөлгийг нутгийн цагаар 04:30 цаг (Улаанбаатарын цагаар 10:30)-т  чөлөөлсөн аж. Түүнчлэн нутгийн цагаар 11:00 цаг (Улаанбаатарын цагаар 17:00) гэхэд Суэцийн суваг хэвийн ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Суэцийн сувгийн удирдах газрын дарга асан, сувгийн үйл ажиллагааны зөвлөх Мохаб Мамишийн хэлснээр Ever Given хөлгийг чөлөөлөх явцад үүссэн эвдрэлүүдийг хэзээ, хэрхэн засч болох талаар судалж байгаа аж.

Гэвч олон улсын зарим мэдээллийн хэрэгслүүдээр “Ever Given хөлгийг бүрэн чөлөөлөөгүй. Зарим хэсгийг нь амжилттай чөлөөлж чадсан ч сувгийг бүрэн нээхэд хангалтгүй” хэмээн мэдээлж байна.

Эргэн санавал бараг долоо хоногийн өмнө асар том хэмжээтэй Ever Given хөлөг сувгийн эрэг рүү хазайж, эрэг мөргөн гацсанаар ардаа явсан олон хөлгийг гарах гарцгүй гацаасан билээ. Түүний уршгаар өдөр бүр 9 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа хүрэх ёстой газартаа хүрэлгүй саатаад байсан юм.

Тус хөлгөөс болж, бараа ачсан 367 хөлөг гарах гарцгүй болоод байв. Ever Given хөлгийг чөлөөлөхийн тулд 10 гаруй моторт завиар татах, эргэн тойрны элс, шаврыг ухах, соруулах зэрэг арга хэрэглэжээ. Үр дүнд нь нийт 27000 шоо метр шавар ухаж, хөлгийн үзүүр хэсэг чөлөөлөгдсөн байна. Гэвч мэргэжилтнүүдийн сануулснаар 400 метр урт, 220 мянган тонн жинтэй хөлгийг суллахад эдгээр аргууд нь ямар ч үр дүнгүй гэжээ. Тиймээс мэргэжилтнүүд хөлгийг чөлөөлөхийн тулд ачааны хэсгээс 20 мянган чингэлгийг буулган, жинг нь хасах шаардлагатай хэмээн зөвлөсөн юм. Хөлгийн багийнхны мэдээлснээр Ever Given хөлгийн хөдөлгүүр ноцтой гэмтээгүй тул чөлөөлөгдмөгцөө цаашид асуудалгүйгээр зорчих боломжтой аж.

Эх сурвалж: CBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж