Үндэсний аудитын газраас Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд хяналт, шалгалт хийжээ. Энэхүү аудитаар цуглуулсан нотлох зүйлд үндэслэн дүгнэлт гаргаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт найман зөвлөмж хүргүүлжээ.
Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтийг үзэхэд “МҮОХ-нь нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах, Монгол Улсыг Олон улсын олимпийн хороонд төлөөлөх онцгой эрхтэй байгууллага болохын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу гишүүн холбоодын төлөөллийн шийдвэрээр бүртгүүлэхээр заасан ч улсын бүртгэлд 100 хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагчаар нэг гишүүн /иргэн Д.Загдсүрэн/ бүртгэлтэй байгаа нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна” гэж үзсэн нь анхаарал татаж байна.
Угтаа МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь өнгөрсөн 2019 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, 2020 оны МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр нь сонгогдсон билээ. Гэтэл өдийг хүртэл улсын бүртгэлд МҮОХ-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар нь Д.Загдсүрэн бүртгэлтэй байгаа аж. Үүний хариуд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “МҮОХ-ны үүсгэн байгуулагч, гишүүдийн асуудлыг хурлаар хэлэлцэж, шинэчилсэн бүртгэлд хамруулах, гэрчилгээ авах тал дээр арга хэмжээ авна” хэмээжээ.
Д.Загдсүрэнгийн хувьд хууль тогтоомж дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын хууль ёсны эрх ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцогдож, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхээ хоёр жилээр хасуулж, гурван жилийн хорих ялаар шийтгэгджээ. Гэвч биеийн байдал нь тааруу, байнгын эмнэлгийн хяналтанд эмчилгээтэй байдаг аж.
Аудитаар хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг МҮОХ-ны ерөнхийлөгчид зөвлөжээ.
Холбоотой мэдээ