Шороон шуурганаас болж Бээжин, Сөүл дахин бэлэн байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Шороон шуурганаас болж Бээжин, Сөүл дахин бэлэн байдал зарлав

Шороон шуурганаас болж Бээжин, Сөүл дахин бэлэн байдал зарлав

БНХАУ-ын нийслэл Бээжин тэргүүтэй хэд хэдэн хотуудад Монголоос чиглэлтэй шороон шуурганаас болж өчигдөр/2021.3.28/ шар түвшний бэлэн байдал зарлав. Шороон шуургатай холбоотойгоор агаарын чанар хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа аюултай хэмжээнд хүрсэн нь энэ аж.

Шуурганаас болж Хятадын зарим хотуудад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрх баригчид иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Бээжин дэх агаарын чанарын индекс хамгийн ноцтой буюу 500-д хүрсэн байна. Түүнчлэн агаар дахь РМ10 тоосонцрын хэмжээ нэг шоо метрт 2000 микрограм, РМ2.5 тоосонцор 300 микрограмаас давжээ. Харьцуулж үзвэл Бээжинд хэвийн үед РМ2.5 тоосонцор нэг шоо метрт 35 микрограм байдаг аж.

Харин БНСУ-ын нийслэл Сөүл болон бусад хэд хэдэн хотод өнөөдөр/2021.3.29/ мөн ижил шалтгаанаар агаарын чанар “маш муу” түвшинд хүрч, 23 хотод бэлэн байдал зарлажээ. Сөүлийн байгаль орчны яамны байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн тооцоолсноор өнөө өглөө Сөүлд РМ10 тоосонцор нэг шоо метрт 522 микрограм, зарим нутгуудаар 840 микрограм, РМ2.5 тоосонцор Сөүлд 96 микрограм, Кёнгид 107 микрограм болжээ. Энэ нь Сөүлийн хувьд агаар дахь тоосонцрын хэмжээ энгийн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мэргэжилтнүүдийн хэлснээр РМ10 тоосонцор уушгинд хөнөөлтэй бол РМ2.5 тоосонцор маш жижиг ширхэгтэй тул цусны эргэлтэд нэвтрэн, тархинд хүртэл нөлөөлдөг, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна.

Хятадын цаг уурын албаны зүгээс шороон шуурга нь Монголд энэ сарын 26-нд болсон шуурганаас эхлэлтэй хэмээн үзжээ. Тэдний тайлбарласнаар Монголд цаг агаар дулаарч, хур тундасны хэмжээ багассан нь шороон шуурга үүсэх хамгийн том шалтгаан болсон. Ирэх дөрөвдүгээр сард хэд хэдэн шороон шуурга дэгдэж болзошгүй. Харин Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд шороон шуурга ноцтой аюултай хэмжээнд хүрэхэд Хятадын хуурайшилттай нутгуудын шар шороо нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж.

БНСУ-ын Байгаль орчны яамны тайлбарласнаар нарийн тоос, хэт нарийн тоос, шар тоос зэрэг нь бүгд хоорондоо ялгаатай. Тухайлбал, нарийн тоос бол РМ10 буюу 10 микрометр (нэг микрометр нь нэг метрийг сая хуваасны нэгтэй тэнцэнэ) хэмжээтэй гэнэ. Харин хэт нарийн тоос бол РМ2.5 буюу 2.5 микрометр хэмжээтэй тоосонцорыг нэрлэдэг аж. Харьцуулж үзвэл РМ10 тоосонцор хүний үсний ширхэгийн диаметрийг тав хуваасантай дүйцэх бол РМ2.5 тоосонцор 20 хуваасны нэгтэй ойролцоо юм.

Нарийн тоосны найрлага тухайн нутгийнхаа улирал, цаг агаарын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг ч ихэнхдээ агаар бохирдуулагч бусад элементтэй нэгдсэн сульфат, нитратаас тогтдог байна. Бусад элемент гэдэгт нүүрс, газрын тос гэх мэт газрын гүнээс гарган авсан түлшийг шатаахад ялгарсан нүүрстөрөгч, тортог орж байгаа юм.

Харин шар тоос бол Хятадын хойд нутаг болон Монголын цөлжиж буй говь нутагт их хэмжээгээр байдаг бөгөөд хүчтэй шуурганы нөлөөгөөр ихэнхдээ Өмнөд Солонгос руу чиглэн хийсдэг аж. Шар тоос  агаарын бохирдол гэхээс илүү хөрсний бүрдэл хэсэг гэгддэг ч хэмжээний хувьд РМ10 тоосонцортой дүйдэг аж.

Эх сурвалж: REUTERS YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж