“Хязгаар тогтоохгүй бол 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

“Хязгаар тогтоохгүй бол 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой"

“Хязгаар тогтоохгүй бол 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой"

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд эрдэс баялгийн гол худалдан авагч нь БНХАУ байдаг. Гэвч дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш тус улс  нүүрсний хэрэглээгээ бууруулсан нь Монгол Улсын хувьд хар алтны экспорт буурах үндсэн шалтгаан болсон юм. Иймээс 2021 он гарснаас хойш нүүрсний экспорт ямар байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Дотоодод Сovid-19-ийн халдвар нэмэгдэхийн хэрээр нүүрсний экспортод эрсдэл нүүрлэх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байгаа юу.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт хэр байна?

-Эхний гурван сард  6.4 сая нүүрс экспортолсон.  Энэ нь өмнөх оны  мөн үетэй харьцуулахад 3.4 сая тонноор өссөн буюу 2.1 дахин их нүүрс экспортолжээ. Хоёр жилийн өмнө, Сovid-19 тархаагүй  2019 оны үетэй харьцуулахад 328.1 мянган тонноор буюу 4.9 хувиар бага нүүрсийг экспортолсон.

-Экспортын бүтээгдэхүүнүүд гаалиар гарахад хүндрэл чирэгдэл хэр учирч байна?

-Гаалийн байгууллага дээр үүссэн асуудал, хүндрэл байхгүй. Гаалийн газар, хороодод ажиллаж байгаа нийт алба хаагчид Covid-19-ийн үед ажиллах халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон ажиллаж байна.

-Улсын төсөвт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.  Гэхдээ цар тахлаас шалтгаалаад Монгол Улсын хувьд  Хятадад хэр хэмжээний нүүрс экспортлох боломжтой байна?

-Монголын гаалийн байгууллагаас аль болох нүүрсний экспортыг гацаахгүй, хэвийн явуулахад анхаарч ажиллаж байна. Covid-19-ийн тархалт нүүрсний экспортод нөлөөлөхгүй, БНХАУ-аас  ямар нэгэн хязгаар тогтоохгүй бол 36 сая тонн түүнээс дээш хэмжээгээр экспортлох  бүрэн боломжтой. Бид 2021 онд өмнөх 2020 онтой харьцуулахад 4-6 орчим хувиар илүү буюу 30 орчим сая тонн нүүрс экспортлох болов уу гэж тооцож байна.

-Хил дээр нүүрс тээвэрлэлтийн дараалал хэр үүсч байгаа вэ. Түүнчлэн зэсийн баяжмалын экспорт хэр байна. "Оюутолгой" компани болон "Эрдэнэт" үйлдвэрт халдвар илэрсэн. Энэ нь зэсийн экспортод сөргөөр нөлөөлж байна уу? 

-Нүүрс экспортолдог  манай улсын гол боомт бол Гашуунсухайт.  Тус боомтоор сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын талаас өдөрт 30 жолоочоос PCR шинжилгээ авч, хариу гарсан үед хил нэвтрүүлж байгаа гэх мэдээлэл авсан. Шивээхүрэнгийн боомтоор өдөрт дунджаар 350-400 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна.  Долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригуудад жолооч нар PCR шинжилгээ өгч тус боомтоор хил нэвтэрч байгаа юм билээ. Замын -Үүдийн боомтоор таван автомашин, 73 вагон бүтээгдэхүүн экспортод гарсан.  Ханги боомтоор 43, Ховдын Булган боомтоор 46 тээврийн хэрэгсэл нүүрсний экспорт хийж байна.

Гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг үнийн дүнгээр авч үзвэл чулуун нүүрс 34.7, зэсийн баяжмал 31.6, төмрийн хүдэр 11.6, түүхий нефть 3.8 хувь буюу нийт экспортын 81.6 хувийг эдгээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Он гарсаар 606.0 сая ам долларын үнийн дүн бүхий 306.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлогдсон байна.

-Хилийн авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхэлж яваа  жолооч нарыг халдвараас хэр хамгаалж байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг халдвараас хамгаалах нь бараг төрийн бодлого болсон?

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулах түр журам гарсан. Энэ журмын дагуу халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдүүлж, дотоодын болон улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарыг хоорондоо хавьтал болгохоос сэргийлж, хяналт тавьж ажиллаж байна.  Гаалийн газар, бүх хороод УОК болон ГЕГ-ын даргын албан даалгаврын дагуу халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.

-БНХАУ-д үйлдвэрлэсэн  вакцин хийлгэсэн жолооч нарыг  гаалиар нэвтрүүлнэ гэдэг шаардлагыг Хятадын талаас тавьж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Мөн Гашуунсухайтын боомтоор Монгол жолооч нар нүүрс ачин хил давахгүйгээр гаалийн хяналтын бүсээс Хятадын тал ирж авч байгаа гэх мэдээлэл байна?

-Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоос авсан мэдээллийн дагуу БНХАУ-ын гаалийн байгууллагаас хятад вакцин тариулсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан зүйл байхгүй гэсэн.  Монгол талын нүүрс тээврийн жолооч нар өөрсдөө хил нэвтэрч, тээврээ хийж байгаа.

-Өмнөх оны нэгдсэн дүнгээр нийт экспортын хэдэн хувийг нүүрс эзэлсэн бэ. Цаашид нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх боломжтой юу?

-Нийт дүнгээр өнгөрсөн онд 2.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 28.6 сая тонн чулуун нүүрс, 2.9 сая ам долларын 90.0 мянган тонн хүрэн нүүрс экспортлогдсон. Харин үнийн дүнгээр авч үзвэл нийт экспортын 28.0 хувийг нүүрсний экспорт эзэлсэн байдаг. Монгол Улсын гаалийн байгууллагаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хэвийн үргэлжлүүлэх чиглэлд бүхий л бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж