Ц.Нямдоржийн шинэ дүр төрх & хуучин улс төр

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн шинэ дүр төрх & хуучин улс төр

Ц.Нямдоржийн шинэ дүр төрх & хуучин улс төр

Сүхбаатарын талбайд майхантай өлсгөлөн зарлаж буй, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл эдлэж байгаа Т.Чимгээгийн ахтай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрөгч Ням гаригт очиж уулзжээ. Ноосон хар малгай өмсөж, хөлдөө пүүз угласан Ц.Нямдорж ЗГХЭГ-ын даргын хувиар  уулзсан уу, эсвэл хувь хүнийхээ үүднээс сонирхож очсон уу, тодорхойгүй. Өмнө нь өчнөөн хүн төв талбайд “өлсдөг” байсан, Ц.Нямдорж үзэгддэг ч үгүй  байв.

 Түүний шинэ имижийг харахад жирийн нэгэн тэтгэврийн насны гэмгүй өвгөн.  Бүр “ядарсан” ч гэмээр дүр төрх.  Гэвч энэхүү “өнгөлөн далдлалт”-ын ард  Ц.Нямдоржийн өнөө нэг өс хонзонтой улс төр өндрөө авч байх шиг. Ц.Нямдорж хуулийн сайд байхдаа ч ганцхан хэрэгт анхаарч ирсэн нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт гурван шатны шүүхээс ял шийтгэл авсан гэмт хэрэгтнүүдийг эрүүдсэн шүүсэн асуудал.  Насаараа хуулийн салбарыг толгойлж, насаараа хууль батлаж явсан Ц.Нямдорж  сайд үнэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар  гэмт хэрэгтэн биш гэж үзэж байгаа бол түүнийгээ хуулийн дагуу нотлох ёстой. Түүнээс Т.Чимгээг эрүүдэн шүүсэн учраас сулла гэж утга учиргүй улс төр хийх ёсгүй юм.

 Өмнө нь Ж.Батзандан, Л.Болдын хоёрын гүйцэтгэж ирсэн жүжгийн туслах дүрүүд өөрчлөгдөж, өнөөдөр тэдний “залгамж халаа”-гаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг хоёр тодорчээ.  Тэд Т.Чимгээгийн асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтэй гэв. Ийнхүү Б.Хурц гэгч экс тагнуулчийг  Ц.Нямдорж хоёр дахь удаагаа нийтийн сонсголоор "шүүх"-ийг хүсчээ.

Үүний өмнө Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохтой холбоотойгоор нийтийн сонсгол нэг удаа явуулж байсан, Ж.Батзандангийн хүсэлтээр.  Энэ удаад “хүсэлт гаргагч”-аа Ц.Нямдорж өөрчилсөн нь энэ.

    Анхан болон давж заалдах шатны шүүх захиалгаар, онц харгис хэрцгий аргаар бүлэглэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн О нарын дөрвөн  хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд  24 жил хорих ял  оногдуулсан байдаг. Харин Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын хорих ялыг 20 жил болгон өөрчилсөн юм.

Тэгэхээр Ц.Нямдорж гурван шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэр Т.Чимгээг хэлмэгдүүлсэн гэж үзэж буй аваас түүнийг баримтаар нотлох шаардлагатай. Үүнийгээ ч хуулийн сайд дөрвөнтөө хийсэн хүн гадарлах биш доторлож суугаа.
Тэгэхээр Засгийн газрын сайдын ажлаа өгөөд Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр ажиллаж гэм буруугүйг нь тогтоож өгөх боломж Ц.Нямдоржид  бий.
Бүүр хүсвэл ЗГХЭГ-ын даргын хувиар С.Зоригийн хэргийг бүхэлд төрийн нууцаас гаргах хүсэлт гаргаж болно, эрх нь ч бий. Түүнээс өөрт ашигтайгаа олон нийтэд дэлгэж улс төр хийгээд, өөрт ашиггүйгээ төрийн нууц нэрээр хав дарж  “гэмгүй өвгөний”  дүрд хувирах бүр хэрэггүй.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэлмэгдсэн, тэднийг эрүүдэн шүүсэн хоёр тэс өөр асуудал. Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудал нь түүнийг гэмт хэрэгтэн биш гэсэн нотолгоо болж чадахгүй.  Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шоронд очиж, Т.Чимгээтэй уулзахдаа “Бид гурван шатны шүүхийн асуудлыг яриагүй. Эрүүдэн шүүсэн асуудлыг хөндөж, шалгуулахыг хүсэж буй”-гаа хэлсэн билээ. Нэг ёсондоо, Т.Чимгээг гэм буруугүй гэж Х.Нямбаатар сайд үзэхгүй байгаа аж.

Эндээс харвал, Х. Нямбаатарт Т.Чимгээг суллах хүсэл байхгүй юм байна, харин Ц.Нямдоржид эрүүдэн шүүсэн гэх асуудлаар далимдуулж  захиалагчийн хэргийг замхруулах, эртний өстөн Б.Хурцыг шоронд хийх хүсэл байна.

Ц.Нямдорж сайд болох бүрт С.Зоригийн хэрэг улс төрийн сэдэв болж хувирдаг. Энэ талаар Б.Хурц ажлаасаа чөлөөлөгдөхийн өмнө “С.Зоригийн амь намыг хөнөөсөн хэргийг шалгах ажлыг хэсгийг Ц.Нямдорж дөрвөн удаа тараасан” гэж байв.  Үүнийг батлах мэт, өнгөрсөн өвөл Ц.Нямдорж засагт орж ирэнгүүтээ л С.Зоригийн хэргийг дахин улс төрийн сэдэв болгон хувиргачихлаа.  Ерөнхий сайдыг хүртэл өөрийн тоглоомдоо татан оролцуулж, Т.Чимгээ дээр аваачиж уулзуулсан нь Ц.Нямдоржийн дэглэсэн “драм” байв.

Шуналгүй, гэмгүй, шударга өвгөний дүрд хувирсан Ц.Нямдорж улс төрд байгаа цагт С.Зоригийн сүнс амирлаж чадахгүй нь дэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
28
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж