Э.Тэмүүлэн: Covid-19 халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.29-нд нийтлэгдсэн

Э.Тэмүүлэн: Covid-19 халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, March 28, 2021

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.03.29/ мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН: 

-Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 15 лабораторид 13210 сорьцод шинжилгээ хийхэд Covid-19 халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 7589 боллоо. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрлээ.  Сүүлийн 24 цагт 185 хүн эмчлэгдэж гарлаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 400 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 6468 боллоо. Аймгуудад илэрсэн тохиолдлыг дурдвал:

  • Төв аймагт-86 нэмэгдэж 147
  • Баянхонгор аймагт-1 нэмэгдэж нийт 11
  • Архангай аймагт- 4 нэмэгдэж нийт 41
  • Өвөрхангай аймагт-20 нэмэгдэж нийт 65
  • Орхон аймагт- 15 нэмэгдэж нийт 86
  • Сэлэнгэ аймагт-2 нэмэгдэж нийт 219
  • Дархан-Уул аймагт-15 нэмэгдэж нийт 100
  • Булган аймагт-19 нэмэгдэж нийт 20
  • Завхан аймагт-2 нэмэгдэж нийт 9
  • Хэнтий аймагт-4 нэмэгдэж нийт 10
  • Хөвсгөл аймагт-6 нэмэгдэж нийт 29 тохиолдол боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4711 хүрлээ.

Улсын хэмжээнд Covid-19 халдварын улмаас 1693 хүн эмчлүүлж байна. Тэднээс биеийн байдал хөнгөн 1436, хүндэвтэр 219, хүнд 27, маш хүнд оноштой есөн хүн байгаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

-Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар сарын 28-нд дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 279068 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Одоогийн байдлаар зорилтот бүлгийн 55 хувийг дархлаажуулсан. Мөн 18-аас дээш насны хоёр сая иргэний долоон хүн тутмын нэгийг вакцинд хамруулсан байна. Энэ нь дэлхий дахины үзүүлэлтээр дээгүүрт бичигдэж байгаа юм.

Засгийн газрын худалдан авахаар төлөвлөж байгаа вакцин дээр ирэх дөрөвдүгээр сард нийт 900 мянган хүн тун Синофарм вакцин  нэмэгдэж ирнэ. Мөн Спутник V вакцин нэг сая тун ирнэ. Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Синофарм вакцин, дөрөвдүгээр сарын 23-наас АстраЗенека вакцины давтан тунг хийж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Вакцины найрлагыг нээлттэй тавьж болох уу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА: Вакцины найрлагыг интернэтээс харах бүрэн боломжтой. Манайд ашиглаж байгаа дөрвөн төрлийн вакцины үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг вэб сайт руу орж авах боломжтой. Вакцины найрлага, савлалт, тун, эсрэг заалт, үүсч болох хүндрэл, хадгалалтын нөхцөл зэргийг бүх л вэб сайтуудаас харах боломжтой.

-Элэгний В, С. Д вирустэй хүн вакцин хийлгэж болох эсэхэд маргаан үүсч байна. Вакцины хориглох заалтыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Вакцинд эсрэг заалт болон анхааруулга гэсэн хоёр асуулт байдаг. Эсрэг заалт нь харшлын өгүүлэмжтэй, өмнө нь вакцины урвал үзүүлж байсан, сүүлийн нэг жилийн дотор таталт өгч байсан, жирэмсэн, цочмог халдварт өвчтэй хүнд тухайн вакциныг хийж болохгүй гэж заасан байдаг. Монголчуудын дунд В, С вирус элбэг байдаг. Олонх нь архаг хэлбэртэй байдаг. Харин цочмог хэлбэрээр илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлдэг. Иймээс цочмог хэлбэрийн халдварт өвчинтэй хүмүүс вакцин хийлгэж болохгүй. Харин эмчийн үзлэгийн явцад тухайн иргэнийг вакцин хийлгэж болох эсэхийг шийддэг. Дархлааны дутмагшилтай, гормоны эмчилгээтэй, дархлаа дарангуйлах болон сэргээн эмчилгээ хийлгэж байгаа болон цус бүлэгнэлийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа иргэд вакцин хийлгэхдээ анхаарах ёстой.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хувийн эмнэлэгт вакцинжуулалт хийж байгаа вэ. Мөн вакцин оруулж ирэхээр хүсэлтээ өгсөн хэчнээн эмнэлэг, эмийн үйлдвэр байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар “Монгол эм импекс” компанийн оруулж ирсэн вакциныг Интермед эмнэлэг хийж байгаа. Мөн “Монос”, “Ач үр” зэрэг эмийн үйлдвэрүүд вакцин оруулж ирэх материалаа бэлдэж байна.

-65-аас дээш насны хүмүүст вакцин хийж эхэлсэн үү?

-65-аас дээш насны иргэд вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн байгаа. Тухайн иргэд харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой.

-Covid-19-ийг шүлснээс дээж аван илрүүлэх оношлуурыг хэзээнээс хэрэглээнд гаргах вэ?

-Анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд шүлснээс дээж авч илрүүлэх оношлуурын судалгааг хийж байгаа. Уг ажил одоогоор эцэслэгдээгүй байна. Оношлуураар хамар залгиураас шинжилгээ авна. Энэ нь түргэвчилсэн шинжилгээ биш, PCR-тай адил төвшний оношлуур.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг хэрхэн, яаж шуурхай тогтоодог бэ?

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:  Манай улсад олон салбарын хамтын ажиллагааны дүнд хавьтлуудаг маш шуурхай олж илрүүлдэг. Түүнийг хэмждэг үзүүлэлт нь Covid-19 халдвар батлагдсанаас хойш 48 цагийн дотор 90-өөс дээш хувийн ойрын хавьтлыг илрүүлж чадаж байвал маш сайн үзүүлэлт гэж үздэг. Саяхныг хүртэл энэ үзүүлэлт маш өндөр хувьтай байсан. Сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо түүнтэй уялдаад халдварын ойрын хавьтлыг олноор тогтооход хүрч байгаа. Хавьтлуудыг илүү сайн тогтоохын тулд хоёр зохицуулалт хийж ажиллаж байна. Нэгдүгээрт, хүний нөөцөө нэмж байна. Хоёрдугаарт, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллан, хавьтлуудыг тогтоож байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж